Озоны давхаргыг хамгаалах олон улсын өдөрт
2020 он гэхэд озон задалдаг бодис агуулсан төхөөрөмж гаалиар орж ирэхгүй

Жил бүрийн есдүгээр сарын 16-ны өдрийг “Озоны давхаргыг хамгаалах олон улсын өдөр” болгон тэмдэглэдэг билээ. Энэ өдрийг  өнгөрсөн жил “Ирээдүйдээ бидний хүсч буй агаар мандал” сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүлж байгаа бөгөөд озоны давхаргыг хамгаалах асуудлаар БОНХЯ-ны Озоны үндэсний албанаас тодорхой ажлуудыг зохион байгуулж байсан юм. Тэгвэл энэ өдөр тун удахгүй болох гэж байна. Энэ удаагийн “Ногоон хөгжил” буландаа озоны давхарга гэж юу болох, үүнийг яагаад хамгаалах шаардлагатай талаар багахан мэдээллийг хүргэж байна.
 
Озоны давхарга гэж юу вэ...

Озоны давхарга гэдэг нь дэлхийн агаар мандал дахь озоны өндөр агууламж бүхий хэсэг юм байна. Энэ давхарга нь дэлхий дээрх амьд биетүүдэд хор хохирол учруулах чадвар бүхий, нарны хэт ягаан туяаны 93-99 хувийг шингээж, дэлхий рүү нэвтрүүлэхгүй байх үүрэгтэй аж. Дэлхий дээрх нийт озоны 91-ээс илүү хувь нь тус давхаргад байдаг бөгөөд озоны давхарга нь байршил, дэлхийн улирлын байдлаас шалтгаалж зузаан нь өөрчлөгдөж байдаг гэнэ. Озоны давхаргыг Францын эрдэмтэн Чарльз Фабри, Анри Буйссон нар 1913 онд илрүүлжээ. Энгийн спектрофотометр (Доб­сон­метр)-ийг бий бол­госон, Британийн цаг уурч Г.М.Б.Добсон стратосфер дахь озоны хэмжээг газар дээрээс хэмжиж чадсан бөгөөд озоны давхаргын дэлгэрэнгүй шинж чанаруудыг судалсан байна. Добсон 1928-1958 онд озоны хяналтын станцуудын дэлхий нийтийн сүлжээг бий болгосон нь одоо хүртэл ажилладаг аж.
 
Озоны давхарга яагаад гэмтдэг вэ...

Дэлхийн хэмжээнд өнгөрсөн 20 жилийн дотор озоны давхаргыг гэмтээдэг бодисыг гидрохлорфторт нүүрстөрөгч хэмээх бодисоор сольсон боловч энэ нь дэлхийн дулааралд ихээхэн нөлөөтэй хүлэмжийн хийг ихээр агуулдаг аж. Тиймээс энэ бодисыг дараагийн хорин жилд өөр бодисоор солих зорилго тавин улс орон бүр ажиллаж байгаа гэнэ. Манай улс ч  1996 онд нэгдэн орсон бөгөөд гидрхлорфторт нүүрстөрөгчийн  төрлийн бодисыг хөргөгч хөлдөөгч, кондейшн зэрэгт хэрэглэхийг багасгах зорилгоор менежментийн төлөвлөгөө бо­ловсруулан ажиллаж байгаа юм байна. Дашрамд сонирхуулахад, озон нь агаар мандал дахь хүчилтөрөгчийн гурван атомын нэгдэл бүхий хамгийн жижиг хэсэг боловч хүмүүсийн эрүүл мэндийг нарны хортой хэт ягаан туяанаас хамгаалагч бамбай болдог аж. Озоны давхарга цоорсноор нарны хортой хэт ягаан туяа дэлхийн гадаргад шууд тусч, хүний дархлалын системийг доройтуулах, нүдэнд цагаа унах, болор цайх, нүд сохрох, арьсны хорт хавдар үүсгэх, арьсыг эрт хөгшрөөх, экосистем алдагдах, ургамлын гарц буурах, давжаарах зэрэг сөрөг үр дагавар бий болдог байна.
 
Озоны давхаргыг хамгаалахад иргэн бүрийн оролцоо чухал

 


Озоны давхаргыг хамгаалахад иргэдийн оролцоо чухал хэмээн албаны хүмүүс хэлдэг. Тэгвэл иргэд хэрхэн туслах ёстой вэ гэвэл озон задалдаг бодис агуулсан хөргөгч, хөлдөөгч, хөргүүр, эйр кондейшн, хөргөх лангуу зэрэг хөргөх тоног төхөөрөмж худалдан авахгүй байхад л бидний тус оршдог юм байна. Ингээд  БОНХЯ-ны Озоны үндэсний албаны захирал др, проф Ц.Адъяасүрэнгийн ярьсныг хүргэж байна. “...Манай улс НҮБ-ын БОХ-ийн Озоны давхаргыг хамгаалах конвенцид нэгдэн орсон. 1996 оноос Монгол Улс озон задалдаг бодисыг бууруулах, хамгаалахын тулд тодохрхой үе шаттай арга хэмжээнүүдийг  авч байгаа. Эхний ээлжинд озоны давхаргыг хамгаалах Монгол Улсын үндэсний хөтөлбөрийг боловсруулж Олон улсын байгууллагаар дэмжүүлж, Засгийн газраар батлуулж ажилласан. 1999 онд Засгийн газрын 129 дүгээр тогтоолоор Үндэсний хөтөлбөрийг баталсан юм.

Үүний дараагаар үндэсний хууль, тогтоомжид озоны давхаргыг хамгаалахад тусгаж оруулсан байгаа. Тухайлбал, агаарын тухай хуулийг гурван удаа шинэчлэн найруулга хийгдсэн. Мөн энэ оны зургадугаар сард хамгийн сүүлийн шинэчилсэн найруулагад озоны давхаргыг хамгаалах, озон задалдаг бодисыг хязгаарлах аргыг тусгаж оруулсан байгаа. Озон задалдаг бодисын импортыг хязгаарлах квотыг тогтоодог болсон.

Ингэснээр байгаль орчин аялал жуучлалын яамнаас жил тутам озон задалдаг бодисыг хэдий хэмжээтэйгээр хил гаалиар оруулж ирэх вэ гэдгийг квотоор  тогтоож байгаа. Бодит ажил амжилттай хэрэгжиж байгаа. Өөрөөр хэлбэл, энэ озон задалдаг бодис бүхий хөргөлтийнн төхөөрөмжүүдийг хязгаарласан. Ийм бодистой хөргөлтийн системийг жил тутам цөөн тоогоор оруулж ирж байгаа. Ингээд үндсэндээ 2020 он гэхэд озон задалдаг бодис болон дэлхийн дулааралд нөлөөтэй бодис бүхий хөргөлтийн тоног төхөөрөмж гаалиар орж ирэхгүй болно. Ер нь энэ төхөөрөмжүүд болоод бодисыг жил тутам бууруулах талаар зөвшөөрлийн тоголцоо бүрдсэн. Энэхүү  зөвшөөрлийг Байгаль орчны ногоон хөгжлийн яамны Озоны үндэсний алба өгдөг. Энэхүү зөвшөөрлийн хяналтыг Монгол Улсын Гаалийн  газар хянадаг.  Гаалийн ажилчид үүнийг маш сайн хянаж байгаа. 1999 оноос энэ арга хэмжээ хэрэгжиж эхэлсэн үндсэндээ Монгол улсын хэмжээнд 13 жил явуулж байна. Тиймээс бүхэл бүтэн тогтолцоо бол бий болчихсон.

Хэрэв бид хэрэглээгээ зогсоож чадвал озоны давхаргын цоорхой 2065 он гэхэд нөхөгдөнө. Энэхүү хэрэглээг зогсоож чадахгүй бол энэ үйл ажиллагаа бол ухарч магадгүй. Иймээс 50 жилийн дотор озоны давхаргыг нөхөхийн төлөө дэлхийн нийтээрээ ажиллаж байна...” гэсэн юм. Тэгэхээр эх дэлхийгээ хамгаалахын зэрэгцээ өөрсдийгөө эрсдэ­лээс хамгаалах энгийн зүйлүүдийг мэдэх хэрэгтэй болжээ. Түүнчлэн өөрсдийн хэрэглээндээ ч анхаарах цаг нь ирснийг сануулъя.


МОНГОЛЫН МЭДЭЭ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Гэрэлмаа 2014-09-09 13:08:58
    Дэмжиж байна аймгуудын байгаль орчны газар болон БСГ төрөл бүрийн ажлуудыг зохиомоор байна.
    203.91.117.4
    Мэдэгдсэн Хариулах