Цусны эмгэг, хорт хавдартай хүүхдүүдэд зориулсан эмнэлэг ирэх сард ашиглалтад орно
ЭХЭМҮТ нь төрөлжсөн нарийн мэргэжлийн гурав дахь шатлалын тусламж, үйлчилгээг улсын хэмжээнд үзүүлдэг төрөлжсөн мэргэжлийн эмнэлгүүд, хоёр зөвлөх поликлиниктэй, эх хүүхдийн талаархи эрдэм шинжилгээ, судалгаа, сургалтын ажлыг улсын төвшинд хариуцан ажилладаг сургалт, эрдэм шинжилгээний салбартай, үндэсний төв эмнэлэг билээ. Одоогоос хоёр жилийн өмнө ЭХЭМҮТ-ийн хашаанд цусны эмгэг, хорт хавдартай хүүхдүүдэд зориулсан эмнэлэг барихаар шавыг нь тавьсан юм. Энэхүү эмнэлгийн барилгын ажлын явц болон бусад зүйлийн талаар ЭХЭМҮТ-ийн дарга Ш.Энхтөрөөс тодрууллаа.

-Манай улсад цусны эмгэг, хорт хавдартай хүүхдүүдэд эмчилгээ, тусламж үйлчилгээ үзүүлдэг эмнэлэг танайхаас өөр байдаг уу?

-ЭХЭМҮТ бол цусны өвчтэй хүүхдүүдийг эмчилдэг ганц эмнэлэг. Тиймээс ачаалал ихтэй байдаг. Харин энэ ачааллыг багасгах зорилгоор “Энэрэл нигүүлсэл, оюун билгийн төв” төрийн бус байгууллагын тэргүүн Ажиа гэгээн Лувсантүвдэнгийн санаачилгаар хүүхдийн цусны эмгэг, хавдар судлалын эмнэлэг барихаар болж, 2012 оны тавдугаар сард шавыг нь тавьсан. Харин тун удахгүй буюу ирэх сарын 28-нд эмнэлэг маань ашиглалтад орох гэж байна.

-Барилгын ажил дууссан гэж ойлгож болох нь ээ?

-Барилгын ажил үндсэндээ дуусч, тоног төхөөрөмжийг оруулах л үлдээд байгаа. Энэхүү эмнэлгийг иргэд, аж ахуйн нэгжийн хандив, тусламжаар барьсан. Эмнэлгийн нийт өртөг 4.1 тэрбум төгрөг болсон. Барилгыг “Тэргүүн чансаа” компани буцалтгүй тусламжаар барьж өгсөн.

-Энэ эмнэлэг хэчнээн тасагтай байх вэ. ЭХЭМҮТ-ийн эмч нар ажиллах уу?

-Эмнэлэг маань нийт 4600 ам.метр талбайтай, долоон давхар барилга байгаа. Нярайн эрчимт эмчилгээний тасаг, мэс засал, хавдартай хүүхдүүд хэвтэн эмчлүүлэх тасаг болон эцэг эхчүүдийн өрөөтэй. Сүүлийн үеийн төхөөрөмжөөр тоноглогдсон. Эмч нарын тухайд гадаадаас урилгаар болон сайн дураар ирж ажиллах юм. Мөн манай эмч нараас ч ажиллана.

-Энэ төрлийн өвчтэй хүүхдүүдийн эмчилгээнд урт хугацаа шаардагддаг байх. Үүнд хэрхэн анхаарч байна вэ?

-Цусны эмгэгтэй хүүхдүүд 3-5 жилийн турш эмнэлэгт эмчлүүлэх шаардлагатай байдаг. Мөн сэтгэл санааны дэм өгч эмчлэх нь хамгийн чухал байдаг. Тиймээс эмнэлгийн дэргэд эмч нарын сургалт, хурлын танхим, сэтгэл заслын танхимтай гурван давхар барилга барьж байна.
 
Х.ЖАРГАЛ
МОНГОЛЫН МЭДЭЭ
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.