Ядуу хэрнээ сансарт ихийг зарцуулдаг ДӨРВӨН ШАЛТГААН

Энэтхэгийн сансар судлалын байгууллага (ISRO) 640 тонн жинтэй хамгийн хүнд пуужингаараа 3000 кг жинтэй хиймэл дагуул сансрын тойрогт гаргасан өдрийг түүхэн өдөр хэмээн нэрлэлээ.
 
Дуүрэн хүнтэй “Боинг 747” тавыг, эсвэл нас биед хүрсэн 200 зааныг нийлүүлсэнтэй тэнцэхүйц уг пуужинг өөрсдийн технологийг ашиглан хөөргөжээ. Энэхүү хөөргөлтийг хэдэн арван жилийн турш төлөвлөсөн юм.
 
Энэтхэг улсыг хүн амынх тал хувь нь нэн ядуу нөхцөлд аж төрж буй хүнд нөхцөлд сансрын төсөлд асар их зардал гаргаж байна гэж улс орнууд шүүмжилдэг билээ.


ХЯМД ТӨСӨЛ

 
Харин Энэтхэг улс энхийн зорилготой энэхүү арга хэмжээ нь тийм ч өндөр өртөгтэй бус гэж мэдэгдэж байна. Хиймэл дагуул бүхий пуужинг хөөргөхөд таван сая орчим ам.долларын зардал гаргасан гэнэ. Энэтхэг улс шинжлэх ухааны судалгаа, ялангуяа сансрын судалгаан дахь төсвөө жил бүр нэмэгдүүлдэг байна.
 

ӨСӨЖ БУЙ АЖ ҮЙЛДВЭР

 
АНУ, Франц, Орос улс хиймэл дагуулын зах зээлийн 75 орчим хувийг хянадаг бөгөөд энэ нь бараг зургаан тэрбум ам.доллараар үнэлэгддэг байна. Энэ зах зээл цаашид улам ашигтай байх төлөвтэй байгаа аж. Тиймээс Энэтхэг улс энэ зах зээлээс тодорхой хэмжээний хувь хүртэхээр тэмүүлж байгаа аж. “Сансрын эдийн засаг”-т хэдхэн килограмаас хэдэн зуун килограмм хүртэлх жинтэй хиймэл дагуул хөөргөх асуудал яригддаг. Хиймэл дагуулын аж үйлдвэрийн нийгэмлэгийн мэдээлснээр хэдэн тэрбумаар яригддаг энэ зах зээл дээр Энэтхэг улс 1.5 хувь хүрэхтэй үгүйтэй хувийг эзэлдэг бол Хятад улс гурван хувийг эзэмшдэг гэнэ.
 
Энэтхэг улс өнгөрсөн хугацаанд хиймэл дагуул хөөргөгч пуужинтай холбоотой хязгаарлалтаас болж үйлчлүүлэгчдээ татаж чадахгүй, ихэнх хөөргөлтөө Францаас шалтгаалан хийдэг байв. Тэгвэл одоо энэ асуудал ард хоцорчээ.


ЗАХ ЗЭЭЛИЙГ ЭЗЛЭХ ТӨЛӨВЛӨГӨӨТЭЙ

 
Цаг уурын, харилцаа холбооны ихэнх хиймэл дагуу дөрөв орчим тонн жинтэй байдаг. Эдгээрийг хөөргөхийн тулд асар том хэмжээний пуужин хэрэг болдог аж. Тэгвэл Энэтхэг улсын хамгийн сүүлд хөөргөсөн энэ пуужин олон улсад хямд зардлаар хөөргөж болдог гэдгийг харуулсан дохио болж чадлаа. Саяхан тус улс нэг удаагийн хөөргөлтөөр том жижиг нийлсэн 104 хиймэл дагуул сансарт гаргасан нь сансрын салбар дахь итгэлцлийг бэхжүүлсэн үйлдэл болсон юм.
 
Хиймэл дагуул бүтээх, хөөргөх, хоорондын холбоог нь дэмжих зэргийг багтаасан хиймэл дагуулын холбооны зах зээл 120 тэрбум ам.доллараар яригддаг бөгөөд сүүлийн жилүүдэд эрэлт өссөнтэй холбоотойгоор улам бүр нэмэгдэх төлөвтэй байна. Шинжээчдийн үзэж буйгаар Энэтхэг улс бага хүлээлттэйгээр хиймэл дагуул хөөргөлтийн салбарын төв болох төлөвтэй байгаа аж.
 

БУСАД ОРНЫГ ТАТАХ ЗОРИЛГОТОЙ

 
Энэтхэг нийгмийн хөгжил бусад орноос хоцрогдолтой байгаа энэ үед шинжлэх ухааны хөгжилд асар их зардал гаргаж байгаа нь хэр үр дүнтэй вэ гэдэг асуудалд шинжээчид шүүмжлэлтэй ханддаг. Тус улсад хэдэн сая хүн цэвэр, бохирын шугам, эрчим хүчинд холбогдоогүй бөгөөд орчин үеийн бие засах газар, автомашины зам болон төмөр зам муутай аж.
 
Гэвч Энэтхэгийн Засгийн газар шинжлэх ухаан, техникийн зардал нь нийгмийн хөгжлөө чирээд явна гэж баталдаг байна.
 
Үүнийгээ ч пуужингийн сүүлчийн хөөргөлтөөрөө баталжээ. Энэтхэг улс хөгжиж буй орнуудыг өөртөө татаж тус улсын сансрын аж үйлдвэрийг ашиглах боломжийг бүрдүүлнэ гэдэгтээ иттэлтэй байна. Тиймээс ч    тус улс хэдий шүүмжлэлд өртөж буй ч шинжлэх ухааны зардлаа өсгөж, өдгөө Сугар гараг руу нисэх төлөвлөгөө ч гаргажээ.

Өглөөний сонин
Э.Мөнхзаяа

Бусдад түгээх
  • gplus