Иргэдээс есөн тэрбум төгрөг залилсан “Лакшири хаус”  компанийн үйл ажиллагааг яаралтай зогсоохыг шаардлаа
О.Эрдэнэжаргал, Ж. Хишигбадрах захиралтай  “Лакшири Хаус” хэмээх компани 2013 оноос эхлэн “ Тансаг зэрэглэлийн орон сууц санал болгож байна” гэсэн утга бүхий сурталчилгаа явуулж иргэдийн мөнгийг залилан авчээ. Тус компани 2013 оноос эхлэн орон сууц барьж өгнө хэмээн  нэг метр квадратыг 1.7 сая төгрөгөөр тооцож иргэдээс урьдчилгаа 10 хувийг авсан юм байна. Гэвч дөрвөн жил өнгөрчихөөд байхад нэг ч ширхэг тоосго  тавиагүй байгаа аж.
 
Одоогоор тус компанид захиалга өгч хохирсон иргэдийн тоо 60  гаруй болсон байна.Харин нийт хохирлын хэмжээ нь есөн тэрбум төгрөгт хүрчээ. Ингэхдээ бэлэн мөнгөөр хохирсон нь таван тэрбум харин үлдсэн дөрвөн тэрбум төгрөгийн үнэ бүхий байр, машин барьцаалж гэрээ байгуулан хохирчээ. Ингэж иргэдээс захиалгыг нь авахдаа тансаг зэрэглэлийн орон сууцны хорооллыг макет үзүүлж, тэр ч бүү хэл өөр  компанийн барьж байгаа хорооллыг үзүүлж захиалга авсан байна. 

Улмаар хохирсон иргэд өнгөрсөн хугацаанд цагдаагийн байгууллагад хандсан ч  асуудлаа шийдүүлж чадаагүй байна. Уг хэргийг  Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1-р хэлтэст  эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж  байгаа юм байна. Тодруулбал, хохирогчид 2015 оны гуравдугаар сараас эхлэн СБД-ийн Цагдаагийн нэгдүгээр хэсэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулж эхэлсэн боловч тус компани үйл ажиллагаагаа хэвийн явуулж дахин захиалга  авах аргаар хохирогчдын тоог нэмэгдүүлсээр байхад энэ үйлдэлд хууль хяналтын байгууллага ямар нэгэн арга хэмжээ авахгүй өдийг хүргэсэн гэнэ. Гэтэл энэ хэргийг  СБД-ийн Прокурорын газраас энэ оны  гуравдугаар сарын 24-ны өдрийн 326 тоот тогтоолоор иргэний хэрэг хэмээн хэрэгсэхгүй болгосон аж. Тиймээс тэд Нийслэлийн Прокурорын газарт хандаад байгаа юм байна.
 
Хууль шүүхийн байгууллагаар явсан хоёр жил гаруйн хугацаанд зарим хохирогч нарын нэхэмжилд иргэний хэргийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гарч Нийслэлийн ШШГА ажиллагаа удааширалтай явагдснаас болж төлбөр төлүүлэх үйл ажилагаанд битүүмжлэгдсэн эд хөрөнгө бусдад шилжиж төлбөр төлөх боломжгүй болжээ. Үүнд эрүүгийн хэргийн 258.2 дахь хэсэгт заагдсан “ Шүүхийн шийдвэр биелүүлэхээс санаатай зайлсхийсэн” гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэгдсэн боловч мөн л СБД-ийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаагч н.Гарьд  хэрэгсэхгүй болгох саналтайгаар дүүргийн прокурорын газарт хүрүүлсэнд гомдолтой байна гэж  хохирогч Д.Надмид, Б.Содномдаржаа тэргүүтэй 20 гаруй хүн илэрхийлээд байна. Тэд иргэдийг хохироочихоод одоо ч үйл ажиллагаагаа явуулсаар байгаа тус компанийн үйл ажиллагааг нэн даруй зогсоож, дахин олон хүн хохирохоос сэргийлэх ёстой хэмээн мэдэгдлээ.
 
Тэдний өмгөөлөгч Г.Батбаяр “ Миний үйлчлүүлэгч болох  эдгээр хохирогчидтой холбоотой энэхүү  хэргийг  иргэний хэрэг болгож хэрэгсэхгүй болгох боломжгүй. Энэ бол цэвэр залингийн хэрэг. Тус компани  Улаанбаатар хотын дөрвөн байршилд  / Зайсан, 13 дугаар хороолол, Баянзүрх, Дөрөвдүгээр хороолол/ орон сууцны захиалга авсан гэх боловч тус газруудад дөрвөн жилийн өмнө усан нүх харуулсан. Хохирогчдын мөнгийг хөрөнгө оруулалтад хийсэн гэх боловч өнөөдөр энд нэг ч тоосго нэмж баригдаагүй. Хохирогчдын есөн тэрбум төгрөгийг хааш нь оруулсан тухай шүүхээс ямар ч дүгнэлт гараагүй. Харин Аудитын байгууллагаас бэлнээр таван тэрбум, дөрвөн тэрбум нь хохирогчдын өмнө амьдарч байсан орон сууц, эзэмшиж байсан автомашинуудыг үнэ нийт есөн тэрбум төгрөгийн хохиролтой гэж тогтоосон тиймээс Нийслэлийн Прокурорын газарт хандаж байна” гэлээ.
 
Дашрамд дуулгахад, орон гэргүй болсон нэг хүн амиа хорлож бас нэг хүний биеийн байдал муудаж эмнэлэгт хүргэгдсэн гэж өмгөөлөгч Г.Батбаяр мэдэгдлээ. Залилуулсан гэх 60 хохирогчын ард 300 гаруй хүн орон гэргүй болжээ. Иймээс энэ асуудалд холбогдох хууль хяналтын байгууллага анхаарлаа хандуулж, яаралтай арга хэмжээ авахгүй бол цаашид хохирогчдын тоо нэмэгдэж магадгүй болоод байна.
 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine