Шөнийн гудамж амралтын өдрүүдэд ажиллана

Сөүлийн гудамж буюу Циркийн хойд уулзвараас “Наран плаза” төв хүртэлх 440 метр автозамыг автомашингүй, шөнийн гэрэлт гудамж болгон тохижуулжээ. Нийслэлийн анхны шөнийн гудамжны нээлт маргааш 21 цагаас болох юм.

Хуучнаар “Сөүлийн гудамж”-нд сул шороон хөрс бүхий талбайг хатуу хучилттай болгож явган замыг нэмэгдүүлэн, олон нийтэд зориулсан үзвэрийн дэлгэц, 400 хүний амралтын суудал бий болгожээ. Мөн ногоон байгууламжийн нөхөн сэргээлт, сэлгэлт, авто зам болон явган замын гэрэлтүүлэг, гэрлэн чимэглэл зэрэг орчны тохижилтын ажлууд хийгдсэн байна.

Шөнийн гэрэлт гудамж долоо хоног бүрийн Баасан гарагийн 22 цагаас Даваа гарагийн 06 цаг хүртэл ажиллах юм. Энэ үеэр автомашины хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлан, хамтлаг дуучид, ардын урлагийнхан гээд урлаг соёлынхон тоглолт зохион байгуулж, тусгайлан суурилуулсан том дэлгэцээр иргэд хошин шог, концерт гэх мэт сонирхол татсан олон зүйлсийг үзэж сонирхох боломжтой болох юм.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus