Боловсролын салбар хэзээ сайдтай болох вэ

БСШУСЯ эзэнгүй, гэтэл салбарт нь ид ажил бужигнаж байна. Элсэлтийн шалгалт, сургууль төгсөгчдийн асуудал гээд өдийд өндийх завгүй болдог оргил үе нь. Энэ хаврын тухайд бол хөл, толгой нь мэдэгдэхгүй газар болж хувираад байна. Ерөнхий сайд хариуцлага тооцож байна гээд салбарын сайдыг нь огцруулсан. Мэдээж Ж.Батсуурь сайдад алдаа, оноо байсан л байх. Гэхдээ сонгуулийн өмнө түүнийг огцруулсан нь байгаа оносон гэхээс илүү 65 суудал авсан том нам хариуцлага ярьдаг, тооцдог гэдгээ харуулах гэсэн шоу хийлээ гэж харагдаад байгаа.
 
Салбарын сайдгүй болсон ч дэд сайд байгаа тохиолдолд боловсролын асуудал тэгтлээ унахгүй байх боломжтой. Гэтэл БСШУС-ын дэд сайд Ё.Отгонбаярыг АНУ-д суух Элчин сайдаар томилох Ерөнхийлөгчийн саналыг УИХ баталсан. Хэдийгээр Ё.Отгонбаяр томилолт өвөртөлсөн хүн тэнд очоод хийх ажлаа л эртнээс төлөвлөж, бэлтгэхээс илүү гарч боловсролын салбарт тэгтлээ анхаарна гэдэг юу л бол. Тэгээд ч буцах хүнээр ачаа бүү татуул гэж монголчууд хэлэлцдэг.
 
Эцэст нь Монголын боловсролын салбар эгзэгтэй үед эзэнгүй болчихоод байгаа нь хамгийн гол асуудал. Энэ салбар хэзээ сайд, дэд сайдтай болох вэ?
 
Ер нь бол УИХ-д 65 суудал авсан том нам, эрх баригч улс төрийн хүчинд ганц сайдыг томилох бол ганцхан өдрийн л ажил. Тэр тусмаа өөрсдийн хүссэн зүйлийг гэрлийн хурдаар шийдвэрлэдэг, эрх баригч нам Монголын боловсролын салбарыг тогтвортой байлгахад анхаараасай. Хүүхэд, залуус ирээдүйгээ шийддэг эмзэг торгон энэ л үед ирээдүйтэй, зөв шийдвэр гаргаасай гэсэн хүлээлт байна.


Зууны мэдээ
Ч.Зотол

Бусдад түгээх
  • gplus