СХД-ийн эмнэлэг дурангийн иж бүрэн төхөөрөмжтэй боллоо

Нийслэлийн хамгийн олон хүн амтай Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт өнөөдөр НИТХ-ын дарга Ц.Сандуй оношилгооны иж бүрэн дурангийн төхөөрөмж хүлээлгэн өглөө. Мөн эмнэлгийн ажилтныг БНСУ-д дурангийн чиглэлээр сургах, шинэ төхөөрөмжтэй ажиллах практик тогтоолгохоор гурван сарын хугацааны тэтгэмж олголоо. АНУ-ын “Ребонсон” компанийн “ILLUS HD” нэртэй төхөөрөмж нь дан ганц ходоод дурандахгүй. Уушиг, бүдүүн гэдэс, ходоод, улаан хоолой зэргийг дурандаж, зарим мэс ажилбар, олон төрлийн оношилгоо шинжилгээг давхар хийх хүчин чадалтай. Энэ үеэр НИТХ-ын дарга Ц.Сандуй, “Эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, дүүргүүдийн эмнэлгийн тоног төхөөрөмжийг сайжруулах, боловсон хүчнийг чадавхижуулах талаар нийслэлийн удирдлагаас онцгой анхаарч байгаа. Өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өгч байгаа төхөөрөмж бол үүний илэрхийлэл. Монгол Улсад хавдарын өвчлөл их байгаа. Харамсалтай нь, эрт оношилгоо, шинжилгээнд иргэд маань эмнэлгийн ачаалал, тоног төхөөрөмжийн дутмаг байдлаас хамрагдаж чадахгүй байна. Үүнээс болоод эрдэнэт хүний амь нас, эрүүл мэнд хохирдог. Цаашид бусад дүүргийн эмнэлэгт шаардлагатай тоног төхөөрөмжийг нийслэлийн хөрөнгө оруулалт, донор байгууллагын тусламж, зээлийн хүрээнд шийдэж өгөх талаар хот анхаарч ажиллана” гэлээ.



Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн дарга Ж.Болортуяа, “Сонгинохайрхан дүүрэг 315 мянган хүн амтай. Монгол Улсын гуравны нэг нь энэ дүүрэгт амьдардаг, алслагдсан хороод их. Сүүлийн гурван жил манай эмнэлгийн аппарат эвдэрсэн байсан учраас гуравдахь шатлалын эмнэлгүүд, гуравдугаар эмнэлэг рүү хүмүүс рүү явуулдаг байсан. Шинэ аппарат маань дөрвөн төрлийн ажиллагаатай, бүтээмж өндөртэй, нарийн хошуутай юм байна. Дурангийн хошуу нарийн байх тусам өвчтөнд зовиургүй байдаг. Одоо бид аппараттай болсон учраас иргэддээ чирэгдэлгүй, шуурхай, хүртээмжтэй үйлчлэх боломжтой боллоо. Ц.Сандуй дарга оны өмнөөс хөөцөлдөж байсныг бид санаж байна. Нийслэлийн хэмжээнд байхгүй ийм хүчтэй тоног төхөөрөмжтэй болсондоо дүүргийн иргэд, эмнэлгийн ажилтнуудын өмнөөс талархаж байна” гэв.

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, “Сонгинохайрхан дүүрэгт хоёр жилийн хугацаанд баригдаж ашиглалтад орох загвар эмнэлгийг төлөвлөсөн. Дээр нь нийслэл дэх өрхийн эрүүл мэндийн төвүүдийг бэхжүүлэх ажил явж байгаа. Истамбул хотын тусламжаар өрхийн 10 эмнэлгийн цогцолбор барих ажлыг эхлүүлнэ. Зарим нь өнөөдөр ашиглалтад орно. Зарим нь Азийн хөгжлийн банкны шугамаар баригдана. Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудад тулгамдсан асуудал бол барилга. Хүн ам өсөхийн хэрээр эмнэлгийн багтаамж өргөсч байх ёстой. Ийм учраас энэ чиглэлээр ажиллана. Ер нь бол дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэгт үзүүлж байгаа тусламж үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлнэ. Энэ хүрээнд дүүргүүдийн эмнэлэгт мэс заслын үйлчилгээ, гэмтлийн тусламж үзүүлдэг болно, хавдрын хөнгөвчлөх болон химийн эмчилгээ үйлчилгээг үзүүлдэг болно. Өнөөдөр Сонгинохайрхан дүүрэгт оношилгооны иж бүрэн дуран хүлээлгэн өглөө. Цаашдаа эрүүл мэндийн төв, амбулатори болгон дурангийн оношилгоо хийдэг болох ёстой. Дурангийн оношилгоо бол дэвшилтэт технологи. Энэ дурангаар ходоод, улаан хоолойн хавдар, бүдүүн гэдэс, уушигны хорт хавдрыг эрт илрүүлэх боломжтой. Хорт хавдар илрүүлнэ гэдэг бол урьдчилан сэргийлэх үзлэг, бусад эмгэгийг илрүүлэх боломж гэсэн үг. Эмчилгээ оношилгоонд маш их ахиц гарлаа” гэсэн юм.

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.