АН мэтгэлцээнээс татгалзжээ

МАН-аас УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, МАХН-аас Хэвлэл мэдээлэл хариуцсан нарийн бичгийн дарга Б.Тулга нар ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн халз мэтгэлцээний талаар хамтран мэдээлэл хийлээ. Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг мэтгэлцүүлэх сонирхол олон нийтийн дунд ихээхэн байсан юм. Гэтэл АН-аас нэр дэвшигч Х.Баттулга мэтгэлцээн хийхээс татгалзжээ. Тиймээс МАН болон МАХН-ын зүгээс АН-ын нэр дэвшигчийг хов жив биш, холыг харсан мэтгэлцээнийг дэмжихийг уриаллаа.

Л.Оюун-Эрдэнэ: “Сарьсан багваахай шиг харанхуй газар битгий нуугдаач. Гэрэлтэй газар гарч ирээд мэтгэлцээнээр бодлого яриач ээ”

Хэд хоногийн өмнөөс гурван намын ерөнхий нарийн бичгийн дарга нар уулзаж хууль эрх зүй, шударга ёс, эдийн засаг, аюулгүй байдал, гадаад бодлого гэсэн гурван сэдвээр мэтгэлцээнийг явуулахаар зөвшилцөлд хүрчээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “Дэлхий нийт мэтгэлцээнээр дамжуулж төрийн тэргүүнээ сонгодог тогтсон жишиг байдаг. Гурван намын ерөнхий нарийн бичгийн дарга нарын уулзалтаар МАН-аас миний бие, МАХН-ын Б.Тулга, АН-аас О.Магнай бид гурав мэтгэлцээнийг зохион байгуулах ажлын хэсгийг ахлахаар болсон. Өнөөдрийг хүртэл хагас сайн өдөр бүр буюу энэ сарын 10, 17, 24-ний өдрүүдэд мэтгэлцээнийг хийе гэсэн зөвшилцөлд хүрсэн боловч харамсалтай нь АН-ын штаб хуралдаад “Гурван шатны мэтгэлцээнийг хийх боломжгүй, нэг шатны мэтгэлцээнийг хийсэн тохиолдолд зөвхөн манай сонгосон телевизээр хийх боломжтой” гэсэн шаардлагыг тавилаа. Энэ бол иргэдийн мэдэх эрхэд халдсан, холыг харсан бодлогоор шударга өрсөлдөхөд халдаж байна гэж бидний зүгээс дүгнэж байна. Мэтгэлцээнээр дамжуулж хов жив биш холыг харсан бодлого өрсөлддөг, ийм соёл тогтдог болоход иргэд та бүхэн болон хэвлэл мэдээллийг байгууллага хамтдаа уриалга гаргаасай гэж хүсч байна. Сарьсан багваахай шиг харанхуй газар битгий нуугдаач ээ. Гэрэлтэй газар гарч ирээд мэтгэлцээнээр бодлого яриач ээ” хэмээн уриалсан юм.

МАХН-ын хэвлэл мэдээлэл хариуцсан нарийн бичгийн дарга Б.Тулга: “АН тус шийдвэрээ эргэн харж, мэтгэлцээнд нэгдэнэ гэдэгт итгэлтэй байна”

Монголчууд дараагийн дөрвөн жилд удирдах хүнээ сонгох чухал сонголтын өмнө тулж ирээд байна. Олон нийт Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг мэтгэлцүүлье гэсэн аян өрнүүлсэн. Энэ нь иргэдийн мэдэх эрхтэй холбоотой. Иймээс хов жив биш. Шийдэл ярья. АН тус шийдвэрээ эргэн харж, мэтгэлцээнд нэгдэнэ гэдэгт итгэлтэй байна" гэсэн юм.

Бусдад түгээх
  • gplus