Хариуцлагын талаар хий дэмий ярих хэрэггүй

УИХ-ын Эдийн засгийн байн­гын хорооноос байгуулсан ажлын хэсэг Монголбанкинд шалгалт хийж, дүнгээ танилцуулсан нь ойрын өдрүүдэд анхаарал татаж байна. Өнгөрөгч оны эцсийн байдлаар хүүгийн, санхүүгийн үүсмэл хэрэгслийн буюу своп, форвард хэлцэл, гадаад валют арилжааны болон бусад хүчин зүйлсийн нөлөөнөөс болж Монголбанкны хуримт­лагдсан алдагдал гурван их наяд төгрөг даваад буй бөгөөд үүнд хүүгийн алдагдал жин дарж буй. Өөрөөр хэлбэл, Төв банкнаас өнгөрсөн жилүүдэд хэрэгжүүлсэн уламжлалт бус арга хэрэгслүүдийн хүрээнд олгосон зээлийн хүү бодлогын хүүгийн түвшнээс хэт бага байсан нь хүүгийн орлого багасахад нөлөөлжээ. Өөрөөр хэлбэл, Нөгөө талаас уламжлалт бус арга хэрэгслүүдээр Монголбанк зах зээлд их хэмжээний мөнгө нийлүүлсний улмаас төгрөгийн худалдан авах чадвар огцом буурсан гэж ажлын хэсгийн дүгнэлтэд дурдсан байна. Улмаар зах зээлээс илүүдэл мөнгийг татах зорилгоор гаргасан Төвбанкны үнэт цаасны хүүгийн зардал хэт өндөр болсны зэрэгцээ “Чингис” бонд болон Хятадын ардын банкинд төлсөн хүүгийн зардлаас их хэмжээний хүүгийн алдагдал үүссэн байгаа юм.

Ийнхүү уг шалгалтын дүнгээр их хэмжээний “но” илэрч, 2012 оноос өмнө ашигтай ажиллаж байсан Төвбанк яагаад ийм алдагдалтай ажиллах болсны шалтгаан үндсэндээ тодорхой болсон. Уг нь Монголбанк хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд своп, форвард хэлцлийн ашиг, алдагдлыг бүрэн хянах боломжтой байсан ч чадаагүй. Монголбанкны зүгээс 2012-2016 онд дотоодын банкуудтай давхардсан тоогоор нийт 1880 ширхэг 8.9 тэрбум ам.долларын, 17.5 тэрбум төгрөгийн болон юанийн своп хэлцэл хийсэн байдаг бөгөөд эдгээрээс нийт нэг их наяд 726 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн байна. Энэ алдагдлын дийлэнх буюу нэг их наяд 683 тэрбум төгрөг нь 2014-2016 онд хамаарч байгаа юм. Өөрөөр хэлбэл, Монголбанк арилжааны банкууд болон Хөгжлийн банкны ханшийн эрсдэлийг өөр дээрээ хүлээж, их хэмжээний алдагдал хүлээсэн хэрэг.

Төвбанк өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд ингэж үндсэн чиг үүргээ хариуцлагатайгаа биелүүлээгүйгээр үл барам хуулиас гадуур ажиллаж иржээ. Үнэ тогтворжуулах болон “Сайн” тодотголтой хөтөлбөрүүд хэрэгжүүлэн, АСЕМ-ын бэлтгэл ажлын санхүүжилтийг гаргасан зэрэг нь Монголбанкны хуулиар хүлээсэн чиг үүрэгтэй огтхон ч нийцэхгүй байгааг ажлын хэсгийнхэн онцолж буй. Тухайлбал, Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд шатахуун импортлогч компаниудад их хэмжээний хөнгөлөлт эдлүүлсэн нь гадаад валютын ханшийн хөнгөлөлтөөс ихээхэн алдагдал хүлээх нэгэн шалтгаан болж буй аж. Тодруулбал, гадаад валют арилжааны алдагдал өнгөрсөн онд 424 тэрбум төгрөгт хүрсэн бөгөөд шатахууны жижиглэнгийн үнийг тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд 2013 оны нэгдүгээр сараас 2015 оны гуравдугаар сар хүртэл Монголбанк нийт нэг тэрбум 579 сая ам.долларыг шатахуун импортлогч компаниудад хөнгөлөлттэй ханшаар худалдаж, нийт 355 тэрбум орчим төгрөгийн алдагдал хүлээжээ.

Өнөөдөр үүний хариуцлагыг хэнээс нэхэх ёстой вэ. Эдийн засгийн бодлогын алдаа улс орон, ард иргэдийн амьдралд маш хүндээр тусдагийн тод илрэл нь энэ юм. Монголбанкны алдаатай бодлогоос болоод ам.доллар, юанийн ханш өсөж, төгрөг үнэгүйдсэн, иргэд аж ахуйн нэгжүүдэд зээл олдохоо больсон, зээлийн хүү өссөн, бараа бүтээгдэхүүний үнэ ханш нэмэгдсэн эрэг сөрөг үр дагаврыг ард иргэд нуруундаа үүрч байна. Улсад ингэж их хэмжээний хохирол учруулсан талаар яриад өнгөрөх бус, холбогдох албан тушаалтан, буруутай этгээдэд хариуцлага тооцож, хохирлыг бүрэн барагдуулан, хууль эрх зүйн орчныг нь сайжруулах ёстой. Өнгөрсөн хугацаанд бид олон ч салбарын хариуцлагагүй байдлыг хөндөж, сахилга бат алдагдсан талаар ярьж, шогширч ирсэн. Харамсалтай нь буруутай хүн, хуулийн этгээдтэй нь хариуцлага тооцсон нь хэд билээ. “Хий үзэгдэл” мэт хариуцлага тооцсоор хэр удаан явах вэ.

Б.Оргил

Бусдад түгээх
  • gplus