Н.Баярмаа: Хүндийг өргөлтийг хэзээ ч орхихгүй

Монголын бодибилдинг фитнесийн нэгдсэн холбооноос насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулсан. Уг тэмцээний эмэгтэйчүүдийн ангилалд хүндийг өргөлтийн шилдэг мастеруудын нэг, гавьяат тамирчин Н.Баярмаа түрүүлсэн нь олны анхаарлыг татав. Түүнийг алтан медалиа гардаж авсных нь дараа цөөн хором уулзаж, сэтгэгдлийг нь сонслоо.
 
-Юуны өмнө бодимиссийн улсын аварга болсон танд баяр хүргэе. Яагаад бодибилдингийн спортыг сонгох болов. Яг хэзээнээс эхэлж хичээллээд ийм амжилтад хүрэв?
 
-Баярлалаа. Бодибилдингийн спортыг эрүүл ахуй, гоо зүй талаас нь харж хичээллэж байна. “Хар ирвэс” клубын тамирчин болоод удаагүй байгаа ч бодимисс болж чадлаа. Нэг жил орчим л болж байна даа.

-Анхны улсын аваргын тэмцээний өрсөлдөөн хэр байсан бэ?

-Мэдээж хүнд байлаа. Бодимисс ангилалд 10 орчим тамирчин өрсөлдсөн. Эндээс дөрөв нь финалд үлдсэн. Эцсийн мөчид шилдгээр нэрийг минь дуудахад үнэхээр итгээгүй шүү. Сайхан л юм билээ. Бас нэгэн сайхан мэдрэмж байсан шүү. Хүндийг өргөлтийн спортоор 20 жил хичээллэж байгаа миний хувьд бодибилдингийг гоо зүй талаас нь сонгосон. Мөн эрүүл ахуйн дэглэм барих гээд давуу тал маш их. Тиймээс ажлаа тараад клубтээ хичээллэх сонирхолтой болсон доо.
 
-Бодибилдинг, фитнессийн Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сард Улаанбаатар хотноо болно. Та оролцох уу?       
                       
-Улаанбаатарт болох Азийн аваргад оролцохоор олон орны тамирчид мэдүүлгээ ирүүлээд байна. Энэ удаагийн Улсын аварга шалгаруулах тэмцээн нэгэн сорил байсан болохоор бэлтгэлээ сайн хийж байгаад орох бодолтой байна. Тивийн шилдгүүдтэй өрсөлдөхөд арваад хоног үлдсэн байна шүү.
 
-Таны хувьд хүндийг өргөлтийн спортоор эх орныхоо нэрийг олон жил гаргасан. Одоо олон шавь бэлдэж байна. Цаашдын зорилгоо хуваалцахгүй юу?

-Сүүлийн жилүүдэд өсвөр, залуучуудын амжилт ахиж байна. 2017 онд ч амжилт арвин байгаа. Хүндийн өргөлтийн тамирчдын хувьд “Токио 2020” олимпийн наадамд олон тамирчин оролцож, амжилтаа ахиулах нь чухал. Тиймээс залуучууддаа ихээхэн найдаж байна. Хэдийгээр ажлын заваараа бодибилдингийн спортыг сонгож байгаа ч хүндийг өргөлт бол миний хувьд хэзээ ч салшгүй спорт юм.


“Үндэсний шуудан” сонин

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.