Эндэгдэлд өртөж байгаа эхчүүдийн 60 хувь нь ажилгүй, орлогогүй байна

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо Эрүүл мэндийн яамтай хамтран өнөөдөр “Эх, хүүхдийн эрүүл мэнд” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. “Улсын Их Хурлаас баталсан Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” урт хугацааны баримт бичигт 2030 он гэхэд эх, хүүхдийн эндэгдлийн түвшинг бууруулах зорилтыг тавин ажиллаж байгаа аж. Энэхүү зорилтод хүрэхийн тулд эх барих, эмэгтэйчүүд, хүүхдийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэн, байгууллагын үүрэг хариуцлага, бусад салбарын хамтын ажиллагааг сайжруулах, хариуцлагыг тодорхойлох эрх зүйн орчныг бүрдүүлэх нь нэн чухал. Тэрхүү эрх зүйн орчныг бүрдүүлэх Эх, хүүхдийн эрүүл мэндийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалын төслийг Эрүүл мэндийн яам боловсруулаад байна. Энэ хэлэлцүүлгээр эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр хийх өөрчлөлт, шинэчлэлийн талаар ярилцаж, үнэтэй санал, зөвлөмжийг гаргах чиглэл барьж байгаа аж.

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг “Эх, хүүхдийн эрүүл мэндийн тухай хуулийн үзэл баримтлал” сэдвээр илтгэл тавилаа. Тэрбээр, хууль боловсруулах хэрэгцээ, шаардлага, хуулийн төслийн ерөнхий бүтэц, зохицуулах харилцаа, хамрах хүрээний талаар дэлгэрэнгүй мэдээлсэн. Хуулийн үйлчлэх хүрээ нь нөхөн үржихүйн насны эмэгтэй, эх, ураг болон 18 хүртэлх насны хүүхдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хамрах аж.

Мөн УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, эх, хүүхдийн эндэгдлийн түвшинг бууруулж, хүн амаа өсгөх таатай нөхцөлийг хэрхэн бүрдүүлэх талаар хуульчилж өгөх хэрэгтэй байна гээд мөн үндэсний аюулгүй байдлын түвшинд хүрсэн үр хөндөлтийн асуудлыг хуулиар зохицуулах зайлшгүй шаардлагатай байгааг онцлон хэллээ.

НББСШУ-ны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан хэлэлцүүлгийг хааж хэлсэн үгэндээ, эх, хүүхдийн эрүүл мэндийн асуудал зөвхөн Эрүүл мэндийн яамны биш, монгол төрийн төвд нь байх асуудал юм. Өнөөдөр та бүхэн эх, хүүхдийн эрүүл мэндэд хамаарах чухал асуудлуудыг хөндөж ярилаа. Эндэгдэлд өртөж байгаа эхчүүдийн 60 хувь нь ажилгүй, орлогогүй байна. Боловсрол, нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, үр хөндөлтөөс урьдчилан сэргийлж чадах хууль батлах нь чухал байна. Мөн эх, хүүхдийн эмнэлгийн хүртээмж, санхүүжилтийн асуудлыг бид хөндөж ярилцлаа” гэлээ.


П.ГОО
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus