Оросуудын олонх нь Путиныг 2018 онд дахин сонгогдоосой гэж хүсдэг
“Левада-центр”-ээс явуулсан санал асуулгаар Оросын иргэдийн 2/3 нь ирэх 2018 оны сонгуульд Владимир Путиныг дахин сонгогдоосой гэж хүсдэг гэнэ. Гэхдээ Путин сонгуульд хүчээ үзэх төлөвлөгөөгөө огт мэдэгдээгүй юм. Үүнээс өмнөхөн социологичид санал асуулга явуулахад оросуудын тал орчим хувь нь Ерөнхий сайд Дмитрий Медведевийг огцрохыг дэмжсэн аж.

Путиныг Ерөнхийлөгчөөр дахин ажиллаасай гэж санал асуулгад оролцогчдын 64 хувь нь хүсчээ. Харин түүний оронд өөр хүн байвал дээр гэсэн хариултыг 22 хувь нь бөглөсөн байна. Үлдсэн 14 хувь нь ямар нэгэн хариулт өгч чадаагүй аж.

Түүнчлэн эдгээр оролцогчоос Ерөнхийлөгчийн сонгууль ойрын ням гарагт болбол хэний төлөө санал өгөх вэ гэж асуусан байна. Олонх нь сонгуульд оролцоно гэдгээ ч тодорхойлж чадаагүй аж. Тиймээс Путиныг дэмжихэд бэлэн гэж ердөө 48 хувь нь мэдэгджээ. Харин оросуудын 10 хувь нь сонгуульд саналаа өгөх эсэхээ мэдэхгүй байна гэсэн бол саналаа өгөхгүй гэсэн нь 13 хувь, ямар нэр дэвшихээ сайн мэдэхгүй байгаа нь 19 хувьтай байв.

Харин сонгуульд оролцоход бэлэн, хэний төлөө өгөхөө тодорхойлсон гэх хүмүүсээс 83 хувь нь Путиныг дэмжинэ гэжээ. Тэгвэл Владимир Жириновский, Геннадий Зюганов, Сергей Шойгу, Алексей Навальный нарын рейтинг таван хувьд хэлбэлзэж байна.

Санал асуулгыг гуравдугаар сарын 31-нээс дөрөвдүгээр сарын 3-нд явуулсан бөгөөд Оросын 48 мужийн 137 суурингаас 18-аас дээш насны 1600 хүнээс авсан байна.

Энэхүү судалгааг авсан “Левада-центр” өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведевийн нэр хүндийг үнэлсэн нь улс төрийн дуулиан дэгдээсэн юм. Судалгаанаас харахад оросуудын бараг тал хувь нь буюу санал асуулгад оролцогчдын 45 хувь нь ямар нэгэн байдлаар Засгийн газрын тэргүүнээ огцрох ёстой гэжээ.

Өнгөрсөн оны тавдугаар сараас хойш Медведевт итгэдэг оросуудын тоо 53 хувиас 33 болтлоо буурсан байна. Өнгөрсөн оны сүүлчээр болсон санал асуулгаар 48 хувь нь Ерөнхий сайдад итгэдэг гэж байв.

Ерөнхий сайдын нэр хүнд унасан нь Навальныйн мөрдлөг шалгалтаар хийгдсэн баримтат кино гарсантай холбоотой гэж “Левада-центр” үзжээ. Энэхүү кинонд Медведевийг авлигын хэрэгт сэжиглэсэн аж. Ерөнхий сайдын хэвлэлийн нарийн бичгийн дарга Наталья Тимакова энэхүү санал асуулгыг захиалгаар хийгдсэн гэж мэдэгдсэн байна. Тэрбээр “Засгийн газрын тэргүүн социологийн санал асуулгад онцгой ач холбогдол өгөхгүй байгаа. Ялангуяа “Левада-центр”-ээс явуулсан санал асуулга улс төрийн тодорхой захиалгатай” гэж мэдэгджээ.

Үүний хариуд “Левада-центр”-ийн захирал Ерөнхий сайдын хэвлэлийн нарийн бичгийн даргыг уучлал гуйхыг шаарджээ. Тэрбээр “Улс төрийн захиалга хэмээн худал нотолгоо гаргаж ирсэн тэд өөрсдөө уучлалт гуйсан нь дээр. Судалгааг бид өөрсдөө санаачлан явуулсан. Хэн ч бидэнд захиалга өгөөгүй” гэж хэлсэн байна. Үүнээс гадна тэрбээр “Левада-центр”-ээс явуулсан санал асуулгаар Путиныг дэмжигчдийн тоо өндөр байгаа тухай гарахад төр засгаас яагаад шүүмжлэхгүй байгаад гайхаж буйгаа илэрхийлжээ. Ерөнхийлөгч Путины хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков Засгийн газрын хэцүү бэрх ажлын улмаас социологийн мэдээлэл өөрчлөгдөж болно хэмээн тайлбарласан байна. Үүнээс гадна Кремль энэхүү мэдээлэлд дүн шинжилгээ хийх болно гэж Песков амлажээ. Путины хувьд одоохондоо 2018 оны сонгуульд оролцох төлөвлөгөөтэй эсэхээ зарлаагүй байна. Кремлийн зүгээс энэ асуудлыг хөндөхөд арай эрт байна гэж мэдэгджээ.

Өглөөний сонин
Э.Мөнхзаяа
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Орос менталитет!!! 2017-05-03 05:01:40
    Оросын ард түмэн Иван Грозный-оос хойш Их гүрний харьяат байх гэдэг хийрхэлтэй болчихсон юм! Идэх талхгүй ч байсан Их Гүрний иргэн гэж бахархдаг!!
    66.181.160.73
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2017-05-03 04:13:01
    бурханы шашинтай монгол улсад путин шиг ганц ерөнхийлөгч заяачихгүй л юм байхдаа хөөрхий зайлуул
    202.72.245.122
    Мэдэгдсэн Хариулах