Эрүүгийн хуульд  “Эх орноосоо урвах” заалтыг “нэмнэ”

Эрүүгийн хууль ирэх долдугаар сарын 1-ээс хэрэгжиж эхлэх заалттай. 20 гаруйхан хоногийн хугацааны дараа хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх хуульд хэд хэдэн ноцтой заалтууд байгаа тухай УИХ-ын гишүүн О.Баасанхүү дуулгасан юм. Тухайлбал, “хар тамхины хэрэгт маш хөнгөн 5-12 жилийн ял оногдуулахаар зааж өгсөн. Нэг үгээр хууль хэрэгжиж эхлэхтэй зэрэгцэн таван жил ял эдэлчихсэн бол суллагдана гэсэн үг аж. Мөн тэрбээр Эрүүгийн хуулийн 20.7 дугаар заалтад тохиролцож чадвал ялаас чөлөөлнө гээд заачихсан байгааг онцоллоо. Өөрөөр хэлбэл хамт хар тамхи хэрэглэсэн хүнээ зааж өгвөл ялаас чөлөөлөгдөнө гэх мэт ноцтой заалтуудын тухай өчигдөр мэдээлэл хийсэн юм. Түүний хувьд Эрүүгийн хууль хатуудаа хатуу, зөөлөндөө зөөлөн байх ёстойг дуулгаж байв.

Мөн түүний удаан хугацааны турш чуулганы танхимд гишүүдийг цээжилтэл ярьсан зүйл бол эх орноосоо урвахтай холбогдсон заалт. Энэ талаар тэрбээр өчигдөр мэдээллийнхээ үеэр “Эх орноосоо урвах заалтыг байхгүй болгосон. Тэр ч байтугай Тагнуулын ерөнхий газар ч хүртэл улстөржсөн мэдэгдэл гаргасан. Намайг Хууль зүй дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр зодох гэж завдаж байсан. Ингээд эх орноосоо урвах заалтыг хэлж ярьж явсны эцэст нэмэлт өөрчлөлт оруулахаар Я.Содбаатар, Б.Батзориг нарын гишүүд өргөн барилаа. Одоо нэмэлт өөрчлөлтийг хэзээ хэлэлцэх вэ гэдгийг сайн мэдэхгүй байна” гэсэн юм.

Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Батзориг өнгөрсөн долоо хоногт өргөн барьсан. Хуулийн төслийг боловсруулсан учир нь 2002 оны Эрүүгийн хуульд “Эх орноосоо урвах” гэж нэрлэн заасан “Монгол Улсын иргэн тус улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах хүчин чадалд хохирол учруулах зорилгоор гадаад улсын тагнуулын албанд элссэн, төрийн нууцыг гадаад улс, түүний тагнуулын албанд шилжүүлэн өгсөн, Монгол Улсын эсрэг дайсагнасан үйл ажиллагаа явуулдаг гадаад улсын байгууллагатай хамтран ажилласан, дайны байдалд буюу дайн бүхий байдал зарласан үед дайсны талд шилжин орсон бол арван зургаагаас хорин таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн гэмт хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад 19.1 дүгээр зүйл “Эх орноосоо урвах”, 19.4 дэх хэсэг “Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах” гэсэн хоёр гэмт хэрэгт хуваан тодорхойлсон байна.

Эх орноосоо урвах болон гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах гэмт хэргүүдийн субьект нь Монгол Улсын иргэн, Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах хүчин чадалд хохирол учруулах зорилго нь гэмт хэргийн субьектив шинж, дайны, дайн бүхий байдал, зэвсэгт халдлага, мөргөлдөөн, түрэмгийллийн үед дайсны талд дэмжлэг үзүүлсэн, хамтран ажилласан үйлдэл, эс үйлдэхүй нь гэмт хэргийн обьектив шинж болдог. Дээрх 2 гэмт хэргийн субьект, субьектив, обьектив шинжүүд ижил байгаа.

Иймд Үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалах чиглэлийн байгууллагуудад ажиллаж байсан ахмадууд, мэргэжлийн судлаачид, холбогдох төрийн бус байгууллагуудаас Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын 19.1 “Эх орноосоо урвах”, 19.4 “Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах” гэсэн гэмт хэргүүдийг нэгтгэж “Эх орноосоо урвах” гэсэн нэг гэмт хэргийн шинжид багтаах санал тавьж байгааг харгалзсан” гэжээ.

Эрүүгийн хууль бол иргэн бүрт хамаатай. Иймээс хууль хэрэгжиж эхлэхээс өмнө Эрүүгийн хуулийг эргэж харахаар болжээ. Гэхдээ энэ долоо хоног чуулганы хуралдааныг завсарлуулах чиг барьж байгаа.

П.Гоо
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus