Замын цагдаа нар хулгайч шиг л ажиллах юм

Замын цагдаагийн байгууллагаас өдөр болгон хоногийн мэдээ өгөхдөө өнгөрсөн хоногт тэдэн согтуу жолоочийг саатуулж, торголоо гэдэг. Ер нь ч манай цагдаагийнхан ууж, идсэн нэгнийг урдуураа өнгөрүүлэхгүй, саатуулдаг болчихоод байгаа бололтой. Цаашлаад орой, үдшийн цагаар замын цагдаа нар хаа сайгүй зогсч, машин болгоныг зогсоож, үнэртүүлдэг болсоор удаж байна.

Маш сайн ажиллаж байгаа хэрэг. Ингэж байж л согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож буй ухамсаргүй хэсэг бүлгийн аюултай үйлдлийг таслан зогсоох учиртай. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодно гэдэг бол хутга бариад, олон хүний дундуур нүдээ аниад зүтгэхтэй адил хэмээн зүйрлэсэн байдаг.

Согтуу жолоочийн буруугаас болж жилдээ өч төчнөөн осол гарч, олон хүн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирч байгаа. Тийм болохоор замын цагдаа нар сайн ажиллаж байж бусдын амь нас, эд хөрөнгө сүйдэхээс сэргийлэх учиртай юм. Хууль чангарч, торгууль нэмэгдсэнээс хойш согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох хүний тоо эрс буурсан юм билээ.

Гэхдээ замын цагдаа нар хяналт тавиагүй бол хуулийн хэрэгжилт сайжрахгүй байлаа. Тиймээс замын цагдаа нар хаа сайгүй зогсож, зогсоо зайгүй үнэртүүлж байгаа нь маш зөв. Гэхдээ сайны хажуугаар саарыг нь бас хэлэхгүй өнгөрч боломгүй. Сүүлийн үед замын цагдаа нар ерөөсөө л торгож, мөнгө ольё л гэсэн төлөвлөгөөтэй л ажиллаад байх шиг. Мэдээж тодорхой хэмжээнд дүрэм зөрчсөн бол торгож, шийтгэх нь зөв. Гэхдээ нөгөө талдаа зөвхөн торгохоос гадна жолооч нарын ухамсрыг дээшлүүлэх, соён гэгээрүүлэх, дүрмээ ягштал биелүүлдэг дадал суулгахад анхаармаар байгаа юм

Тухайлбал, замын цагдаа нар шөнө, оройдоо ажиллаж, үнэртүүлэхийн хажуугаар өглүүгээр хаа сайгүй зогсдог боллоо. Тэгээд шартсан нөхдүүдийг ангуучилдаг болж. Өчигдөр орой нь архи уусан хүнээс өглөө үнэртэх нь энүүхэнд. Хүний биеийн онцлогоос шалтгаалж их, бага үнэртдэг нь бий. Тэр битгий хэл үлээлгэхэд ч өндөр хувьтай гарч болно. Тэр болгоныг замын цагдаа нар ангуучлаад, торгоод, түүнийгээ согтуу жолооч барьсан гэж тайландаа оруулаад байгаа юм биш үү.

Өглөө олон хүн ажил төрөлдөө яарч явахад зогсоогоод, үнэртүүлээд, замын түгжрэл үүсгээд хэцүүхэн гэж. Тэднийг ажлаа хийж, аюулаас сэргийлж байгааг буруутгах гэсэнгүй. Гэхдээ хүмүүс ажилдаа яарч явахад шартагсад ангуучлаад, бөглөрөл үүсгэхээ больчихмоор байгаа юм. Тэгсэн атлаа шөнө оройн цагаар үзэгдэж харагдах нь тун цөөхөн. Үдэш нь амарч унтчихаад өглөө нь шартсан хүн барьж төлөвлөгөөгөө биелүүлдэг юм уу гэж хардмаар.

Түүнээс гадна замын цагдаа нар зарим үед хулгайч нохой шиг л ажиллаж байгаа. Зуслангийн чиглэлийн замд жолооч нар хурд хэтрүүлэхээр цагдаа нар ШТС-ын ойролцоо нуугдаж байгаад, араас нь хөөж торгодог тохиолдол ч цөөнгүй гарах боллоо. Энэ бол жолооч нарын ухамсрыг дээшлүүлэх, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх биш зүгээр л торгох ажиллагаа болчихоод байгаа юм. Уг нь төрөөс жаахан мөнгө гаргаад, нийслэлийг тойрсон хэдхэн замаа хурд хэмжигч суурилуулчихвал дураараа давхих нь юу л бол. Тэгвэл дүрэм зөрчих, хурд хэтрүүлэх байдал аяндаа алга болчихно. Харин согтуу жолооч нартай бол биечлэн тэмцэхээс өөр арга байхгүй. Гагцхүү хэзээ, яаж тэмцэх гэдэг л байна. Өглөө ажлын цагаар л битгий зам түгжээд, шартсан баагийнуудыг ангуучилж, мөнгө “хийгээд” бай. Бусад нь бол хамаа алга.

Монголын мэдээ
Н.Пунцагболд

Бусдад түгээх
  • gplus