Вьетнам-Mонголын бизнес эрхлэгчид уулзав

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Дэд Ерөнхийлөгч, хатагтай Данг Тхи Нгок Тхиний хийж байгаа албан ёсны айлчлалын хүрээнд Вьетнам-Монголын бизнес эрхлэгчдийн уулзалт боллоо. Уулзалтыг Монгол Улс дахь БНСВУ-ын Элчин сайдын Яам, БНСВУ-ын Худалдаа Аж үйлдвэрийн танхим, Монголын ажил олгогч эздийн Нэгдсэн холбоо зохион байгуулж буй юм.

Уулзалтад БНСВУ-ын талаас Дэд Ерөнхийлөгч Данг Тхи Нгок Тхинь, Гадаад хэргийн дэд сайд Ха Ким Нгок, БНСВУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Фан Данг Дыөнг болон бизнесийн төлөөлөгчид, Монголын талаас Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны дэд Ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Х.Ганбаатар болон бизнесийн төлөөлөл оролцож байна.

Бизнес уулзалтыг нээж БНСВУ-ын Дэд Ерөнхийлөгч Данг Тхи Нгок Тхинь хэлсэн үгэндээ худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны чиглэлээр Монгол Улсын бизнес эрхлэгчидтэй үр дүнтэй яриа, хэлэлцээ өрнүүлнэ гэдэгт итгэлтэй байна гэлээ.

Уулзалтын эхний хэсэгт хоёр орны худалдаа, эдийн засгийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх талаар хоёр улсын төр, засгаас явуулж  байгаа бодлого, эрх зүйн орчин, бизнес дэмжих чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний танилцууллаа.

БНСВУ-ын Төлөвлөлт, хөрөнгө оруулалтын яамны дэд сайд Дао Куанг Тхү “Вьетнам-Монгол улс хоорондын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа цаашдын боломж”, Аж үйлдвэр, худалдааны дэд сайд Ху Тхи Ким Тхоа “БНСВУ-ын худалдааны өнөөгийн байдал, Монгол Улстай хамтран ажиллах  нөөц боломж”, Худалдаа, аж үйлдвэрийн танхимын Эмэгтэй бизнес эрхлэгчдийн зөвлөлийн дарга Нгуен Тхи Тует Минь “Бизнесийн хөгжлийн талаарх Вьетнам улсын Худалдаа аж үйлдвэрийн танхимын үйл ажиллагаа” сэдвээр илтгэл тавилаа.

БНСВУ-ын гаалийн мэдээгээр хоёр улсын худалдааны эргэлт 58,0 сая ам.доллар байна. Манай улс БНСВУ-аас 40 гаруй сая ам.долларын үнэ бүхий цагаан будаа, чихэр, лаазалсан бүтээгдэхүүн, цахилгаан шуудан холбооны болон утсан холбооны аппарат импортоор авдаг. 1990 оноос хойш манай улсад Вьетнам Улсын хөрөнгө оруулалттай 164 аж ахуйн нэгж 32,9 сая ам.доллар хөрөнгө оруулалт хийсэн байна. Хоёр улс мөн худалдаа, эдийн засаг, боловсролын салбарт 20 гаруй гэрээ байгуулжээ.

Цаашид ашигт малтмал, газрын тос, хүнс зэрэг салбар болон бараа бүтээгдэхүүн харилцан нийлүүлэх чиглэлээр хамтран ажиллах нөөц боломж их байгаа гэдэгт бизнес эрхлэгчид санал нэгдэж байлаа.

“Хөрөнгө оруулалт, худалдааны эргэлт болон бизнесийн таатай орчинг бүрдүүлэх нь” сэдвээр Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны дэд ерөнхийлөгч Х.Ганбаатар илтгэл тавьж худалдаа, эдийн засгийн талаар танилцууллаа.  

Хоёр улсын бизнес эрхлэгчдийн анхны уулзалт 2013 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн БНСВУ-д хийсэн айлчлалын үеэр, дараагийнх нь 2016 онд Монгол Улсад зохион байгуулагдсан АСЕМ чуулга уулзалтийн үеэр болсон юм.

Дашрамд дурдахад, Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын Комиссын 16 дугаар хуралдаан энэ онд болно гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • amrita 2017-05-09 16:13:58
    vetnamaas avah yum mod shuu. mod ihtei exportoldog mongol shig modgui ulsad heregtei
    58.123.139.239
    Мэдэгдсэн Хариулах
  • Мягмаржав 2017-05-09 08:59:41
    Дэмий хүмүүстэй уулзаж, ард түмний мөнгийг дэмий үрж байх юм.
    66.181.188.140
    Мэдэгдсэн Хариулах