Биндэр овоо төрийн тахилгатай байхын учир

Хэнтий аймгийн Батширээт сумын нутагт орших өнөө хир Монголын нууц товчоо (МНТ)-ны нэрээ бараг хэвээр хадгалан байгаа Биндэръяа уулын зүүн шувтарга дээрх Биндэрийн овоо нь бүс нутгийн хэмжээний хамгийн том тахилгат газар болно. Биндэрийн овоог нутгийн иргэд жил бүрийн хавар цагт тахисаар байгаа бөгөөд эдүгээ ихээхэн зохион байгуулалтад орж, зөвхөн Батширээт төдийгүй хөрш Биндэр, Хурх, Өмнөдэлгэр сумдын иргэд жил бүр ээлжлэн овоо тахилгын зан үйлийг хариуцан гүйцэтгэх жаяг нэгэнт тогтжээ. Энэ жилийн тахилга зуны тэргүүн сарын шинийн 3 (аргын тавдугаар сарын 28)-нд болсон бөгөөд Өмнөдэлгэр сумын иргэдийн баг тус тахилгыг зохион байгуулах ээлжит үүргийг хүлээж, амжилттай зохион байгуулжээ. Жил бүрийн тахилгын үеэр өрх, хот айлуудын өргөсөн хонины ууц дунджаар 50-60 ширхэг болдог бөгөөд тахилгын дараа овоондоо өргөсөн шүүснээс төрөл төрөгсөд, нутаг нугынхандаа хувь хүртээдэг заншилтай ажээ. Зарим өрхүүд жил дараалан шүүс өргөдөг уламжлалтай болсон бөгөөд тухайн жилийнхээ хишиг буян, аз хийморийг даатгадаг учиртай бөгөөд үнэхээр ч хүссэн ёсоор биелдэг гэдэгт бүрэн итгэлтэй байдаг ажээ. Яг үүнтэй ижил зан үйл бүхий тахилгын зан үйлийн мэдээ МНТ-ны 70-р зүйлд бичигдсэн бөгөөд хавар цагт “Йэхэсийн газар”-т өргөсөн тахилын идээ шүүснээс бэлэвсрэн үлдсэн Өэлүн эхэд үл хүртээсэн тухай дурджээ.

1960-аад оны эхээр Х.Пэрлээгийн хамт Бурхан халдун хавиар судалгаа хийсэн Германы эрдэмтэн И.Щуберт “Биндэрийн овоо нь дөрвөлжин хэлбэртэй шавар хашлагын дунд чулуу дүүргэн овоолсон ба түүний гадуур олон мөчрөөр хүрээлүүлсэн байна. Түүний дөрвөн зүгт буюу хойд, өмнөд этгээдэд тус бүр 16, зүүн талд 21 жижиг овоо байгааг би тоолов. Төв овоонд маанийн зургаан үсэг болон төвд бичигтэй олон янзын цаас, “хийморийн” дарцаг тэргүүтнээр дүүрэн байв. ... Биндэр овоо нь Чингис хааны домогтой холбогддог. Энэ нь цагтаа нэлээн алдартай тахил болон  мөргөлийн газар байжээ. Биндэр овооны дор жаран хонь, жаран дөрвөн үхрийг булсан” хэмээх мэдээг тэмдэглэн үлдээсэн бол нэрт монгол судлаач Игорь де Рахевильтз 1997 оны наймдугаар сард энэ нутгаар аялан явахдаа Биндэр уулыг хоёр ч удаа тахисан баримт байх ба нэг нь Чингис хаанд, нөгөө нь ламын шашны зан үйлд зориулсан ба хамгийн сүүлийн тахилга нь 1927 онд болсон хэмээн дурджээ. Гадны судлаачдын тэмдэглэлээс үзэхэд Биндэр овооны тахилга нь Чингис хаантай салшгүй холбогдох төдийгүй ХХ зууны эхэн үе хүртэл тогтмол хийгдсээр байсан нь харагдаж байна. 1960-аад оны үед өнөөгийн төрхөө хэдийн олсон төдийгүй нутгийн иргэд ил далд боловч шүтсээр байсныг дээрх тэмдэглэлүүдээс харж болох юм. Ийм хэлбэрээр Биндэр овооны тахилга үргэлжилсээр 1990-ээд онтой золгожээ.



Халхын анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазар (1635-1723)-тан Ононгийн халуун рашаанд морилоод буцах замдаа энд саатан “Йэхэсийн газар”-өршөөсөн газар гэж тахисан тухай яриа бий. Тиймээс Өндөр гэгээний үеэс өнөөгийн Биндэр овооны тахилга эхэлсэн гэж үзэж болох тал байна. Харин уг овоо тахилгын агуулга чухам юунд оршиж байсан хийгээд МНТ-нд тэмдэглэгдсэн “Йэхэсийн газар”-ын тахилгын талаар товч авч үзье. 
           
МНТ-ны 70-р зүйлд “Тэр хавар Амбагай хааны хатад Орбай, Сохатай хоёр ихэсийн газар тайлга гаргасанд Өэлүн үжин хожимдож хүрч очоод, хожимдуулсан Орбай, Сохатай хоёрт Өэлүн үжин өгүүлрүүн: “Есүхэй баатрыг үхэв үү гэж хөвгүүдийг минь том болоогүй гэж ихэсийн хишгээс /идээ/ шүүснээс, сархадаас яахан хождуулав та нар үзтэл /амьхандаа/ идэх Үл сэрээн нүүх болов та нар” хэмээжүхэй гэжээ. МНТ-ны 70-р зүйлд хавар цагт хатад Ихэсийн газарт очиж тахилга хийсэн тухай мэдээ нь Монголчуудын тахилгын зан үйлийн талаар дурдсан хамгийн эрт үед холбогдох баримт болно. Язгууртан овгууд өөрийн эрх мэдэл, сүр хүч, ноёлох байр сууриа хадгалах үүднээс сүлд, хийморио даатгасан шүтээнтэй байх шаардлага, хэрэгцээ зайлшгүй урган гарах тул аугаа өвөг дээдсийнхээ сүр хүчийг дээдлэн анхлан голомтоо бадраасан нутагт нь шүтэн жил бүрийн хавар цагт ирж их тахилга хийх шалтгаан болсон бололтой. Тиймээс “Йэхэсийн газар”-ын тахилга нь өвөг дээдсийн шарил нутаглуулсан онгонд зориулагдсан хэмээн судлаачид үзсээр байгаа нь ташаа болох бөгөөд харин Бөртэ чиной тэргүүт монгол аймгууд Бурхан халдун уулнаа ирж, голомтоо бадраасан ихэс дээдсийн ариун газарт өргөж буй тахилга мөн гэж үзүүштэй юм. Үүнийг гэрчилж болох чухал баримт бол XVII-XVIII зууны монгол сурвалжуудад Бөртэ чинойг “Й(Ж/З)эдийн газар” одсон хэмээн тэмдэглэсэн бөгөөд үүнийг бид МНТ-ны “Йэхэсийн газар”-ын хураангуйлсан буюу цээр нэр гэж үзэж байгаа болно. Ихэс буюу Йэдийн газрын байрлалыг эдүгээгийн Хэнтий аймгийн Батширээт сумын нутаг Чингис (Өглөгч)-ийн хэрэм орчмын нутаг бөгөөд тахилга хийж байсан газар нь мөн хэрэм байж болохоор байгаа талаар хэд хэдэн үндэслэлээр бид нотлох оролдлого хийсэн билээ. Тухайлбал, тус хэрмийг Киданы байгууламж гэж үзсээр ирснийг урагшлуулан НТ VIII зуунаас хожуугүй болохыг энд хийсэн малтлагаар тогтоох оролдлого хийсэн ба Онон голын адаг орчмын нутгаас өгсөн ирж, Бурхан халдун уулнаа төвхнөсөн монгол аймгууд босгосон байж болох таамаг дэвшүүлсэн. Мөн “Их хориг”, “Йэхэсийн газар” хэмээх Монголчуудын түүхэнд нэр хүндтэй ариун газар орныг нэг утгаар ойлгож байсныг залруулах оролдлого хийж, Бөртэ чиной тэргүүт Чингис хааны ургийн өвөг дээдэс, ихэс нь энэ нутагт тэмцэн ирж, голомтоо бадраасан нутаг учраас тэдний үр хойчис “Йэхэсийн газар” хэмээн онцгойлон үзэж, тахилга хийсээр байсан тухай санал дэвшүүлсэн.   

Монгол сурвалжуудад нэр гарч буй Бөртэ Чинойн очсон өөр нэг газар бол “Бэдэ улс” юм. Түүнийг Бурхан халдун уул, Байгал далайн орчим байсан гэж харилцан адилгүй тэмдэглэжээ. Үүнийг эртний хятадад нүүдэлчдийг нэрлэх умардын бүдүүлгүүд буюу бэй-ди хэмээх үг түвд хэлэнд “бида, бэдэ” гэж дуудагдах болсонтой судлаачид үндсэндээ санал нэгтэй ч чухам хаана байсныг тохоон заасан судалгаа хомс байна. Монгол сурвалжуудын мэдээнд тус хоёр газрын байрлал ойролцоо, эсвэл нэгэн нэрийг хэд хэдэн янзаар (jad, yad, bede гм) тэмдэглэсэн хэлбэр ч мэт ойлгогдохоор байна. МНТ-нд Йэхэсийн газар хэмээн тахилга үйлдэж байсан газрыг хожмын монгол сурвалжуудад Йэдийн газар, Йэдийн далан гэж бичсэн нь мадагтай бол МНТ-нд “бэдэ” хэмээх газрын нэрийг мөн тэмдэглэсэн байх магадлал бий. “Йхэсийн газар”-ыг биднийхээр эдүгээ Хэнтий аймгийн Батширээт сумын нутаг Чингис (Өглөгч)-ийн хэрэм мөн гэж үзвэл түүний ойр орчимд “Бэдэ” нэртэй холбогдох газар орны нэр хадгалагдсан байх үндэслэлтэй билээ. МНТ-нд дээрхтэй бичлэгийн хувьд төслөг ганц нэр бол Бэдэр хошуу (beder-qosi'un-u) болно. 88-р зүйлд “Тэмүжин ... Онон мөрөн өөд мөр мөшгив. Өрнөөс Химурга горхин орж ирэн ажгуу. Тэр өөд мөшгөөд, Химурга горхины Бэдэр хошууны Хорчухуй болдогт бүхүйд золголдов” хэмээн дурдагдсан Бэдэр гэгдэх хошуу нь өнөөгийн Хэнтий аймгийн Батширээт сумын нутаг Биндэръяа уул мөн гэж олон судлаачид үзэж байна. МНТ-ны үеийн энэ нэр хожмоо монгол түүхэн сурвалжуудад “бэдэ” хэмээн тэмдэглэгдсэн байх магадлал бас бий. Дашрамд дурдахад, Бөртэ-Чинойн ирсэн “Йэдийн газар” буюу МНТ-ны “Ихэсийн газар” болох Чингисийн хэрэм хийгээд энэхүү Биндэръяа уулын зүүн шувтаргын хошуу хоорондоо 12 км-ийн зайтай болно.

Эртний улсуудын үед өргөж байсан тахилгын талаарх мэдээ нь бүхэлдээ Тэнгэр, өвөг дээдэст зориулагдсан шинжтэй бол Ихэсийн газрын тахилга нь газар оронд зориулагдаж байгаагаараа ялгаатай юм. Эдүгээ манай ард түмний дунд уламжлагдаад байгаа өндөр уулыг тахих зан үйл эртний Тэнгэр шүтлэгийн улбаа бололтой. Харин олон монголчуудын дунд хамгийн өргөн дэлгэрээд буй овоо тахилга бол агуулгын хувьд Тэнгэр шүтлэгээс эрс өөр болой. МНТ-ны “Ихэсийн газар”-ын тахилга нь өвөг дээдсийн сүр сүлдийг тодорхой газар оронд (анх ирэн голомтоо бадраасан газар) шингээж байгаагаараа өмнөх үеийнхний өвөг дээдэс шүтлэгээс агуулгын хувьд хавьгүй өргөн, гүнзгий далд утгатай болжээ.  



Энэхүү тахилга МНТ бичигдэх үед байгалийн бэрх саад бүхий “Ихэсийн газар”-дээр анхлан шууд хийгдэж байсан бол аажмаар харьцангуй зам дагуу орших Биндэрийн овоонд шилжсэнээр агуулгын талаар улам баяжсан байна. Эндээс эхлэн өвөг дээдсийн сүнс сүлд, хийморийг уул овоонд шингээж үзэх төсөөлөл бий болсон бололтой. Өөрөөр хэлбэл, Биндэр овооны тахилгын язгуур утга буюу цаад эзэн нь Чингис хааны дээд өвөг Бөртэ чиной тэргүүт [язгуур] монголчууд болно. Уул овоог амьдчилан үзэх сэтгэлгээ чухам энэ үед төлөвшсөн болохыг дундад үеийн монголчуудын үлдээсэн оршуулгын зан үйлээс ч харагдана. Тухайлбал, энгэр газар, уулынхаа оройг чиглүүлэн тавих ёс бидний дунд эдүгээ ч хадгалагдсаар байгаа билээ. Энэ нь талийгчийнхаа сүнс, сүлдийг тухайн ууландаа шингээж, оршоож буй далд утгатай болно. Тиймээс “Йэхэсийн газар”-ын тахилга Биндэр овоонд шилжсэн үйл явц, монголчуудын дунд талийгчийг уулын орой чиглүүлэх зан үйлийн дэлгэрэлт хоёр нэгэн цаг үед холбогдох нь зүй ёсны хэрэг билээ. Чухам л энэ цагаас эхлэн овоо тахих зан үйлийн эхлэл тавигдсан бололтой бөгөөд магадгүй хамгийн эртнийх нь ийнхүү Биндэр овооны тахилга бололтой байна.

МНТ-нд дурдагдсан “Йэхэсийн газар” буюу өнөөгийн Чингисийн хэрэм, Биндэр овоо хоорондоо ойр байрлаж байгаа хийгээд Биндэр овооны Чингис хаантай холбогдож буй аман домог, тахилгын зан үйлийн агуулгаас үзэхэд Ихэсийн газрын тахилга хожим Биндэрийн овоонд шилжсэн байх магадлалтайг дам харуулж байна. Тухайлбал, Биндэр овоог Чингис хаанд зориулан тахиж байсан гэгдэх эл аман мэдээ нь МНТ-ны 70-р зүйлд дурдсан “Йэхэсийн газар”-т өргөж байсан тахилгаас үүдэлтэй байж болно. Асуудлын гол нь МНТ-ны “Йэхэсийн газар”-ын тахилга бол ямар нэг лус савдаг, газар усны эзэн, өвөг дээдсийн сүнс, сүлдэд бус Бөртэ чиной тэргүүт монголчуудын дээд өвөг Бурхан халдун ууланд ирж голомтоо бадраасан газар орон буюу Ихэс дээдсийн газарт өргөж буй зан үйл юм. Биндэр овооны тахилга нь ийнхүү Ихэсийн газрын тахилгын уламжлал гэж үзвэл Бурхны шашин нэвтрэхээс өмнөх үед монголчуудын дээд өвөг, хожимдоо Чингис хааны сүнс, сүлдний тахилгатай холбогдож байсан нь тодорхой юм. Ихэсийн газраас улбаалсан эртний тахилгын ул мөр манай орны зарим нутгуудад эдүгээ хадгалагдсаар байгаа бололтой. Тухайлбал, манай баруун зүгийн нутгаар тахилгын овоог “индэр”, “ендэр” хэмээн нэрлэж байгаа нь энэхүү биндэр нэрээс үүдэлтэй байх боломжтойг ч үгүйсгэж үл болно. Монголын бэсүд аймаг (Зэв ноёны) йисут, эсүд хэмээн дуудагдах болсон жишээтэй харьцуулахад дээрх таамаг үндэстэй юм.    

Тиймээс эдүгээ цагийн Биндэр овооны тахилга нь агуулгын хувьд Чингис хааны дээд өвөг Бөртэ чиной тэргүүт монгол аймгууд Бурхан халдун уулнаа нүүн ирж, голомтоо бадраасан газрыг “Ихэсийн газар” хэмээн хүндэтгэн үзэж байсан тахилгын хэлбэрийг хадгалж байгаа учраас олон монголчуудын хувьд онцгой ач холбогдолтой юм. Нөгөө талаар газар шүтлэгийн илрэл “овоо” тахилгын хамгийн эртний хэв шинжтэй болох учраас Биндэр овооны тахилгыг төрийн тахилгатай болгон өргөжүүлэх нь зүй ёсны хэрэг юм. Биндэрийн овоог төрийн тахилгат болгох нь эрт цагийн “Йэхэсийн газар”-ын тахилгыг бодит байдлаар нь сэргээх учраас олон монголчуудын оюуны эрэлт төдийгүй улс орны эдийн засаг, бүс нутгийн аялал жуулчлалын үйлдвэрлэлийн хөгжилтөнд үлэмж нийцтэй шийдвэр болох билээ.
 

 С.Өлзийбаяр (ШУА-ийн Түүх, Археологийн хүрээлэнгийн ЭШАА, доктор Ph.D)

 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • эх орон минь 2017-06-09 09:20:22
    Овоо тахиад эх орон минь хөгжидөг бол сайханаа
    202.9.41.84
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-06-04 10:32:24
    Овоо тахилга бол монголыг байлгаж ирсэн үндэсний соёл, тэр дундаа Биндэрийн овоо бол хамгийн эртний овоо тахилгын хэлбэр юм байна, төрийн тахилгатай болгоё
    103.229.122.186
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2017-06-04 06:17:36
    13-r zuunaar amidarch baigaa 2017 onii mongolchuud.
    154.20.218.112
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-06-04 04:02:07
    Хөдөө байгаа бид юугаа тавих нь чамд хамаагүй байхаа . Харин хотод байгаа чи наад офшортон болон Элбэгээтэнтэйгээ олигтой тэмц
    202.9.41.93
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2017-06-04 02:07:26
    Ene soliorol teneglelee boliochee
    172.97.151.58
    Мэдэгдсэн Хариулах
  • setgegdel 2017-06-03 23:16:43
    yu we iim olon uuz. zugeer taxij boldoggui yumuu! xet tuilshirax yumaa. tenegtexee bolimoor yumaa xumuusee
    27.123.214.110
    Мэдэгдсэн Хариулах
  • аааапа 2017-06-03 16:06:59
    Наад овоог чинь газартай тэгшлэх хэрэгтэй
    59.153.113.130
    Мэдэгдсэн Хариулах
  • Binder oboog toriin bolgon tahih zan yil 2017-06-03 08:48:45
    Teriin tahilagad oboonyydaas hamgiin ertnii sinjtei ene Binder oboog teriin tahilagat bolgoh chag ni boljee!nytagiin ard tymen hiigeed Mongol oronnd onz chyhal ...
    148.60.92.227
    Мэдэгдсэн Хариулах
  • mgl 2017-06-03 08:32:52
    yan daa orchin tsagiin mongolchuud mini
    150.129.141.186
    Мэдэгдсэн Хариулах
    • Учир утга 2020-11-22 03:58:28
      Чи харин яандаа орчин цагын нүдэгүй чихгүй сэтгэлгүй амин хувиа хоохоолсон бэлтрэгминь
      162.158.165.155
      Мэдэгдсэн Хариулах