“Донж хаус” компани Зуун модны рашаанд халдлаа

Сүхбаатар дүүргийн XV хороо Өвөрсогоотод Зуун модны рашаан гэж бий. Энэ рашааныг хүний дотор эрхтний өвчнийг анагаадаг гэж хөгшчүүд хэлдэг. Одоо ч эмийн журмаар уг рашааныг хэрэглэдэг хүмүүс олон. Зуун модны рашаан зөвхөн өвчин, эмгэгийг анагаагаад зогсохгүй улаанбаатарчуудын ундны усны эх үүсвэр. Сэлбэ голыг тэтгэдэг булаг рашаануудын нэг. Харин Сэлбэ гол Туул голын нэг цутгал болж, эдүгээ нийслэлийн 1.5 сая хүн амыг ундны усаар хангаж буй юм. Тэгвэл ийм чухал ач холбогдолтой рашааны бүсэд халдаж, хаус хороолол барьж эхэлжээ.

Долоон буудлаас 10 хүрэхгүй км яваад Өвөрсогоот эхэлнэ. Зуун модны зуслан ч гэж нэрлэнэ. Мэдээж энэ нь Зуун модны рашаанаас үүдэлтэй нэршил. Хуст уулын баруун суганд ургасан хэсэг мод байна. Нам дор газар ургасан хэсэг модод тэр хэсэгтээ цорын ганц бичил ой юмсанж. Тэрхүү бичил ойгоос хагас км орчимд Зуун модны рашааны зулай болсон эх ундарга харагдана.

Рашааныг тойруулан хашаалаад тохижилт үйлчилгээ багагүй хийгджээ. Тэр орчмын оршин суугчид ундны усаа тогтмол авдаг юм байна. Рашаанаас доош намаг үргэлжилж байна. Тэрхүү намаг нь Зуун модны рашааны усны хуримтлалын эх.

Нэг ёсондоо Сэлбэ голыг усаар тэтгэдэг намаг аж. Гэтэл рашаанаас хагас км орчим, Зуун модны баруун талд хэдхэн алхмын зайд намгийг дундаас нь хааж урт далан босгожээ. Даланг залгаад хаус хорооллын барилгын ажил ид үргэлжилж байв. Янз бүрийн хэлбэр, хийцтэй хауснууд барьж байна. Одоогоор 10 гаруй хаусыг босгочихож. Мөн ийм тооны хаусны суурийг цутгажээ.

Намгийг тэг дундаас нь далангаар хаагаад хөрсийг хатууруулахаар хайрга асгасан байна. Гэвч хаусны суурь зангидсан хэсгүүдэд нойтон хөрстэй, тэрүүхэн хэсэгт өмхий ханхлах аж. Зөвхөн сууриудад ч биш, хороолол босч буй газрын эргэн тойронд намгийн ус тогтож өмхий үнэр оржээ.



РАШААНЫГ НАМАГТАЙ НЬ ХАМГААЛАЛТАД АВЧ БАЙЖЭЭ


Рашааны ус хуримтлалын эх болсон намаг дээр хаус хороолол барьж буй эзэд нь “Донж хаус” компани юм байна. Зуслангийн оршин суугчдын ярьж буйгаар 2015 оноос барилгын ажлыг эхлүүлжээ. Барилгаа барихын тулд далан босгож, намгийг хатаахаар том, том трактор авчирж хөрсийг нь эргүүлсэн гэж байна. Хэдхэн айл тав тухтай амьдрах гэж, нэг компани ашиг олохын тулд байгаль орчинд ингэж зэрлэг балмадаар халдсан нь гайхмаар. Зарим бэлэн болсон хаусны суурийн хөрс тэр чигтээ нойтон харагдана. Хэдийгээр хөрсийг нь сэндийчиж, далан босгоод, хайрга асгасан ч барилгын талбайгаас аль ч зүг рүү харсан намаг үргэлжилж байна.

Зуун модны рашааныг намагтай нь Нийслэлийн байгаль орчны газраас хамгаалалтад авч хашсан байдалтай байсан нь саяхан. Бүр 50 орчим га газрыг ундны усны ундарга хэмээн хашаалж хамгаалсан байсныг байгаль орчны мэргэжлийн хүмүүс онцолж байгаа юм. Гэтэл нэг л мэдэхэд айлууд хашаа хатгадаг нь хатгаад, хувийн орон сууц барьдаг нь бариад амжжээ. Гэхдээ тэдгээр айл “Донж хаус” компани шиг Зуун модны рашааны урсгал хэсэгт, намаг дунд нь газар эзэмшсэн нь үгүй.
 

“ДОНЖ ХАУС”-ЫН БАРИЛГУУД ХАЗАЙЛТ ӨГӨӨД НУРААСАН ГЭВ ҮҮ?



 

Намгийг тэг дундаас нь далангаар хаагаад хөрсийг хатууруулахаар хайрга асгасан байна.

“Донж хаус” компани 2015 оноос барилгын ажлаа эхлүүлж, 2016 онд айлуудаа хүлээн авна гээд сурталчилж байжээ. Гэвч хауснууд нь ашиглалтад орохоос өмнө хазайлт өгч буулгаж эхэлснийг иргэн Ш.Пүрэвсүрэн хэлж байлаа.

Компани 30 орчим хаус барьчихаад байхад нь хазайлт өгсөн гэж байна. Одоогоор 10 гаруй хаус босгочихоод байгаа юм. Намагтай газар доороо цэвдэгтэй байдаг. Намаг дунд босгож буй барилгын хөрсийг хэчнээн ухаж хатаасан ч суулт өгдөг гэж хөрс судлаачид онцолж байна.

Түүнээс гадна усны мэргэжилтнүүд Сэлбэ голыг бүрдүүлдэг намаг дээр барилга барьсныг зэмлэн буруушааж байна. Тэд “Сэлбэ голын онцлог нь намгаас тэжээл авдаг, намгаараа хамгаалагддаг. Гэтэл намгийг хатаана гэдэг нь Сэлбийн тэжээгдлийг багасгаж байна гэсэн үг. Уг нь Сэлбэ гол уулын горхиор тэжээл авдаг байсан ч горхиуд ширгэсэн. Одоо цорын ганц тэжээл нь намаг. Тиймээс намгийг хатааж биш харин ч тодорхой хамгаалалтад авах ёстой” хэмээж байна.
 

БАРИЛГЫН ГАЗАРТ ХОЁР БУЛАГ БАЙЖЭЭ



 

Зуун модны дэргэд рашаанаас гадна хоёр булаг байжээ. Тэр орчмын оршин суугчид булгаас ундныхаа усыг авдаг байж. Харамсалтай нь намгийг хатааж, хайрга асган, хөрсийг нь хөндсөнөөс тэрхүү хоёр булаг ширгэсэн болохыг иргэн Х.Хулан ярилаа. Зөвхөн булаг ч бус Зуун модны рашаан ч өвөл урсацгүй болдог гэж байна.

Чухам ундны усны бохирдол, хомсдлоор түгшүүр зарлах хэмжээнд хүрчихээд байхад нийслэлчүүдийг ирээдүйд усгүй хатаах гүн ангал руу түлхэх шийдвэрийг ямар эрхтэн дархтан өгөв. Улаанбаатар хотын хүн амын ундны усны гол эх үүсвэр болсон Туул голын цутгал Сэлбэ голыг бүрдүүлдэг намаг дээр хаус хороолол барих нь хууль ёсных уу?
 

“ДОНЖ ХАУС” КОМПАНИ ХОЁР ГА ГАЗАР АВЧЭЭ


Зуун модны рашааны хөлд “Донж хаус” компани газар эзэмших эрхийг хэзээ, хэрхэн авсан талаар тодруулахаар тус компанийнхантай холбогдоход “Хариуцсан хүн нь гадаад явсан” гэлээ.

Тиймээс Сүхбаатар дүүргийн Газрын албыг зорилоо. Газрын албанд байгаа мэдээллээр “Донж хаус” компанийн барилга барьж буй уг газрыг дүүргийн Засаг даргын захирамжаар 2007 онд “Асака” гэх компанид олгожээ. Тус компаниас “Донж хаус”-ынхан 2014 оны арваннэгдүгээр сарын 12-нд Сүхбаатар дүүргийн Засаг даргын 429 дүгээр захирамжаар өөрийн эзэмшилд шилжүүлэн авчээ. Нийт хоёр га талбайн эзэмшилтэй юм байна.

Дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн байгаль орчны байцаагчид энэ асуудалд хэрхэн анхаарч байгааг тодрууллаа. Байгаль орчны хяналтын улсын байцаагч О.Цэндхүү “Рашааны урсац их биш учир хуулиараа 50-200 метрт л хамгаалагдах ёстой. “Донж хаус” компанийн барилга рашаанаас 200 метрээс хол зайд байгаа учир сөрөг нөлөө үзүүлэхгүй” гэлээ. Гэтэл Сэлбэ голын усаар тэтгэдэг, ус хуримтлалын эх болсон намаг дээр аж ахуйн үйл ажиллагаа явуулах нь Усны тухай хууль, Урт нэртэй гэгддэг Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг ноцтой зөрчиж байгаа явдал гэж учир мэдэх хүмүүс хэлж байгаа юм.


“БАЙГАЛЬ ОРЧНЫ НӨЛӨӨЛӨХ БАЙДЛЫН ҮНЭЛГЭЭ ХИЙЛГЭХ САНАЛ ГАРГААГҮЙ”


Зуслангийн бүс, гол мөрөн, булаг шанд бүхий газарт аж ахуйн үйл ажиллагаа явуулахын тулд байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээг хийлгэх хуультай. Аливаа компани ийм бүсэд барилга байшин, аж ахуйн үйл ажиллагаа явуулахаар зэхсэн бол байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээг хийлгэсний үндсэн дээр газар эзэмших эрхийг авах ёстой. Үүний тулд эхлээд компанийн зүгээс дүүргийн байгаль орчин хариуцсан алба, хэлтэс, албан тушаалтанд санал хүргүүлдэг. Дүүргээс Нийслэлийн байгаль орчны газарт хандаж, тус газарт байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээг хийлгэдэг. Энэхүү процесс “Донж хаус” компанийн барилга дээр хэрхэн явагдсаныг Сүхбаатар дүүргийн Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн байгаль орчин хариуцсан байцаагчаас лавласан юм. Тэрээр “Донж хаус” компанийн зүгээс ямар нэгэн санал ирүүлээгүйг онцоллоо.

Тэгвэл хуулийн процесс алдагдсан уу, намаг бүхий газарт барьсан барилга ямар чанартай байх вэ гэсэн олон асуулт ургаж байна.

Үргэлжлэл бий.
 

Зууны мэдээ
Б.Энхзаяа

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2017-06-01 11:16:48
    Байгалаар тоглох нэхэл хатуу. Түрүүчээс нь та нарт хангалттай дохио өгсөн шүүдээ. Бас олныг басаж доромжилбол нэхэл хатуу. Шуналаа татаад зүгээрл ажиллаач
    59.153.85.71
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-05-30 18:09:16
    Зуун модны рашаан элэг, цөс ходоодонд сайн учир олон түмэн эмчилгээндээ хэрэглэсээр ирсэн. Намагтай газар барьсан байшин хэзээ нэгэн цагт суулт өгнө
    27.123.214.121
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2017-05-30 15:02:54
    аль 2015 оноос хойш юугаа харж байсан юм анхнаасаа газар егсен боажя тайгаа ярь энэ яам газын гаймаа модны хулгай хулгайн ангаас еерхийх ажил байхгуй татан буул...
    202.9.43.225
    Мэдэгдсэн Хариулах
  • сайнжаргал 2017-05-30 06:48:24
    энэ байгууллага нь өөрсдийн хашаа руу орох зам тавьж усны усрсгалыг боосны улмаас тэр хавийн айлуудын зуслангийн нуралт, суулт өгч эд хөрөнгөөрөө хохирч байна ...
    202.21.102.178
    Мэдэгдсэн Хариулах
  • alnaa 2017-05-30 06:38:00
    Donj bolioroi. Lusiin horlol bolno shuu
    112.148.101.234
    Мэдэгдсэн Хариулах
  • !!!!!!!!!!!!!!!! 2017-05-30 04:59:17
    Газрын зөвшөөрөл өгсөн дүүргийн Засаг даргыг авилгаар шалгах хэрэгтэй!! Дор хаяж байгаль сүйтгэсэн гэмт хэрэг шүү дээ!! Хэн нахальный нь хождог цаг болжээ!!
    66.181.160.39
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2017-05-30 04:28:33
    Мөнгөний төлөө байгаль руугаа халдахаа болиоч. Та нар бол мөнгөний төлөө эх орноо худалдахаас буцахгүй гэдэг чинь ийм зүйлээр л илрээд байгаа юм ш дээ
    202.55.191.130
    Мэдэгдсэн Хариулах