Хойд Солонгосын нүүрсний экспорт зогслоо

Өнгөрсөн дөрөвдүгээр сард Хойд Солонгос нүүрс огт экспортлоогүй гэж тус улсын эсрэг авсан хориг арга хэмжээний хэрэгжилтэд хяналтад тавьдаг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хороо мэдэгдлээ. Энэ нь Пхеньяны эсрэг авсан хориг арга хэмжээг БНХАУ тууштай дагаж мөрдөж эхэлсэнтэй холбоотой гэж тус хорооноос гаргасан тайланд дурьджээ.
 
Хойд Солонгос энэ оны хоёрдугаар сард 1.23 сая тн нүүрс экспортолсон бол гуравдугаар сард 6342 тн нүүрс экспортолсон байна. Нүүрсний экспорт нь Пхеньяны хувьд гадаад валютын гол эх үүсвэр юм. Гэхдээ тус улс нүүрсний экспортоос олсон орлогыг цөмийн болон пуужингийн  хөтөлбөрөө санхүүжүүлэхэд зарцуулж байсан юм.
 
Хойд Солонгосоос нүүрс экспортлохыг НҮБ-ын гишүүн бүх улс оронд хориглох тухай тогтоолыг2016 оны гуравдугаар сард Аюулгүйн Зөвлөл баталсан юм. Хойд Солонгос есдүгээр сард тав дахь удаагаа цөмийн туршилт хийсэнтэй холбогдуулан баталсан уг тогтоолд “НҮБ-ын гишүүн улс орнууд Хойд Солонгосоос жилд 7.5 сая тонн буюу 400 сая ам.долларын мөнгөн дүнгээс давсан хэмжээний нүүрс импортлохыг хориглоно” гэж заажээ. Энэ нь хориг арга хэмжээ авахаас өмнө тус улсаас импортолж байсан нүүрсний тал хүрэхгүй хувь юм.
 
БНХАУ бол Хойд Солонгосын нүүрсийг худалдан авдаг гол улс билээ. Тэд нүүрснээс гадна мөнгө, зэс, никель зэрэг ашигт малтмал импортлохыг мөн хориглосон байна. Харин “Хойд Солонгосын ард иргэдийн амьжиргааны төвшинг дээшлүүлэхэд туслах зорилгоор нүүрс экспортолж болно” гэсэн тогтоолын цоорхойг ашиглан Хятад улс нүүрс экспортолсоор байсан юм. Гэвч Пхеньян удаа дараалан баллистик пуужин харван өдөөн хатгалгаа зогсоохгүй байгаатай холбоотойгоор байр сууриа чангатган нүүрс экспортлохоо зогсоосон байж магадгүй гэж шинжээчид үзэж байгаа.
 
Нөгөөтэйгүүр, цөмийн зэвсгийн хөтөлбөрөө улам боловсронгуй болгосоор байгаа Пхеньянд илүү хүчтэй шахалт үзүүлэхийг тус улсын худалдааны хамгийн том түнш болох Хятад улсад АНУ уриалжээ. Үүний хариуд, 2017 оны эцэс хүртэл Хойд Солонгосоос нүүрс экспортлохгүй гэж Хятад улс өнгөрсөн хоёрдугаар сард мэдэгдсэн билээ.

Монголын мэдээ
Б.Даваа

Бусдад түгээх
  • gplus