Ипотекийн зээлийг үргэлжлүүлэн олгоход 120 тэрбум төгрөгийн санхүүжилт тусгагдсан гэлээ
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Засгийн газраас өнгөрсөн сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн уг тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг өнгөрсөн долоо хоногийн чуулганы хуралдаанаар хэлэлцээд дэмжсэн юм.

Засгийн газрын гишүүн, МУ-ын сайд Ж.Мөнхбат уг тогтоолын төслийн талаарх танилцуулгыг хийлээ. Сайдын танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат, Б.Батзориг, Б.Жавхлан нар ажлын хэсгээс асуулт асууж тодруулан хариулт авсан юм.

Сангийн дэд сайд Х.Булгантуяа гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, үндсэн чиглэлийн төсөлд Оюутолгойн ордын далд уурхай, газрын тос боловсруулах, зэс хайлуулах үйлдвэрүүд, Тавантолгой, Гацууртын орд зэрэг эдийн засагт үр өгөөжөө өгөх томоохон төслүүдийн ажлын явцыг эрчимжүүлэх чиглэлээр тодорхой зорилтуудыг тусгасан. ОУВС-тай тохирсон хөтөлбөрийн үр дүнд зарим улс орон, олон улсын банк санхүүгийн байгууллагуудаас зээл авахын зэрэгцээ санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжүүлэхээр ярилцаж байгаа. Эдгээр зээлийн гэрээ, санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг соёрхон батлах, зөвшилцөх асуудал Байнгын хороодоор яригдаж байгаа, одоогоор эцэслэгдээгүй байна. Өнгөрсөн оны эцсийн байдлаар улсын хэмжээнд ажилгүйдлийн түвшин 10 хувьтай байна гэсэн тооцоо судалгаа гарсан, үүнийг 2018 онд 8 хувь болгож бууруулахаар үндсэн чиглэлд тусгасан. Мөн ипотекийн зээлийг үргэлжлүүлэн олгоход ирэх онд 120 тэрбум төгрөгийн санхүүжилт хийхээр төсвийн хүрээний мэдэгдэлд тусгагдсан гэлээ.



Харин Засгийн газрын гишүүн Ж.Мөнхбат банкны салбарыг эрүүлжүүлэх чиглэлээр ОУВС-гийн хөтөлбөрт орохдоо Засгийн газар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээ авч ажиллана. Иймээс юуны түрүүнд Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийг батлах шаардлагатай байгаа тул гишүүд анхаарч дэмжих нь чухал байна. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах үүднээс одоо гурван ээлжээр хичээллэж байгаа 30 гаруй сургуулийн асуудлыг ирэх онд бүрэн шийдвэрлэж, бүх сургуулийг хоёр ээлжинд шилжүүлэх зорилт тавьж байгаа. Жижиг дунд үйлдвэрийн тухай хуулийн төсөл боловсруулахаар ажлын хэсэг гаргаад ажиллуулж байгаа, энэ асуудлыг Улсын Их Хурлын намрын чуулганд оруулж шийдвэрлүүлнэ. Харин улс орны эдийн засгийн байдал амаргүй ийм үед их, дээд сургуулийг хотоос гаргаж нүүлгэн шилжүүлэхтэй холбогдсон зардал төсөв үндсэн чиглэлд тусгагдаагүй. Эдийн засаг сэргэсэн үед энэ асуудлыг авч үзэж болох байх гэсэн хариулт өгсөн юм.

Үүний дараа гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэллээ.

УИХ-ын гишүүн Б.Жавхлан: Зээлийн хүү өндөр байгаа ийм үед ажлын байрыг шинээр нэмэгдүүлэх нь хүндрэлтэй учраас одоо байгаа ажлын байрыг хадгалах, аж ахуйн нэгжүүдийг төсөв санхүүгийн бодлогоор дэмжих нь чухал, иймээс зөв бодлого барьж магадгүй стандарт бус шийдвэр гаргах шаардлага үүсч мэдэх тул энэ талаар анхаарч ажиллах шаардлагатай.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: Экспортыг нэмэгдүүлэхэд жижиг дунд үйлдвэрийн эрх зүйн орчин чухал нөлөөтэй учраас энэ талаар анхаарах, их, дээд сургуулиудыг Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ зэрэг үйлдвэрлэлийн бүс, том хотууддаа нүүлгэн шилжүүлж төвлөрүүлэх эхний шатны арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр үндсэн чиглэлд тусгах.

УИХ-ын гишүүн Н.Энхболд: Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль, 2030 он хүртэлх урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэхэд үндсэн чиглэлийн суурь зарчим чиглэх учиртайг анхаарах, түүнчлэн үндсэн чиглэл, төсвийн уялдааг хангахад анхаарч хариуцлагын тогтолцоог тусгаж өгөх шаардлагатайг хэлж байв.

Дараа нь “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлтэй холбогдуулан Байнгын хорооны гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хурааж шийдвэрлэсэн юм. Ингээд тогтоолын төслийн талаархи Байнгын хорооны санал, дүгнэлт, гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолуудыг Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.
 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2017-06-01 03:11:03
    80 m 2 s deesh bairand inotekiin zeel uguh jurmaa heregjuuleechee
    122.201.22.12
    Мэдэгдсэн Хариулах
  • кккк 2017-05-30 10:11:37
    Барилга дахин барьж тэнэгтэв ээ
    202.131.246.180
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-05-30 09:33:31
    Монполиметийн мөнгөө төлүүлээч ээ. Орон сууцанд ормоор бна
    202.9.40.61
    Мэдэгдсэн Хариулах