“Нэр дэвшигчийн сурталчилгааны материал нь заавал эх сурвалжийг дурдсан байх шаардлагатай”

Сонгуулийн ерөнхий хорооны Мэдээлэл, судалгаа арга зүйн хэлтсийн дарга Б.Оюумаатай ярилцлаа.

 

-Сонгуулийн сурталчилгаа өнөөдрөөс эхэлж байна. Сурталчилгааны арга, хэлбэрийн талаар болон сурталчилгаа явуулахад юуг анхаарах вэ?

-Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн нэр дэвшигчдийн сурталчилгаа өнөөдрөөс 19 хоногийн туршид үргэлжилж энэ сарын 24-ний өдөр дуусна. Энэ хугацаанд сонгуулийн сурталчилгааны материал хэвлүүлэх, сонгогчдод тараах, нийтийн эзэмшлийн гудамж, талбайд сонгуулийн сурталчилгааны зурагт самбар байрлуулах, хуульд өөрөөр заагаагүй бол намын далбааг гудамж талбайд байрлуулах, сонгогчидтой уулзалт, хурал, цуглаан хийх, ухуулах байр ажиллуулах радио, телевизийн сурталчилгааны- нэвтрүүлэг ашиглах, цахим хуудас ашиглах зэрэг өөр арга, хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа хийхээр хуульчлагдсан. Харин дээр дурдсанаас өөр арга, хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа хийхийг хуулиар хориглодог.

Сурталчилгааны арга хэлбэрүүдийн хэмжээг бас хуулинд маш тодорхой зааж өгсөн байгаа. Энд нэг зүйл тодруулахад нэр дэвшигчийн аливаа сурталчилгааны материал нь заавал эх сурвалжийг дурдаж өгсөн байх шаардлага тавигдаж байгаа. Өөрөөр хэлбэл, телевизийн нэвтрүүлгийн туршид хэн гэдэг нэр дэвшигчийн нэвтрүүлэг явж байгаа нь тодорхой харагдаж байна, радиогийн нэвтрүүлгийн эхэн, төгсгөлд мөн л нэр дэвшигчийн нэрийг дурдаж өгнө, тарааж буй материал дээр нэр дэвшигчийн штабын нэрийг заавал дурдсан байна гээд хуулиар тавигддаг шаардлага хязгаарлалтууд байгаа.

-Хэвлэл мэдээллийн байгууллагууд Сонгуулийн тухай хуулийг баримтлах тал дээр юуг анхаарах вэ?

-Мэдээж хэвлэл мэдээллийн байгууллагууд аливаа мэдээ, мэдээлэл, нийтлэл, нэвтрүүлэг хийхдээ Сонгуулийн тухай хууль зөрчсөн үйлдэл гаргахгүй байхад онцгой анхаарах ёстой. Сонгуулийн сурталчилгаа эхлэхэд нэр дэвшигчдийн талаар хийх сурталчилгааны төрөл, хэлбэрийг хуульд тодорхой заасан. Ер нь сонгогчдод хүргэж байгаа мэдээллүүд нь хэт нэг талыг барьсан биш, хуулийн дагуу, үнэн зөв, тэнцвэртэй мэдээллээр сонгогч-иргэдийг хангах үүрэгтэй гэдгээ сайтар ухамсарлан ажиллах л хэрэгтэй.

-Сурталчилгааны үеэр сонгогчдод тараадаг хэвлэмэл материалын хэмжээг яаж тогтоосон байдаг вэ?

-Сонгуулийн хуульд зааснаар нэр дэвшигч нь сонгуулийн сурталчилгаа явуулах хугацаандаа гурван хэвлэлийн хуудас сонин, гурван хэвлэлийн хуудас сэтгүүл, хоёр хэвлэлийн хуудас ухуулах болон зурагт хуудас, хоёр хэвлэлийн хуудас нэр дэвшигчийн намтар гэх мэтчилэн хэвлэмэл материалыг сонгогчдод тараах эрхтэй.

-Нэг хэвлэлийн хуудас гэдэг нь ямар хэмжээг хэлээд байна?

Стандартчилал хэмжил зүйн үндэсний төвөөс тогтоосон стандартаар нэг хэвлэлийн хуудас гэдэг нь А1 хэмжээ буюу найман нүүр А4 бичгийн цаасны хэмжээтэй тэнцэнэ гэж ойлгож болно.

-Сурталчилгааны явцад ямар үйл ажиллагаа явуулахыг хориглосон бэ?

Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлд хууль бус сурталчилгааны талаар нэг бүрчлэн нэр зааж тодорхойлж өгсөн байгаа. Ээлжит сонгуулийн жил эхэлснээс буюу 2017 оны нэгдүгээр дүгээр сарын 1-нээс хойш санал хурааж дуустал аливаа этгээд сонгогчдын саналыг татах зорилгоор хуульд заасан үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглосон байгаа юм.

Тодруулж хэлэхэд сонгуулийн жил эхэлснээс хойш хориглох зүйл, сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш хийж болохгүй үйлдэл, үйл ажиллагааг зааг ялгаатайгаар тогтоосон. Иймд аливаа этгээд үйл ажиллагаа эхлэхийн өмнө хуулийн 70 дугаар зүйлтэй сайн танилцах ёстой.

Эдгээр хориглосон үйл ажиллагаанаас дурдвал Аливаа этгээд сонгогчдын саналыг татах зорилгоор мөнгө, эд зүйл тараах, бараа, эд зүйл хөнгөлөлттэй үнээр худалдах, төлбөргүй болон хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлэх, нийтийг хамарсан уралдаан, тэмцээн, баяр наадам, урлагийн тоглолт, хүлээн авалт, дайллага, цайллага зэрэг арга хэмжээ зохион байгуулах, ивээн тэтгэх, аялал зохион байгуулан сонгогчдыг оролцуулах, амралт, сувилалд амраах, сувилуулах, хишиг, хувь, хувьцаа егөх, ажлын байранд зуучлах, ажилд оруулах зэрэг амлалт авах зэрэг үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглосон байна.

Эндээс хуульд “...Аливаа этгээд, сонгогчдын саналыг татах зорилгоор...” гэж заасныг маш сайн анхаарах шаардлагатай. Энэ нь зөвхөн сонгуульд нэр дэвшигч, сурталчилгаа хийх эрхтэй хүмүүсээс гадна бусад хувь хүмүүс, хуулийн этгээд ч гэсэн дээр дурдсан хориглосон үйл ажиллагааг явуулбал хуулийн хариуцлага хүлээнэ гэсэн ойлголт харагдаж байгаа биз дээ.

-Тэгвэл сонгуулийн тухай хууль зөрчсөнийг хэн, хэрхэн тогтоох вэ?

-Хуульд тодорхой заасан байгаа. 71 дүгээр зүйлд сонгогч нь бэлэн мөнгө. эд зүйл тараасныг баримттайгаар шүүх, цагдаагийн байгууллагад мэдэгдэж болно гэж заасан. Үүнээс гадна хуулийн 116, 117, 118 дугаар зүйлд зааснаар цагдаагийн байгууллага захиргааны зөрчлийг шалгаж, шүүгч шийтгэвэр, захирамж гарган шийдвэрлэнэ.

Урьд мөрдөгдөж байсан хуульд сонгуулийн байгууллага аливаа зөрчлийн тухай асуудлыг хууль хяналтын байгууллагад шилжүүлдэг байсан бол одоо иргэд шууд баримт нотолгоотойгоор дээр дурдсан шүүх, цагдаагийн байгууллагад хандах болсноороо онцлогтой. Хууль зөрчсөн талаарх мэдээлэл нь үнэн зөв болохыг хууль хяналтын байгууллага тогтоож шийдвэрлэсэн бол мэдээлэл егсөн иргэнийг урамшуулдаг тогтолцоотой болсон.

-Дээр хэлсэн ‘ Аливаа этгээд” гэдэгт хэвлэл мэдээллийн байгууллагуудыг хамруулж ойлгож болох уу?

-“Аливаа этгээд...” гэдэгт хэвлэл, мэдээллийн байгууллага ч хамаарна. Нэмж хэлэхэд, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орон зай, мессеж ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилготой ямарваа нэгэн хэлбэрийн шалгаруулалтыг зохион байгуулж болохгүй. Мөн бусдыг гүтгэн доромжилсон, хуурамч мэдээлэл тараасан бол тухайн хэвлэл,мэдээллийн байгууллагын тусгай зөвшөөрөл болон цахим хуудасны хандалтыг зургаадугаар cap хүртэл хугацаагаар түдгэлзүүлэхээр хуульчилсан.

Нэгэнт хуульд тодорхой тусгагдсан байхад хэвлэл мэдээллийн байгууллагууд зөрчил гаргаж, үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлөө зургаан хүртэл сараар түдгэлзүүлэх арга хэмжээ авагдвал харамсалтай. Дахин хэлэхэд, хэвлэл мэдээллийн байгууллагууд Сонгуулийн тухай хуулийн холбогдох заалтуудтай нэг бүрчлэн танилцаж, алдаатай алхам хийхгүй байхад анхаарах нь зүйтэй болов уу. 

-Сонгуулийн хуулиар хориглосон заалтыг зөрчсөн этгээдэд ямар хариуцлага хүлээлгэх вэ?

-Сонгуулийн хууль тогтоомжийг зөрчсөн үйлдэл, үйл ажиллагаа явуулсан иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор хуульчилсан. Харин хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 11-16 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, мөн хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 6-8 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгийн торгууль ногдуулахаар хуульчилсан байгаа.

Өглөөний сонин
Б.Бат

 

Бусдад түгээх
  • gplus