Татвараа төлөөгүй 1300 гаруй тээврийн хэрэгслийн гэрчилгээг хураан авчээ

Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа.

Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд гэмт хэргийн шинжтэй 7637 дуудлага, мэдээлэл хүлээн авсан нь өмнөх 14 хоногтой харьцуулахад 10 нэгж буюу 0.1 хувиар, гэмт хэргийн шинжтэй 1948 үйлдэл бүртгэгдсэн нь 110 нэгж буюу 5.3 хувиар тус тус буурсан байна. Эргүүл дэд хөтөлбөрийн хүрээнд иргэдийн аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүлэх гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хэв журам сахиулах зорилгоор иргэд олноор цуглардаг болон хотын захын гэр хорооллын гудамж талбай орчмын 20 чиглэлд морьт, нохойтой болон дугуйт эргүүл үүрэг гүйцэтгэж байна. Мөн нийслэл хотын гудамж, талбайд үйлдэгдэх гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх зорилгоор “Шөнийн эргүүл” нэгдсэн арга хэмжээг тавдугаар сарын 22-ны өдрөөс эхлүүлсэн. Нэгдсэн арга хэмжээ эхэлснээс хойш гэмт хэрэг, зөрчлийн гаралт буурсан эерэг үзүүлэлт гарч байгаа” гэж танилцуулав.

“Замын цагдаагийн албаны Мэдээлэл шуурхай удирдлагын хэлтэст 3651 дуудлага мэдээлэл ирснээс хүн гэмтсэн хэргийн шинжтэй 136, зөрчлийн шинжтэй 1438 дуудлагад очиж хойшлуулшгүй ажиллагаа явуулан, 1574 ослыг материалжуулан шалгаж байна. Гудамж талбайд хийсэн шалгалтаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 714 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 21 хувиар буурсан байна. “Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах” арга хэмжээний хүрээнд өнгөрсөн 14 хоногийн хугацаанд дүүргийн Татварын хэлтсүүдтэй хамтран татвар төлөөгүй нийт 1383 тээврийн хэрэгслийн гэрчилгээг хураан авч харьяа дүүргийн татварын хэлтсийн байцаагч нарт хүлээлгэн өгсөн” гэж Нийслэлийн цагдаагийн газрын Замын хөдөлгөөний хяналтын газрын дарга, дэд хурандаа Б.Эрдэнэбат хэллээ.

НОБГ-ын дарга, хурандаа Н.Уланбаяр “Цаг уурын байгууллагаас гаргасан урьдчилан сэргийлэх мэдээгээр ойрын өдрүүдэд нийслэл хот орчмоор агаарын хэм тогтвортой байх бөгөөд хуурайшилтын эрсдэлийн “аюултай” зэрэгт байна. Нийслэлийн бүс нутагт цаг агаарт зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх ажлыг тавдугаар сарын 27-ны өдөр нэг удаа зохион байгуулсан. Өнгөрсөн 14 хоногт аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын 124 удаагийн дуудлагаар Гал түймэр унтраах, аврах ангиуд гарч ажиллан
болзошгүй аюулаас 12 хүний амь биеийг аварсан. Баянгол дүүргийн 20-р хороонд байрлах “Мон хөөс” ХХК-ийн хөөсөнцрийн үйлдвэрийн 54х18м хэмжээтэй сэндвичэн барилгад гал гарч, нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 5 ангийн 32 албан хаагч 8 авто машин техник хэрэгсэлтэй ажиллаж унтраасан. Тавдугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 13-р хороонд 9 давхар орон сууцны барилгаас согтуу иргэн амиа хорлох гэсэн дуудлагын дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын аврагч нар шуурхай ажиллаж 24 настай иргэнийг аварч цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн” гэж танилцуулав.

“Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд гүний гаалийн хяналтын талбайд хяналт шалгалт хийж, 158 аж ахуйн нэгж байгууллагын 8300 тн бүтээгдэхүүн хяналт шалгалтад хамрагдлаа. “Юбийн кофе хаус” ХХК-ийн Хонконг улсын “Golden future trading” компаниас импортлосон Brazil green arabica, Indonesia green arabica гэсэн 2 нэр төрлийн кофений буурцагны чанар, аюулгүй байдалд хийсэн хяналт шалгалтаар лабораторийн шинжилгээгээр Монгол улсын стандарт “хүн, малын тэжээл дэх микотоксиний үлдэгдлийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ” MNS 6361:2012 стандартын шаардлагаас 16-19 дахин их афлотоксин зөрчил илэрсэн тул 2 нэрийн нийт 390 кг, 7.3 сая төгрөгийн кофены буурцагийг улсын ахлах байцаагчийн актаар хураалаа. “Агаар, орчны бохирдлыг бууруулах арга хэмжээний 5-9 сард хэрэгжүүлэх тусгай төлөвлөгөө”-ний хүрээнд Нарантуул худалдааны төвд ахуйн зуух худалдаалж буй ИААН-д хяналт шалгалт хийж, 5216:2016 MNS стандартын талаар танилцуулж, Нарантуул худалдааны төв болон худалдаачдад зөвлөмж хүргүүллээ. Мөн нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй 207 ШТС, 40 АХЦС хяналт шалгалт хийхэд 4 ШТС, 8 АХЦС зохих зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсныг таслан зогсоосон” гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун ярилаа.  

Зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Маргаашнаас Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлнэ. Дүүрэг, хороодын дарга нар нэр дэвшигчдийн хийх уулзалтад иргэдийн оролцоог жигд хангахад, цагдаагийнхан уулзалт хурлын үеийн аюулгүй байдлыг хангахад онцгой анхаарч ажиллах хэрэгтэй” гээд нийслэлийн хэмжээнд хөрөнгө оруулалтын ажлын эрчмийг сулруулахгүй ажиллах, зургаадугаар сарын 15-ны дотор тендерийг зарлаж дуусгахыг дүүргүүдийн Засаг дарга болон холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов. Мөн Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны үе болон нийслэлд зохион байгуулагдах олон улсын арга хэмжээний үеэр аюулгүй байдлыг дээд зэргээр хангаж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо гэж нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.