Сурагч-багш буюу Э.Макроны тэнцвэргүй гэрлэлт

Францын Ерөнхийлөгчийн сонгуулийн шийдвэрлэх шатны санал хураалт энэ сарын 7-нд болно. Тус сонгуульд “Үндэсний фронт” намын дарга Марин Ле Пен, Эдийн засгийн сайд асан Эммануэл Макрон нар тунаж үлдсэн билээ.

Гэхдээ сүүлийн үеийн санал асуулгуудад Э.Макрон тэргүүлсэн үзүүлэлттэй байгаа бөгөөд олон улс судлаачид ч, түүнийг ялах магадлал өндөртэй гэдгийг тодотгож буй.

Э.Макрон харьцангуй залуу бөгөөд эдүгээ 39 настай. Түүнчлэн, аль нэг намын харьяалалгүй, улс төрд туршигдаагүй төдийгүй кампанит ажлынхаа үеэр тавьсан илтгэл бүртээ гүн сэтгэгчдийн үгнээс иш татдаг гээд түүнд давуу тал их. Үүний зэрэгцээ хайр дурлалын адармаатай түүх нь ч түүнийг Ерөнхийлөгч болоход нэг алхам ойртуулж буйг зарим хэвлэл онцолж байгаа юм.

Өнгөрсөн сарын 23-ны өдрийн сонгуулийн эхний шатны санал хураалтад Э.Макрон хамгийн их хувийн санал авч, хоёрдугаар шатанд тунаж үлдсэн. Тухайн үед ялалтаа зарлахаар дэмжигчдийнхээ өмнө гарахдаа тэрбээр эхнэр Брижитийнхээ гараас чанга атган хамтдаа гарч ирсэнээр хосуудын хайрын түүх олны анхаарлыг татаж эхэлсэн байдаг. Түүний энэ америк маягийн алхам Францын улс төрд ер бусын байсан нь мэдээж. Гэхдээ хосуудын тэнцвэргүй гэрлэлт ч ер бусын байлаа.

Ирээдүйн Францын тэргүүн хатагтай Брижит Макрон нөхрөөсөө 24 насаар эгч. Тэдний хайрын романс нэр дэвшигч Э.Макроныг 16 настай Амьены ахлах сургуулийн сурагч байхаас эхтэй. Эммануэл Макрон багадаа театрын урлаг, яруу найрагт туйлын сонирхолтой хүүхэд байсан бол Брижит тухайн үед сургуулийнх нь театрын багшаар ажилладаг байсан гэдэг. Энэ үед л өсвөр насны Макрон 40 насны босго аль хэдийнэ алхсан багшдаа ухаангүй дурлажээ. Харин тухайн үед Брижит гэрлэсэн. Гурван хүүхэдтэй гэрийн эзэгтэй байсан бөгөөд том охин Лоренс нь  Макроны ЕБС-ийн нэг ангийн сурагч байв.

Гэвч, Эммануэлийн эцэг эх  өсвөр насны хүүгээ өөрсөдтэйгөө чацуу шахам бүсгүйд дурласныг нь хүлээн зөвшөөрч чадаагүй байна. Ингээд түүнийг Парис руу явуулжээ. Тэнд Макрон том орон сууцны байранд ганцаархнаа амьдарч, тэндээ ахлах сургуулиа төгсчээ. Энэ хугацаанд тэдний дурлалын романс үргэлжилсээр л байсан гэнэ. Брижит нэг удаа телевизийн баримтат нэвтрүүлгийн үеэр “Бид байнга л утсаар ярьдаг байсан. Бүр хэдэн цагаар ч хамаагүй ярьдаг байлаа” хэмээн дурсчээ. Эцэст нь, Брижит нөхрөөсөө салахаар шийджээ. Ингээд хуучин амьдралаа Амьенд үлдээж, Парис руу явсан байна. 13 жил нэг нэгнээ гэсэн хайр сэтгэл үргэлжилсээр 2007 онд тэд гэрлэжээ. Тэр үед Брижит 54 настай байсан бол Макрон 29-тэй байсан гэнэ.

“Би түүнийгээ нуухыг хүсэхгүй байна. Тэр миний амьдралд байгаа, үргэлж байсаар ирсэн”. Энэ үгийг эхний шатны сонгуульд ялалт байгуулсан Макрон “BFM” телевизэд ярилцлага өгөхдөө итгэл төгс илэрхийлсэн байдаг.

Нэг талаас, насанд хүрээгүй хүүхдийг уруу татсан мэт харагдах тэдний хайрын романс эдүгээ, харин ч эсрэгээрээ Макроны имижэд  эерэгээр нөлөөлөх болжээ. Түүгээр ч барахгүй 39 настай Эммануэль, 64-тэй Брижит  нарын  шүтэн бишрэгчид нэмэгдэж байгаа гэнэ.  Энэ асуудлыг олон улсын хэвлэлд хэтрүүлэн сенсааци  болгон  мэдээлж буй ч францууд огт өөрөөр хүлээж авч буй юм. Учир нь францууд хайр сэтгэлийн асуудалд хэн нэгэн хөндлөнгөөс оролцох ёсгүй гэж үзэцгээдэг ажээ. Ямартай ч, АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп эхнэр Мелания Трампаас 24-өөр ах байхад төдийлөн шуугихгүй атлаа, Францын шинэ Ерөнхийлөгчөөр сонгогдох магадлал бүхий эр эхнэрээсээ 24 насаар дүүмэд байхад юу нь болохгүй байх билээ.


Монголын мэдээ
Б.Даваахүү

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.