
Монголын Хөлбөмбөгийн Холбоо, Пушкашийн академийн гэрээний дагуу Унгарыг зорьсон Г.Ганбаяр “Пушкашийн академи”-ийн багийн хамтаар өчигдөр “Сузуки цом”-ын эхний тоглолтоо “Байерн мюнхэн”-тэй хийлээ.
Европ тивийн төдийгүй дэлхийн шилдэг клубийн багтай “Пушкашийн академи”-ийн хөвгүүд тун сайн тоглолтыг үзүүлэн, хоёрдугаар үеийн дунд хүртэл гоолгүй тэнцэж байв. Сүүлийн хагасын 72 дахь минутад Г.Ганбаяр сэлгээгээр орж ирсэн нь Монгол хөлбөмбөгчин дэлхийн хэмжээний тоглолтод оролцсон түүхэн үйл явдал боллоо.
Тэрхүү гайхалтай үйл явдлаас ердөө долоон минутын дараа “Пушкашийн академи”-ийн тоглогч Тимари Норман торгуулийн талбайн гаднаас гоол оруулан, баг нь 1:0-ээр хожжээ.
“Пушкашийн академи” тэмцээний хоёр дахь тоглолтоо өнөөдөр Грекийн алдарт “Панатинаикос” клубтэй хийнэ.
Б.Орхон