Ломбардуудыг цэгцэлнэ гэв үү

Манай Улсад одоогоор 1500 гаруй ломбард буюу Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ үзүүлдэг газар бий. Тэдний үйл ажиллагаа өнөөдрийг хүртэл ямар ч зохицуулалт хяналтгүй. Ломбард бол иргэдийн хөрөнгийг багаар үнэлж барьцаанд авдаг, барьцаалж байгаа эд хөрөнгийн төрлөөс шалтгаалаад хүү болон хугацааг өөр өөрөөр тогтоодог, зээлдэгч зээлээ төлж чадахгүй тохиолдолд барьцаалсан эд хөрөнгийг худалдан борлуулахдаа эзэнд нь мэдэгддэггүй, эсхүл хэт бага үнээр худалддаг. Энэ үйл явцыг өөрсдийгөө хохиролгүй болгох үүднээс хэмээн тайлбар хийдэг. Маш олон гомдол маргаан дагуулдаг ч асуудлуудыг шийдвэрлэх эрх зүйн орчин байхгүй. Эцэст нь иргэд, хэрэглэгчид хохирч үлддэг.

Одоогоор манайд ломбардуудыг үйл ажиллагаанд цагдаа хяналт тавьдаг гэнэ. Энэ тухай өчигдрийн Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд оролцсон СЗХ-ын мэргэжилтэн дуулгав. Мөн тэрбээр цагдаагаас барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний орчин хуульчлахаар ажиллаж байгаа. Бид туслахад бэлэн хэмээн албаны үгийг дайлаа. Ломбард буюу барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагааг зохицуулах хууль гаргах бус журам гаргаад журмын хэрэгжилтийг хангах үүргийг харьяа дүүргийн Засаг даргад хариуцуулаад явдаг олон улсын жишиг байдаг байна. Яг одоо бол манайд энэ л жишиг үйлчилж байгаа.

Энд бас нэг онцлох ёстой зүйл бол Ломбардны өдрийн хүү 4,5. Жилдээ 75 хувь. Олон улсын хэмжээнд үүнийг мөнгө хүүлэлт гэж үздэг. Гэхдээ ломбард иргэдэд санхүүгийн үйлчилгээ үзүүлж байгаа. Ийм учраас ломбард, иргэд хоёрыг хохироогүй байх хууль зайлшгүй шаардлагатай. Нэг үгээр ломбард санхүүгийн үйлчилгээг иргэдэд хэрхэн хүртээмжтэй хүргэх талаас зохицуулалт хийх зайлшгүй шаардлага бий болоод байгааг албаныхан тайлбарлаж байна.

Өнгөрсөн парламент С.Дэмбэрэл ломбардны тухай хуулийн төсөл боловсруулсан ч, хуулийн төсөл хэлэлцүүлгийн шатанд очиж амжаагүй. Түүний хувьд Санхүүгийн зах зээлийн нэг оролцогч болох ломбард буюу барьцаалан зээлдэх журмаар зээл олгох үйл ажиллагааг эрхлэх этгээдийн үйл ажиллагаа маш дутмаг зохицуулалттай, ямар ч хяналтгүй байсаар байна. Хэдийгээр Иргэний хуулийн 286 дугаар зүйлд энэ талаарх зохицуулалт байгаа ч энэ үйл ажиллагааг даган үүсч байгаа нийгмийн бүх харилцааг бүрэн зохицуулж чадахгүй байгаагаас болж иргэд, хэрэглэгчид багагүй хохирч байгаа учир хуулийн төсөл боловсруулснаа хэлж байсан юм. Тухайлбал, иргэдийн хөрөнгийг үндэслэлгүй бага үнээр үнэлж барьцаанд авдаг, барьцаалсан эд хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, аюулгүй байдал хангалтгүй, барьцаалж байгаа эд хөрөнгийн төрлөөс шалтгаалаад хүү болон хугацааг өөр өөрөөр тогтоодог, зээлдэгч зээлээ төлж чадахгүй нөхцөл байдалд орсон тохиолдолд барьцаалагдсан эд хөрөнгийг худалдан борлуулахдаа эзэнд нь мэдэгддэггүй, эсхүл хэт бага үнээр худалддаг гэх мэт маш олон гомдол маргааныг дагуулсаар байна.

Иймд дээрх маргаан дагуулж байгаа асуудлуудыг шийдвэрлэх, тодорхой зохицуулалтгүй байгаа салбарыг зохицуулалттай болгох, нийгэмд бий болгож байгаа сөрөг үзэгдлийг арилгах хэрэгцээ, шаардлагын үүднээс ломбардны тухай хуулийн төсөл боловсруулах шаардлага тулгараад байгаа юм.

П.ГОО
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus