Катарыг ганцаардуулах төлөвлөгөөг Д.Трамп удирдсан уу

Саудын Араб, Арабын нэгдсэн Эмират тэргүүтэй Ойрхи Дорнодын орнууд Катартай дипломат харилцаагаа тасалж буйгаа зарласан билээ.

Тэд ингэх болсон шалтгаанаа терроризмын эсрэг үйл ажиллагаа буюу Катарын Засгийн газар террорист халдлагыг санхүүжүүлж дэмжлэг үзүүлж байгаа учир харилцаа холбоогоо тасалж буйгаа нэгэн зэрэг шахам мэдэгдсэн. Тэгвэл мэргэжилтнүүд тус төлөвлөгөөг боловсруулсан хүн нь Доналд Трамп төдийгүй түүний бодлого Ойрхи Дорнодод хэрэгжиж, Катарыг ганцаардуулах төлөвлөгөө нь амжилттай болж буйг онцолж байна.

Байгалийн хийн арвин их нөөц баялагтай,  дээр нь олон жил дипломат харилцаагаа хадгалж ирсэн хөрш зэргэлдээ улс орнуудтайгаа Катар юуны учир зөрчилдөх болов. Терроризмыг дэмжсэн гэдэг нь шалтаг төдий зүйл байв уу. Тус улсын Засгийн газрын тухайд  “Ямар ч үндэслэлгүйгээр гаргасан шударга бус шийдвэр” хэмээн тайлбар хийсэн удаатай. Улмаар Ойрхи Дорнодын холбоотон улсууд ээлж дараалан дипломат харилцаагаа тасалж, шахалт үзүүлж буй нь улс төрийн хяналтад байлгах гэсэн оролдлого төдий гэж үзэж буйгаа мэдэгдсэн билээ.

Тодруулбал, Катарын Гадаад хэргийн яам “Зорилго нь тодорхой. Манай улсыг хянах гэсэн оролдлого. Энэ бол тусгаар тогтносон Катар улсын бүрэн эрхийг зөрчсөн үйл ажиллагаа” гэсэн юм. Мөн цаашид тэдний оролдлогыг таслан зогсоохын тулд шаардлагатай бүхий л арга хэмжээг авна гэв.

Гэхдээ нөхцөл байдал гэнэт ийм дээрээ тулсан юм биш. Өмнө нь ч Катар, хөрш орнуудтайгаа таагүй харилцаатай байсан ч,  өнгөрсөн сараас эхлээд илт хурцаджээ. Тодруулбал, өнгөрөгч тавдугаар сард АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп анхны гадаад айлчлалаа Саудын Арабаар эхлүүлсэн. Энэ үеэр хоёр улсын тэргүүнүүд хэд хэдэн томоохон гэрээ хэлцэлд тохиролцоонд хүрсэн байдаг. Мөн Д.Трамп  “хэт давруу үзэлтнүүдтэй тэмцэхэд хамтран ажиллах”-ыг лалын шашинт улс орнуудад уриалахын сацуу Ойрхи Дорнодын байдлыг тогтворгүй болгож байна гэж Ираныг буруушаасан билээ.

Харин энэ айлчлалын дараа Катарын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хакердуулж, Эмир Шейх Тамим бен Хамад аль-Танигийн нэрээр хөрш улс, тэр дундаа  Саудын Арабыг шүүмжилсэн  мэдээллүүд цувралаар гарч эхэлжээ. Хэдий баттай бус ч, Катарын тал ийн мэдэгдэж байгаа. Гэхдээ олон улсын зарим ажиглагчид ч энэ таамаглалыг үгүйсгэхгүй байна. Учир нь Катартай холбоогоо тасалсан орнууд Д.Трамп буюу лалын шийтийн урсгалын гол төлөөлөгч гэгддэг Ирантай ч сайнгүй харилцаатай байдаг билээ.

Харин Иран, Катар ойрын холбоотнууд юм. Энэ мэтээр АНУ-ын өнөөгийн тэргүүн Д.Трампын засаг захиргааны хатгаасаар Персийн булангийн улс орнууд Ираны ойрын холбоотон Катартай харилцаагаа тасалсан байж магадгүй гэж шинжээчид үзэж байна.

Монголын мэдээ
Б.Даваа


 

Бусдад түгээх
  • gplus