Нийслэлд анх удаа Эрүүл мэндийн дэд хөтөлбөрийг баталлаа

Монгол хүний эрүүл мэнд сүүлийн жилүүдэд эрс муудаж эмнэлгүүдийн ачаалал нэмэгдэх болсныг хүн бүр мэднэ. Нийслэлд өмнө нь эрүүл мэндийн бодлогын баримт, бичиг байгаагүйн улмаас ийм байдалд хүрчээ. Монгол Улсын хүн амын дийлэнх нь оршин суудаг Улаанбаатар хотын хувьд ирэх жилүүдэд дээр, доргүй цөм эрүүл болохын төлөө ажиллахаар болж байна. Энэ асуудлыг шийдвэрлэхээр НИТХ-ын Тэргүүлэгчид өчигдөр  хуралдаж Эрүүл мэндийн дэд хөтөлбөрийг  баталлаа. Ингэснээр нийслэл түүхэндээ анх удаа иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах бодлогын бичиг баримттай болж байна.

2017-2020 онд хоёр үе шаттайгаар хэрэгжүүлэх энэхүү дэд хөтөлбөрийн санхүүжилтэд  785,2 тэрбум төгрөг шаардлагатай.  Улсын болон орон нутгийн төсөв, хандивлагчид, гадаад, дотоодын байгууллагын санхүүжилтээр шаардлагатай төсвийг бүрдүүлэнэ гэж хөтөлбөр боловсруулагчид ярьсан юм. Тухайлбал, Эрүүл мэндийн сайдын багцад Нийгмийн эрүүл мэндэд анхаарч, зарцуулах дээрх төсвийг суулгах зэргээр санхүүжилтийг гацаахгүй олон ажлыг эрэлхийлж буйгаа НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар хэлэв.  Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч дарга Ш.Анхмаа, “Нийслэлийн эрүүл мэндийн дэд хөтөлбөрийг боловсруулахад 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж, холбогдох яам, газар хэлтсүүдийн мэргэжилтнүүдийг хамруулан судалгаа явуулж, санал хүсэлтийг нь тусган, холбогдох хууль, төсөл, хөтөлбөртэй уялдуулсан” хэмээн ярилаа.



Тэргүүлэгчдийн хамгийн их анхаарлын төвд орсон мэдээлэл бол нийслэлд сүрьеэ өвчний тархалт, нас баралт нэмэгдсэн тухай байв. Улсын хэмжээнд сүрьеэгээр өвчлөгсдийн 30 хувь Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн иргэд байгаа нь анхаарал татаж байна. Тиймээс “Сүрьеэгүй Улаанбаатар” хөтөлбөрийг хэрэгжүүлэх цаг нь болсон хэмээн НИТХ-ын дарга Ц.Сандуй мэдэгдсэн. Тэрээр “Эрүүл мэндийн дэд хөтөлбөрийг нийслэлд хэрэгжүүлэхдээ өвчлөгсдийг эмчлэхийн зэрэгцээ өөрийгөө, өрх гэр бүлээ эрүүл авч явж байгаа иргэд, байгууллагуудыг урамшуулж, дэмжих ажлыг эхлүүлэх. Аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг түлхүү хийгээсэй. Өвчилснийх нь дараа ихээхэн мөнгө зарцуулж, эмнэлгүүдийн ачааллыг нэмэгдүүлж байхаар эрүүл монгол хүний хэв маягийг дэлгэрүүлж, сүүлийн үед тархаад байгаа өвчнүүдээс яаж урьдчилан сэргийлэх ажлын сурталчилгаанд анхаараарай. Энэ хөтөлбөрийг цаасан дээр үлдээлгүй амьдрал дээр хэрэгжүүлэхэд бүх шатанд анхаарч эрүүл монгол хүний төлөө ажиллаарай” хэмээн саналаа хэлсэн. Нийслэлийн Эрүүл мэндийн дэд хөтөлбөрийг Тэргүүлэгчид “сайн хөтөлбөр болжээ” хэмээн ам сайтай байсан.

Нийслэлийн Эрүүл мэндийн дэд хөтөлбөрийг Тэргүүлэгчид батлах үеэр Ц.Сандуй, “Өргөө” амаржих газарт Австралийн Мельбурн хотын эмнэлгийн буцалтгүй тусламжаар ирэх дурангийн мэс заслын аппарат, дагалдах тоног төхөөрөмжийн замын зардлын асуудлыг НИТХ-ын Тэргүүлэгчид шийдвэрлэсэн зэргээр эрүүл монгол хүний төлөө олон сайхан ажил хийж байгаа талаар мэдээлсэн юм.  

Бусдад түгээх
  • gplus