
Гацууртын орд дахь Сентерра Гоулд компанийн эзэмшлийн лицензийг цуцлуулах “Ноён уулаа аврах хөдөлгөөн” төрийн бус байгууллагын нэхэмжлэлийг Захиргааны хэргийн анхан шатны шүүх өчигдөр хэлэлцлээ. Шүүх хурал нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд болон “Сентерра Гоулд” компани, Засгийн газрын төлөөлөл зэрэг бүх талын ирцтэйгээр 14:00 цагт эхлэв.
Шүүх хурал эхлэхэд нэхэмжлэгч, хариуцагч хоёр талаас хүсэлт гаргажээ. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс хэргийг хэрэгсэхгүй болгож нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах хүсэлтийг гаргасан байна. Шүүх бүрэлдэхүүн уг хүсэлтийг хэлэлцээд хэрэгсэхгүй болгожээ. Харин нэхэмжлэгчийн талаас гаргасан “Сентерра Гоулд” компанийн эзэмшлийн 431 А, 372 А, 5058 А, 10810 А дугаартай тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах хүсэлтийг гаргаад байсан юм.
Шүүх бүрэлдэхүүн тусгай зөвшөөрлүүдийн биелэлтийг хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл түдгэлзүүлжээ. Өөрөөр хэлбэл, “Ноён уулаа аврах хөдөлгөөн” төрийн бус байгууллагын нэхэмжлэлийг шүүхийн шатанд шийдвэрлэж дуусах хүртэл “Сентерра Гоулд” компани эзэмш-лийн дөрвөн лицензтэй талбайд үйл ажиллагаа явуулах, эргэлтэд оруулах боломжгүй болж байна.
Зууны мэдээ
Б.Заяа