Т.Аюурсайхан: “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийн хүрээнд 369 тэрбум төгрөгийг зориулалтын бусаар зарцуулсан байна
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Монголбанкинд хийсэн шалгалттай холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Эл асуудлыг өнгөрсөн долоо хоногт тус байнгын хороогоор хэлэлцэх үед УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авсан. Завсарлагын хугацаа дууссан тул өнөөдөр хэлэлцүүлгийг үргэлжлүүлэхээр товд оруулжээ.

Хэлэлцүүлгийн эхэнд УИХ дахь АН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат “АН-ын бүлэг энэ асуудлаар завсарлага авсан. Монголбанкинд хийсэн шалгалтын дүнгийн асуудлаар АН-ын бүлэг дүгнэлт гаргах ёстой гэж үзэж байгаа. Энэхүү шалгалт нь Монголбанкны хараат бус байдалд халдсан, төв банкны бодлогыг арилжааны банкныхтай адилтгасан, тухайн үед хэрэгжүүлсэн бодлогыг ойлголгүй хариуцлагагүй дүгнэлтийг ажлын хэсгээс гаргасан байна. Мөн Монголбанкны удирдлагад хариуцлага тооцох тухай үндэслэлээ асуудал нотлогдоогүй байхад шүүхийн ялын тогтоол шиг шийдвэр гаргасан. Монголбанкны Ерөнхийлөгчид арга хэмжээ авахдаа “улсад онц их хэмжээний хохирол учруулсан” гэж шүүхийн дүгнэлт оруулж ирсэн, эрээ цээргүй ялын тогтоол байгаа учир бид хатуу байр сууриа илэрхийлнэ. Тиймээс энэ тогтоолыг хэлэлцэх шаардлагагүй гэсэн зарчмын зөрүүтэй санал оруулж байна" гэв.

Уг саналтай холбогдуулж санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 78.6 хувийн саналаар санал унасан юм. Үүний дараа хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн З.Нарантуяа: Ажлын хэсгийн шалгалтын зорилго юу байсан юм бэ?

Ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: Монголбанкны Хяналтын зөвлөл, Мөнгөний бодлогын зөвлөл гэх мэт хяналтын байгууллагууд ажиллаж байгаа боловч Ерөнхийлөгч нь голлон шийдвэрээ гаргадаг юм билээ. Зөвхөн “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийн хүрээнд гэхэд 369 тэрбум төгрөгийг зориулалтын бусаар зарцуулсан байх жишээтэй. Зээлээ зориулалт бусаар ашигласан аж ахуйн нэгжүүдийн нэрсийг ажлын хэсгээс ил болгоно. Нийт 45 аж ахүй нэгж зөрчилтэй ажилласан байна.

УИХ-ын гишүүн Г.Дамба-Очир: Зээл аваад өгөөгүй байгаа байгууллагуудыг нэрлэх хэрэгтэй. Нууцлах шаардлагагүй гэсэн юм.

Ажлын хэсгийн ахлагч Т.Аюурсайхан: Байгууллагын нууц нэрээр олон мэдээллээ нууцалсан. Байгууллагын нууцыг төрийн нууцтай адилтгасан. Хууль бус журам баталсан байсан. Үүний цаана 75 мэдээллийг нууцалсан байсан юм. 45 зөрчилтэй аж ахуйн нэгж байгаа. Үүнийг олон нийтэд ил болгоно гэлээ.
 
П.Гоо
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus