Сэргээш хэрэглэсэн гэгдэх Б.Ганзориг начны маргаан энэ сард шүүхээр эцэслэн шийдэгдэнэ

Төрт улс үүссэний 2225 жил, Их Монгол улс байгуулагдсаны 810 жил, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр наадамд зодоглосон 1024 бөхийн хоёроос нь сэргээшийн шинжилгээ илэрсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тодруулбал шинээр улсын начин цол хүртсэн Б.Баатарцол, Б.Ганзориг нараас сэргээш илрээд байсан юм.

Улмаар Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос Б.Баатарцолын барилдах эрхийг нэг жилээр хассан бол Б.Ганзоригийн цолыг хураахаар болсон билээ. Гэвч Б.Ганзоригийн хувьд дээрх шийдвэрийг хууль бус хэмээн үзэж, хуулийн байгууллагад хандаад байсан юм.

Тодруулбал шинэхэн начин 2017 оны хоёрдугаар сарын 20-нд Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүхээс дээрх 03 тоот тогтоолыг түдгэлзүүлэх шүүгчийн захирамж гарчээ. Мөн дөрөвдүгээр сарын 13-нд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээр дээрх шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсэн байна. Дараагийн шүүх хуралдаан энэ сарын 12-ны өдөр болохоор тов гарчээ.

Тэгвэл шүүхийн эцсийн шийдвэр гарах хүртэл Б.Ганзориг нь улсын начин цолтойгоо барилдах бүрэн боломжтой аж. Одоогоор “Б.Ганзоригийг Улсын начин цолтой нь барилдуулж болно” гэсэн албан бичгийг шүүхээс болон Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороо болон Үндэсний Бөхийн холбоо руу хүргүүлсэн байна. Ямартаа ч уг асуудлыг шүүхээр эцэслэн шийдвэрлэх хүртэл уран барилдаант начныхаа барилдааныг шимтэн сонирхох боломжтой болжээ.

Дашрамд дуулгахад, Үндэсний баяр наадмын тухай хууль ёсоор улсын наадамд таваас дээш давсан бөхчүүдээс сэргээшийн шинжилгээ авч, БНСУ-ын итгэмжлэгдсэн гэрээт лабораторид шинжлүүлдэг юм. Жил бүр наадмын дараа шинээр цол авсан нэгээс хоёр бөхөөс хориотой эм бэлдмэл илэрч, харин энэ маргаан нь бүтэн жил дамнан үргэлжилдэг байдал энгийн үзэгдэл болоод байна.


Б.Сансар
Olloo.mn

Бусдад түгээх
  • gplus