​Долоо хоногийн тойм
Монгол Улс анх удаа өөрийн хиймэл дагуулаа сансар хөөргөсөн нь өнгөрч буй долоо хоногийн онцлох үйл явдлуудын нэг байлаа. Мөн он гарснаас хойш яригдсан Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэлэлцүүлгийг ирэх долоо хоногоос эхлүүлэхээр болов. Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалттай хамтатган явуулахаар яригдаж байсан Ард нийтийн санал асуулга явуулах хугацааг ч мөн хойшлууллаа. Өнгөрөгч долоо хоногт болж өнгөрсөн бас нэг онцлох үйл явдлын нэг нь Ерөнхий сайдын саналаар БСШУС-ын сайд Ж.Батсуурийг огцруулсан үйл явдал байв

Энэ мэт өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэе.
 

“Мазайлай” сансарт  хөөрлөө



Өнөөдөр өглөө АНУ-н Кеннидийгийн Сансарын төвөөс 05:07 цагт хувийн SpaceX компаний, хүнгүй Фалкон цойлуур (пуужин) амжилттай хөөрч хүн төрөлхтөн болон Монгол улсад хөгжлийн шинэ алхам авчирлаа.

Өмнө нь бидний бүтээсэн цойлуурууд замдаа эх биеээ хаясаар үзүүрийн бортого (капсул) нь л задгай сансарт гардаг байсан. Бортогыг мөн ганц л удаа ашиглаад хаядаг байсан бол Фалкон цойлуурын эх бие буцаж өөрөө газарддаг, мөн үзүүрийн бортого нь ахин ашиглагдах боломжтой болсноороо шуугиан тарьж байна. Өөрөөр хэлбэл, энэ удаагийн нислэгт түүхэнд анх удаагаа өмнө нь ашиглагдсан бортогоо амжилттай хэрэглэж байгаа нь онцлог аж.
Эдийн засгийн талаасаа нэн ашигтай энэ шийдэл нь SpaceX компаний ирэх онд саран дээр, 2025 онд Ангараг гариг дээр тус тус хүн буулгах төлөвлөгөөний хөрс нь болж байгаа юм.

Цойлуурын хошуунд яваа бортогыг Драгон гэх бөгөөд мэдээ бэлдэх энэ эгшинд Фолкон цойлуур бортогыг задгай сансарт хүргээд буцаж мөн амжилттай газардсан байна. Өмнө нь 2014 онд задгай сансарт гарчаад эргэж буусан Драгон бортого өнөөдөр тойрог замд ахин нэг удаа орсон бөгөөд дэлхийгээс илгээсэн ачааг тэнд байх Олон Улсын Сансарын Станцад 36 цагын дотор хүргэхээр чиглэн яваа билээ.

Хамгийн чухал нь, тус бортого дотор ялаа, хулгана, сэлбэг материалаас гадна Монголчууд бидний урласан Мазаалай хэмээх бие жижиг ч бэлчээр том, анхны хиймэл дагуул яваа бөгөөд ОУСС дээр байгаа сансарын нисгэгч нар үүнийг хүлээж аваад задгай сансарт тавих юм.

Монголын өргөн уудам нутагт соёл түгээж, мэдээлэл дамжуулж, Монгол хүний оюунд гэрэл нэмэхээр Мазаалай маань өнөө өглөөний ургах нартай уралдан хөх тэнгэрийн уудамд хөөрлөө.
 

Ж.Батсуурь огцорч, Ж.Мөнхбат БСШУС-ны яамын түр хариуцана


 
Лхагва гарагийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар БСШУС-ын сайд Ж.Батсуурийг албан тушаалаас нь огцруулах асуудлыг хэлэлцэн, гишүүдийн олонхийн саналаар огцруулав. Энэ үеэр Засгийн газрын гишүүн Ж.Батсуурийг ажилдаа хариуцлагагүй хандсан гэж огцруулах үндэслэлд дурдсан бол гишүүд  яамны Төрийн нарийн бичгийн дарга, газрын дарга нарт хариуцлага тооцоорой гэдгийг Засгийн газарт сануулж байсан юм.

Харин УИХ-ын дарга М.Энхболд бүх шатанд хариуцлага алдагдсаныг дурдаад цаашдаа хариуцлагагүй ажилласан төрийн албан хаагч нарт хатуу хандана гэдгээ мэдэгдсэн юм. Ийнхүү тус Засгийн газрын тогтоолын дагуу Засгийн газрын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат дараагийн сайд томилогдох хүртэл БСШУС-ын сайдын үүргийг түр хавсран гүйцэтгэхээр болов.
 

Ерөнхий сайд Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцов



Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцоод өнөөдөр өглөө эх орондоо хүрэлцэн ирлээ.
ОХУ-ын Санкт-Петербург хотноо зургадугаар сарын 1-3-ний өдрүүдэд Петербургийн олон  улсын эдийн засгийн чуулга уулзалт болсон юм.  ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины урилгаар Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тус чуулга уулзалтад оролцож, үг хэлж, мөн өргөтгөсөн хуралдаанд оролцсон.
Энэ удаагийн Петербургийн олон улсын чуулга уулзалт нь “Дэлхийн эдийн засгийн шинэ тэнцвэрийн эрэлд” уриан дор болж, 12 мянга гаруй төлөөлөгч оролцжээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Петербургийн чуулга уулзалтад оролцсон боломжийг ашиглаж, хэд, хэдэн улсын төрийн өндөр дээд албан тушаалтнуудтай уулзалт хийсэн байна.
 

Санал өгөх сонгогчдын нэрийн жагсаалт гарчээ



Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нийт 2.032.094 сонгогч саналаа өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, улсын хэмжээнд сонгуулийн 1983 хэсгийн сонгогчдын нэрийн жагсаалтанд 1980052 үндсэн, “Түр хасав” тэмдэглэгээтэй 44833, Монгол Улсаас гадаад улсад санал өгөхөөр 7209, нийт 2032094 сонгогч сонгогчдын нэрийн жагсаалтад тус тус бүртгэгдсэн байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн санал авах өдөр буюу 2017 оны зургадугаар сарын 26-ны өдөр санал авах байранд улсын бүртгэлийн байгууллагын 2554 итгэмжлэгдсэн ажилтан ажиллаж, саналаа өгөхөөр ирсэн сонгогчийн биеийн давхцахгүй өгөгдөл болох гарын хурууны хээг сонгогчдын нэрийн жагсаалтын цахим хувилбартай тулган шалгаж, бүртгэлийн хуудас олгосноор сонгогч санал өгөх юм.
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.