Л.Чинбатад зөвшөөрөл өгчихөөч

“Эхнэрийн урхи” дуусч сонгуулийн урхи эхлэн нэр дэвшигчдийн сайхан занд бялуурсан зуны тэргүүн сард нийгмийн олон асуудлыг чихнийхээ хажуугаар өнгөрөөх шинжтэй. Уг нь сонгууль болдогоороо л болж, ард түмэн амьдардагаараа л амьдарна. Харамсалтай нь зарим нэгэн хүн сонгуулийн дараа Монголд амьдрахгүй юм шиг хэт их улстөржиж байх юм. Үр хүүхэд нь ч энд үлдэхгүй мэт аашлаад байх бололтой.

Уг нь монголчууд “Үр минь үлдэх хорвоод нэр минь бүтэн байг” гэдэг философитой ард түмэн. Гэтэл бүх анхаарлаа сонгуульд зориулагчдад нийтийн тээврийн үйлчилгээний чанар, хүүхдийн тоглоомын талбайн хүртээмж, чанар, аюулгүй байдал зэрэг нийгмийн өмнө тулгамдаж буй асуудлууд нэг л жижигдээд байгаа бололтой. Хүүхдүүдийн цэцэрлэг, сургууль тарж, зуны амралт хэдийнэ эхэлчихсэн.

Бяцхан иргэд маань зуны гурван сард нар салхитай илүү нөхөрлөж, бөөн бөөн Д витамин хуримтлуулан ирэх өвлийг ханиад шуухитнаагүй, эрч хүчтэй давбал зүгээрсэн. Өнөөдөр хүүхдүүд төдийгүй томчууд хүртэл Д витамины дутагдалд орчихсон гэдэг судалгааг эмч нар гаргачихсан л байгаа. Гэтэл энэ улсад иргэдийн эрүүл мэнд, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх байнга зөрчигдөөстэй. Мэргэжлийн хүмүүс судалгааг нь хийж өгөөд байхад ч огт тоож байгаа юм алга, эрхэм дарга нарт.

Үүний нэг тод жишээ нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэн амралт зугаалгын бүс биш “Нарантуул”-ын нэг хэсэг буюу гар дээрээс жижиглэн худалдаа эрхлэгчид, илүү дутуу харсан доншуурчдын цуглардаг цэг болж байгаа явдал юм. Ийм орчинд хүүхэд хөгшид яаж тав тухтай салхилах вэ.

Ядаж л чанар, стандартын шаардлагад нийцсэн, хүүхдүүдийн нас сэтгэхүйд тохирсон зориулалтын тоглоом нэг ширхэг ч үгүй. Зөвхөн өнөө маргаашаа аргацааж, мөнгө олохын төлөө л улайрч буй хэдхэн хүний хэтэвчийг зузаалж байгаа нь тэгтлээ нууж хаацайлаад байхаар зүйл биш. Ийм л үед төр төмөр нүүрээ харуулж, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг ирээдүйн эздэд нь жинхэнэ утгаар нь зориулбал яасан юм бэ. Яахав, мөнгө санхүү нь хэцүү байж болно. Гэтэл үүнийг чинь шийдээд өгье. Хариуд нь үр хүүхдүүдээсээ болоод та нараас сохор ч зоос нэхэхгүй.

Харин ч өнөөдрийн бяцханууд байтугай хожим хойно ч тэдний үр ач нар тоглож наадах, салхилж зугаалах ая тухтай орчин, Монголын байтугай дэлхийн жишиг, чанар, стандартад нийцэх тоглоомын талбай байгуулаад өгье. Тэр ч байтугай хүрээлэн буй орчны арчилгаа тордолгоог нь хийж өгнө. Үүний тулд ганцхан хотын даргын гарын үсэг л хэрэгтэй гэж хэлээд байхад яасан юм ойлгодоггүй юм бэ.

Ингэснийхээ төлөө хотоос, улсаас нэг ч төгрөг авахгүй. Хувийн хэвшлийнхэн бүх зардалыг гаргая. Хожим нь хүүхдүүдээ агаар салхинд гарсны төлөө шийтгэж байгаа юм шиг “Тоглоомон дээр тоглосон” гэж ямар ч үнэ төлбөр нэхэхгүй гэдгээ цагаан дээр хараар бичээд олон нийтийн цахим сүлжээнд нийтлэн маш их дэмжлэг авчээ, “Гацуурт”-ын Л.Чинбат.

Даанч, долоо хоногийн өмнө гарсан энэхүү санал санаачлага иргэдийн дэмжлэгийг маш их авч байгаа ч эрх мэдэлтнээс газрын зөвшөөрөл гэгчийг хүлээн зөвшөөрүүлж, ганц гарын үсэг авч чадсангүй. Уг нь сонгуулийн амлалтаас ч илүү амттай, амьдралд ойрхон, үр өгөөжтэй ажил болно доо. Төр хийж чадахгүй зүйлээ хөрөнгө чинээтэй, сэтгэл зүрхтэй хүмүүс, хувийн хэвшлийнхнээр хийлгэж яагаад болдоггүй юм бэ. Тэгээд ч энэ Монгол Улсын газар шороог ирээдүйн эздээс нь юунд харамлав.  

Монголын мэдээ
Г.Ганчимэг

Бусдад түгээх
  • gplus