Сэлэнгэ аймаг стратегийн бүс болно

Сэлэнгэ аймгийн ЗДТГ, ХХААГ, ГОУХАН-ийн эрдэс баялаг түүхий эдийн иж  бүрэн санаачлага хөтөлбөрийн газар, United management consulting LLC зэрэг байгууллагуудын санаачлан зохион байгуулсан, “Эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг хослуулан эрхлэх стратегийн бүс  нутаг  болгон хөгжүүлэх боломж” сэдэвт онол үйлдвэрлэлийн олон  улсын бага хурал Сэлэнгэ аймагт амжилттай боллоо.

Монгол Улсын хүн ам өсөхийн хэрээр хүнсний хэрэглээ өсөн нэмэгдэж байна. Монгол Улсын хүнсний тухай хуульд зааснаар, малын мах, сүү, улаан буудай, үр тариа  гурил, ундны усыг стратегийн хүнс гэж заан хуульчилсан. Дээрх стратегийн хүнсийг үйлдвэрлэхэд гол түшиц болсон нутаг нь Сэлэнгэ аймаг. Тус аймаг нь  улсын хэрэгцээт үр тарианы 60 хувь, төмсний хэрэглээний 28 хувь, хүнсний ногооны 36  хувийг жил бүр дангаар бэлтгэж газар тариалангийн үйлдвэрлэлээрээ улсдаа тэргүүлсээр байгаа юм.

Энэ үеэр Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргилоос зарим зүйлийг тодрууллаа.

 

Ш.Оргил: МАЛ АЖ АХУЙГАА ЭРЧИМЖҮҮЛСНЭЭР  ТАРИАЛАНЧИД ФЕРМЕРҮҮД ХАМТАРЧ АЖИЛЛАХ НӨХЦӨЛ БҮРДЭНЭ


-Энэ хурлаас гарсан шийдвэр ямар үр дүнд хүрэх бол. Малчид аж ахуйн нэгжүүд энэ асуудалд хэр нийцтэй хандах бол?

-Сэлэнгэ аймаг маань газар тариалангийн бүс нутаг гэдгээрээ бусад аймгаас онцлогтой. Газар тариалангийн бүс нутагт мал харьцангуй бага байх ёстой. Гэтэл өнөөдрийн байдлаар байх ёстой хэмжээнээсээ гурав дахин их малтай болсон байна. Цаашид мал аж ахуйгаа эрчимжүүлснээр тооны хойноос биш чанарын хойноос явах болно. Одоо эсэргүүцэж байгаа хүмүүс дараа нь бэлчээргүй  ургамалгүй газар тариалангийн хөрсгүй болбол малаа юугаар тэжээх вэ гэдэгт бодох л асуудал. Бид ирээдүй хойч үеэ бодох ёстой. Хэдэн жилийн дараа   хөрсгүй болсон хойноо ухаарах биш, одооноос ойлголцолд хүрч бодлого боловсруулаад, хэрэгжүүлж эхлэх нь юу юунаас ч илүү тулгамдсан асуудал болоод байна. Өнөөдөр нэг өдөр зөвлөгөөн хийгээд өнгөрөх биш, цаашид 10-20 жил энэ ажил  үргэлжлээд явна. Тиймээс энэ зөвлөгөөнөөс гарч байгаа үнэлэлт дүгнэлтийг дагахаас өөр арга байхгүй.

-Одоогоор Сэлэнгэ аймагт малаа эрчимжүүлээд  явж байгаа хэчнээн компани байна вэ?

-Мал аж ахуйг эрчимжүүлээд явж байгаа 183 аж ахуй нэгж байгаа. Энэ   зөвлөгөөнөөс  хойш энэ тоо өсөх ёстой. Буруу зөрүү ойлголттой  байсан  малчид өнөөдрийн зөвлөгөөнөөс нэгдсэн нэг ойлголцолд  хүрээд гарах нь хурлын үр дүн гэж бид ойлгож байна. Малчиддаа бид тооны  хойноос биш чанарын  хойноос явах ёстойг үргэлж хэлсээр ирсэн. Малаа эрчимжүүлэх нь өнөөдөр хуралдаад маргааш шууд хэрэгжих ажил биш л дээ. Зуун үхэртэй айл байлаа гэхэд 50-ийг нь эрчимжүүлээд,  2 -3 жилийн  дараа  бүрэн  эрчимжсэн  малтай  болох  шаардлагыг л бид тавьж байгаа. Цаашлаад тариаланчид нь фермерүүдийнхээ тэжээлийн ургамлыг тарьж өгдөг, бие биенээ маш сайн ойлгож хамтарч ажилладаг болох нь чухал юм. 

-Өнөөдрийн хурал маш  өргөн хүрээнд амжилттай  зохион байгуулагдаж байна. Нийт хэчнээн хүн  оролцож байна вэ?

-Өнөөдрийн зөвлөгөөнд аймаг, сумын  удирдлагууд, ИТХ-ын  дарга нар, малчид, тариаланчдын  төлөөлөл, эрдэмтэн  докторууд, гадны олон  улсын  байгууллагын төлөөлөгчид гээд нийт 300 гаруй  хүн оролцож байна.
 

СЭЛЭНГЭД 192 БАЙГУУЛЛАГА ЭРЧИМЖСЭН МАЛ АЖ АХУЙ ЭРХЭЛДЭГ


Сэлэнгэ аймагт эрчимжсэн мал аж ахуй,  газар тариаланг зүй зохистой хослуулан эрхлэх стратегийн бүс  нутаг болгох, арга замыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр олон талаас нь хэлэлцэж,  хууль эрх зүйн зохицуулалтыг бий болгуулахаар эрх бүхий  байгууллагад уламжлах зорилготой хийгдсэнээрээ энэхүү хурал онцлог ач холбогдолтой байлаа.

Аймгийн хэмжээнд сүүлийн жилүүдэд, жилд дунджаар нийт 176.619 га талбайд тариалалт хийн, 147.370 га-д үр тариа, 5438  га-д  тэжээлийн ургамал, 23.791 га-д тосны ургамал 3276 га-д төмс, 2545 га-д хүнсний ногоо тус тус тариалж, 237.865 тн улаан буудай 6173 тн бусад үр тариа, 11034 тэжээлийн ургамал, 10119 тн тосны ургамал, 41888  тн  төмс, 31846 тн хүнсний ногоо тус тус хураан авчээ. Сүүлийн жилүүдэд аймгийн газар тариалангийн хөрсний үржил шим буурах, элэгдэл эвдрэл, цөлжилтөд өртөх, малын тоо толгой, бэлчээрийн даацын харьцаа алдагдсанаас ургацад үзүүлэх сөрөг нөлөө ихэсч, байгаа нь анхаарал татсан асуудал болсоор байгаа юм.

Мал аж ахуйн хувьд 2016 оны эцэст аймгийн хэмжээнд нийт 1.599.750  толгой мал тоологдсоноос 523 толгой  тэмээ, 93.5 мянган толгой адуу, 224.3  мянган толгой үхэр, 749.3 мянган толгой хонь, 532 мянган толгой  ямаа тоологджээ. Энэ нь  урьд оныхоос 141.2 мянган  толгойгоор  буюу 9.7 хувиар өссөн байна. Сэлэнгэ аймагт 192 байгууллага  эрчимжсэн мал аж ахуйн үйл ажиллагаа явуулдгаас мах сүүний чиглэлийн үхэр, мах ноосны чиглэлийн хонины  аж ахуй ихэнх хувийг эзэлдэг байна.
 

СУМ БҮРТ БЭЛЧЭЭРИЙН ДААЦ 2-3 ДАХИН ХЭТЭРЧЭЭ


Мал аж ахуй газар тариалангийн үйлдвэрлэл нь бэлчээрийн газар түүний үржил шим  өвс  ургамалтай нягт  холбоотой  явагддаг. Цаг уурын  өөрчлөлт  хэт  дулаарал хуурайшилт  болон хүний  буруутай  үйл  ажиллагаанаас  болж бэлчээрийн  даацын үзүүлэлт Сэлэнгэ аймгийн сум бүрт 2-3 дахин хэтэрчээ.  Үүний улмаас ургамлын нэр төрөл цөөрч,  ургац  эрс  багасан, ихэнх сумдад цөлжилт явагдаж, гол горхи олноороо ширгэж газрын  үржил шим жилээс жилд  муудсаар байгаа нь газар  тариалангийн  бүс  нутагт  илүү хүчтэй  нөлөөлж байгаа аж. Бэлчээрийн мал аж ахуйгаас мах сүү  үйлдвэрлэх боломж  бараг  бүх аймаг суманд байдаг ч ихэнх аймагт газар  тариалан  эрхлэх  боломж байдаггүй. Тиймээс Сэлэнгэ аймгийг эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг хослуулан хөгжүүлэх стратегийн бүс нутаг болгох асуудал нь зайлшгүй тулгарчээ.

Үе  үеийн  аймгийн удирдлагууд энэ талаар зарим шийдвэрүүдийг гарган мөрдөж, малчин тариаланчидтайгаа  санал солилцож ойлголцолд хүрсэн хэдий ч, тодорхой үр дүнд  хүрэхгүй  байсаар  өнөөдрийг хүрчээ. 

Улмаар бэлчээрийн даацаас  хэт их болсон мал, зөвхөн  тариалсан талбайд орж  хохирол учруулахаас илүүтэй уриншилсан талбайд орсноос хөрсний бүтэц алдагдан, ургацын хэмжээ буурч,буудайн хангалтад сөрөг нөлөө үзүүлж байгаа нь энэхүү хурлын гол сэдэв болж байв.

Тиймээс Сэлэнгэ  аймгийг  эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан эрхлэх  бүс нутаг болгон тогтоож  малын тоог  бууруулж, малаа тодорхой бүс нутгуудад байршуулах  асуудлыг Монгол УИХ, Засгийн Газар, ХХААХҮ-ийн яам  болон  холбогдох байгууллагууд анхааралдаа авч  нэн яаралтай шийдвэрлэхэд хууль эрх зүйн  үндэслэлийг бүрдүүлэх хэрэгцээ шаардлага тулгарч байгааг энэ үеэр  онцоллоо. Холбогдох албаны зарим хүмүүсээс сэтгэгдлийг нь сонссон юм.
 

С.Намжилмаа: “СЭЛЭНГЭ АЙМАГ СТРАТЕГИЙН ХУВЬД ЧУХАЛ ХОЛБОГДОЛТОЙ АЙМАГ”

/“Үндэсний хөгжлийн газар”-ын Салбарын хөгжлийн бодлого зохицуулалтын хэлтсийн ахлах  мэргэжилтэн/


 

-Бүс  нутгуудын  хөгжлийн төлөвлөгөө 2015 онд дуусч, Монгол Улс бүсчилсэн  хөгжлийн  бодлогоо дахин шинэчлэн боловсруулах гэж байна.  Үүнд аймгууд  ямар  үүрэг рольтойгоор оролцох, ямар үйлдвэрлэл  явуулах, тэр нь  бусад  аймгууд болон бүс  нутагтаа цаашлаад Монгол Улсын  хэмжээнд ямар үр дүн,  ач холбогдолтой байх вэ гэсэн ажил дээр “Үндэсний  хөгжлийн газар” ажиллаж байна. Бид энэ чиглэлээр орон нутагтай  хамтарч  ажиллаж байна. Хамгийн гол нь яам тамгын газраас гадна орон нутгийн засаг захиргаа, аж ахуй  эрхэлж байгаа  бизнесменүүд болон, ард иргэдийн  саналыг сонсох нь бидэнд  маш чухал. Сэлэнгэ аймаг нь стратегийн хувьд чухал онцлогтой аймаг. Хүн амын төвлөрөл, газар нутгийн нөөц боломж, эдийн засгийн боломжоороо ч дээгүүр ордог. Тэгэхээр Сэлэнгэ аймаг нөөц боломжоо ашиглаад, хамгийн үр  дүнтэй салбар болох хөдөө аж ахуйн салбартаа түлхүү анхаарч байгаа нь зөв.  Эрчимжсэн мал аж ахуй, эрчимжсэн газар  тариалан руугаа  түлхүү  орох  нь  уламжлалт  мал  аж ахуйгаасаа  илүү  үр  өгөөжөө  өгнө. Төвлөрсөн  дэд бүтэцтэй болохоор үйлдвэрлэсэн  бүтээгдэхүүнээ өөрийн төвийн бүс болон  Дархан,  Эрдэнэт,  Улаанбаатарын үйлдвэрийн бүсүүдэд,  төмөр  замаа  дамжаад өмнийн говийн үйлдвэрийн бүсэд хүнсний  бүтээгдэхүүн  болон  хөдөө  аж ахуйн  бүтээгдэхүүнээ  борлуулах боломжтой аймаг.  Тэгэхээр өнөөдрийн олон  улсын  эрдэм  шинжилгээний, үйлдвэрлэлийн бага  хурал,  цаг үеэ  олсон өндөр ач  холбогдолтой зөвлөгөөн болж байна. Төр хувийн хэвшил  олон нийт,  олон улсын байгууллага бүгд нийлээд  зөвлөлдөж,  хэлэлцэж байгаа  нь маш чухал.
 

Ж. Мижиддорж:ТӨРИЙН БОДЛОГОГҮЙ БАЙДАЛ, НҮҮДЭЛ СУУДЛААС МАЛЫН БЭЛЧЭЭРИЙН ДААЦ ХЭТЭРСЭН

/ШУ-ны гавьяат зүтгэлтэн, профессор/


 

-Өнөөдөр цаг үеэ олсон, онол практикийн  хурал болж байна.  Орхон Сэлэнгийн  сав нутаг нь экологийн хувьд хамгийн тааламжтай,  тариалан хөгжихөд тохиромжтой газар.  Төрийн бодлогогүй  байдал, нүүдэл суудлаас болон малын даац гурав дахин хэтэрлээ. Монголчууд дөрвөн улиралд дураараа бэлчих нутагтай гэж ярьдаг байсан. Гэтэл зуд турхан  байгалийн эрсдэлтэй очоод ирэхээр  очих  газаргүй  даац нь хэтэрсэн байна. Төвийн  бүсдээ ийм байхаар өөр сайхан бүс бидэнд байхгүй. Тэгэхээр энэ асуудлыг өнөөдөр л  хэрэгжүүлж  эхлэхгүй  бол оройтох нөхцөл  үүсээд байна. Үүнийг бий болгож буй олон хүчин  зүйл байна.  Цаашид бид зохицож  амьдрах уу, тэсч гарах боломж байна уу гэсэн асуулт гарч  ирж байна. Тариалангийн 70-100 тонн будааг мал идэж байна. Энэ байдал  үргэлжилбэл 2040 он гэхэд маш хэцүү болохоор байна. Өнөөдөр сэлэнгэчүүд маань өөрийн нөхцөл байдлыг ухаарч, энэ сайхан  зөвлөгөөнийг хийлээ. Миний хувьд энд  илтгэл тавьсандаа  баяртай байна.

Зууны мэдээ
Л.Цэцэгжаргал

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2017-05-16 07:55:04
    нэг л их том том ярьсан хүмүүс. Хийж байгаа юм юу ч байхгүй. Ноён уул, сэлэнгэ мөрөн, хүдэр, ерөө голуудаа ч хамгаалах чадваргүй
    202.170.94.90
    Мэдэгдсэн Хариулах