Х.Баттулгыг Амаржаргалчлах төлөвлөгөө

АН-ын гишүүд  “Олуулаа”-гаар хүч түрэн дур­гүй ламд дарж байж сахил хүртээдэг болжээ. Энэ удаагийн сахил хүр­тэх ээлж Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгад тулгараад  байна. Тэрээр Засгийн газрын гишүүдэд жишиг болгож давхар дээлээ тайлах өргөдлөө УИХ-ын даргад өгсөн юм. Тэгвэл түүний хүсэлтийг АН-ынхан удтал хэлэлцэхгүй бололтой. Энэ ч үүднээс Засгийн газрын өөрийнх нь асуудал учраас эхлээд танхимдаа учраа ол, дараа нь УИХ хэлэлцэг гэхчлэн шат дараалсан занга тавьж байна.

Үүний өмнө  Р.Амаржаргал гишүүн  хариуцлагагүй Засгийн газраас ичиж байна. Ядаж нэг нь ч гэсэн ичих нүүртэй байя. Тиймээс би бүгдийнх нь өмнөөс хариуцлага хүлээе. Ингэхгүй бол  АН  2016 оны сонгуульд навс ялагдана шүү дээ  хэмээн  УИХ-ын гишүүнээс огцрох өргөдлөө УИХ-д өргөн барьсан. Гэтэл АН-ын гишүүд “Чи ичиж болохгүй” гээд  олонхиороо далимдуулан авч үлдсэн.

Ийнхүү АН төрд гарч, эрх мэдлийг атгаснаар бүхий л шатанд коммунист арга барил руу шилжих болов. Захиргаадах, хүч түрэмгийлэх, хэнийг ч  үг хэлүүлэхгүй, хэний ч саналыг сонсохгүй байх  нөхцөл байдал бүрдэв. Ингэснээр өөрийн хүсэлтээр байтугай  өөрийн буруугаас  нийгэмд болон бусдад, эсвэл салбартаа хор хохирол учруулсан хэн ч огцрох, хариуцлага хүлээх боломжгүй, гагцхүү нэг нам мэддэг, шийддэг тогтолцоо руу орлоо.

Одоо АН  “Би халуу­цаад байна. Тиймээс  давхар дээлнээс татгалзлаа. Сайдын албан тушаалаас огцруулж өгнө үү. Цаашид УИХ-ын гишүүнээр, дан дээлтэй дажгүй  сайн ажиллана ” гэсэн  Х.Баттулгыг “Чи халууцаж  болохгүй. Давхар дээлтэйгээ дахиад хоёр жил зүтгэ” гэж байна. Р.Амаржаргалын хэлсэн “Ичиж байна”, Х.Баттулгын тавьсан   “Халууцаж  байна”  гэсэн хүсэлтүүд угтаа агаар нэг юм. Аль алийг нь авч үлдэхээр шийдсэн АН харин ичдэггүй, халууцдаг ч үгүй нам бололтой.

Ч.ЗОТОЛ
ЗУУНЫ МЭДЭЭ

Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine