22 настай бүсгүй юуны учир амиа хорлов

Сүүлийн үед өсвөр насныхан болоод залуучуудын дунд амиа хорлолт ихэсч байгааг албаныхан анхааруулсаар байгаа. Тэднийг сэтгэл санааны тогтворгүй байдал, нийгмийн сөрөг муу нөлөөнөөс болж ихэнхдээ амиа хорлох болсон хэмээн сэтгэл зүйчид хэлж байгаа юм. Гэвч томчууд ч гэсэн тэднийг амиа хорлох үйлдэл рүү түлхэж байгааг тэр бүр ярьж, хэлэхгүй байгаа нь энэ үйлдлийг таслан зогсооход саад учруулж буйг зарим хүмүүс хэлж байна.

Тухайлбал хамгийн сүүлийн нэгэн жишээг дурдахад энэ сарын 6-ны өдөр буюу мягмар гарагт Баянгол дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт 22 настай Ж гэх бүсгүй өөрийн амьдардаг “Нарны хороолол” хотхоны 22 давхарын салхивчаар үсэрч амиа хорлосон хэрэг гарчээ. Одоогоор талийгаач яагаад амиа алдах болсон шалтгаан нь тодорхойгүй байгаа бөгөөд хэргийг цагдаагийн байгууллага шалгаж мөрдөн байцаалтаар тодорхой болгох аж.

Харин эх сурвалжуудын мэдээлж буйгаар талийгаач бүсгүйг нэгэн компанийн захирах амиа хорлоход хүргэсэн байж болзошгүй байна. Тодруулбал, талийгаачтай ойр дотно байсан гэх нэгэн хүн олон нийтийн цахим сүлжээнд “Энэ талаар эрэн сурвалжлах хийх хүн байна уу... Яг яахаа, хаана хандахаа, хэнд гомдохоо мэдэхгүй байна.

22 настай охины сүүлчийн хүсэл нь юу байсныг ч сонсож амжсангүй. Миний амжаагүй, түүндээ хийж өгөөгүй бүхэн юу ч биш. Тэр минь гэрлэж, ээж болж, үр ачаа харж чадсангүй. 22 давхар дээрээс хийсэн одож үлдэж хоцорсон ах дүү, найз нөхдийнхөө сэтгэл зүрхийг өмлөөд энэ хорвоогоос үүрд буцлаа. Өөрөөсөө өндөр цонх өөд ганцхан харайгаад /өлмийнх нь мөр хананд үлджээ/ агаарын тамирчин шиг өөр ул мөргүйгээр үүрсэн цүнхтэйгээ нисчихлээ. Энгийн нэгэн амиа хорлолт болж харагдуулах бүхнийг хийсэн ч, хана зуурч тэмцсэн хумс хурууны ормыг мартсан бололтой. Маргааш тэр хананы сорви байхгүй ч байж мэднэ.

“Надад хууль үйлчлэхгүй, чи цагдаад өргөдөл өгөөд нэмэргүй” гэж суусан хормойн донтой “Coxо Мебель” ХХК -ийн захирлыг би хардаж байна. Үнэхээр түүнд хууль үйлчилдэггүй, хүний амь утас таслахын төдийд хийсэн оддог юм гэж үү. Өөрөөсөө өндөр цонхонд шууд харайж гараад уруугаа харж нисдэг тийм “хорлогч ” байдаггүйг мартсан бололтой.

Тавдугаар сарын З1-ний өдөр ажлын өрөөнд нь хүчирхийлэх гэж завдаж, түүнийг эсэргүүцэхэд нүдийг нь хөхөртөл зоджээ. Охиныг зодуулж байхад хамт ажилладаг хүн нь захирлынхаа савраас түүнийг минь “аварч’’ зугтаалгасан байх юм. Хөх нүдэн охин захирлыгаа цагдаад өгч, өргөдөл бичсэн байна. Харин өргөдөл нь алга болчихсон. Баянгол дүүргийн цагдаад өгсөн өргөдлөө өөрөө авсан байна гээд “хүчингийн хэргийг хоохойлсон” тэр өдөр эвий сайхан бүсгүй дүү минь хорвоог орхилоо. Алга болсон өргөдлөө дахин бичиж өгөөд аль нэг тийшээ санд мэнд дуудагдаад...16 давхарт гарчээ. 15 минутын дараа 22 давхраас. Хайран амь. Энэ хэрэг дээр энгийн амиа хорлолт шиг эсвэл объект нь байхгүй хүчингийн хэрэг шиг хандаад хаагдчихвал өөр олон охин ахиад л “хийсэн одох” биз ээ. Ум сайн амгалан болтугай” хэмээн бичсэн юм.

Ямартай ч уг хэргийг цагдаагийн байгууллага шалгаж эхэлсэн.


Б.Сансар
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus