Төсвийн байнгын хороо хуралдав

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас хуралдах товтой байсан юм. Гэвч байнгын хорооны гишүүд Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны нээлтийн үйл ажиллагаанд оролцсон учир байнгын хороо үдээс хойш хуралдав.

Хуралдааны эхэнд Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны тухай 2016-2017 оны хэлэлцээр, Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Франкфурт хот дахь Сэргээн босголтын зээлийн банк хоорондын Нэмэлт зээлийн болон төслийн гэрээний төслийг хэлэлцэв.

Мөн Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиудын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Энэ оны төсвийг тодотгохтой хамт Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, хос тэжээлт, цахилгаан хөдөлгүүрт болон хийгээр ажилладаг автомашины онцгой албан татварыг 50 хувиар хөнгөлөхөөр зохицуулсан бөгөөд уг заалтыг энэ сарын 1-нээс мөрдөж буй.

Ингэснээр онцгой албан татвар төлдөггүй байсан эдгээр автомашинд 375 мянгаас 6.6 сая төгрөг хүртэл татвар ногдохоор болсон нь манай улсад хамгийн их эрэлт хэрэгцээтэй байгаа хос тэжээлт буюу “Приус” машины хэрэглэгч, борлуулагчдад эдийн засгийн урьдчилан тооцоолоогүй, огцом дарамт болж байгаа талаар иргэд, аж ахуйн нэгжээс гомдол, шүүмжлэл ирүүлэх болсон.

Тиймээс эдгээр санал, хүсэлтийг үндэслэн дээрх автомашинд ногдуулах онцгой албан татварын хэмжээг хуульд заасан хязгаарт багтаан Засгийн газар тогтоох зохицуулалтыг бий болгох зорилгоор уг төслийг боловсруулжээ.

Улмаар энэ төрлийн автомашинд ногдуулах онцгой албан татварыг Засгийн газар тогтоох боломжтой болох тул тавдугаар сарын 1-нээс авахуулаад уг хуулийг батлах хүртэл хугацаанд ногдуулсан албан татварыг татвар төлөгчид буцаан олгохоор тусгасан байгаа юм.

П.ГОО
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus