Эвлэрүүлэн зуучлах үйлчилгээ орон нутагт амжилттай хэрэгжиж байгаа гэв
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Орхон аймагт ажиллаж байгаа. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр өнөөдөр (2017.05.01) Орхон аймаг дахь шүүхэд ажиллаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаатай танилцлаа.

Иргэдийг шүүхийн "Хөтөч туслах” угтаж заавар, зөвлөгөө өгч байгааг Ч.Өнөрбаяр зөвлөх "Хууль зүйн туслалцаа хүссэн иргэд хаана, хэнд хандахаа тэр бүр мэддэггүй. Шүүхийн ажилтан үйлчлүүлэгчдийнхээ хөтөч болж байгаа нь сайн жишиг” гэлээ. Иргэдэд үйлчлэх танхимд "Хөтөч туслах”-аас гадна Мэдээлэл, лавлагааны ажилтан иргэдэд үйлчилж буй. Мөн ухаалаг самбарын тусламжтайгаар Шүүхийн ерөнхий зөвлөл болон Орхон аймаг дахь шүүхийн тамгын газрын цахим хуудаснаас мэдээлэл авах боломжтой. Ухаалаг самбараар мөн www.shuukh.mn цахим хуудаснаас шүүхийн шийдвэртэй танилцах боломжийг бүрдүүлжээ. Иргэд шүүхээс хүссэн мэдээллээ авах боломжийг гурван төрлөөр бүрдүүлж өгсөн нь шүүх нээлттэй, үйлчилгээний байгууллага болсны илрэл гэж үзэж байгаагаа Ч.Өнөрбаяр зөвлөх илэрхийлсэн юм.

Шүүхүүдэд "Хүүхэд хамгааллын өрөө” тохижуулсан. Хүүхэд шүүх хуралдаанд оролцох шаардлага гарвал нас, сэтгэхүйд нь зориулан тохижуулсан "Хүүхэд хамгааллын өрөө”-нөөс мэдүүлэг өгнө. Тухайн хүүхдийн өгч байгаа мэдүүлэг шүүх хуралдааны танхимд шууд гарч байхаар онлайн холболт хийжээ. Мөн шүүх хуралдааны танхимд онлайнаар хуралдаан хийх төхөөрөмж суурилуулсан, шүүх хуралдааны бичлэг архивлагдаж байгаа зэрэг нь Ерөнхийлөгчийн эхлүүлсэн шүүхийн шинэтгэлийн үр дүн гэдгийг Орхон аймаг дахь шүүхийн тамгын газрын дарга М.Ганчулуун танилцуулгадаа онцлов. "Эрүүгийн хэргийн бүртгэл, хяналтын нэгдсэн систем” ашиглалтад орсноор хуулийн бусад байгууллагатай мэдээлэл солилцох боломж бүрдсэнийг шүүгчид мөн танилцууллаа.

Эвлэрүүлэн зуучлах үйлчилгээ Орхон аймаг дахь шүүхэд амжилттай хэрэгжиж буй. Эвлэрүүлэн зуучлагч П.Бямбацэцэгийн танилцуулснаар он гарсаар 248 өргөдөл хүлээж авсны 210-ыг нь шийдвэрлэжээ. Тэдгээрийн 155 нь эвлэрч, шүүхээр маргаанаа шийдүүлэх шаардлагагүй болсон байна. Ингэснээр Орхон аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ачааллыг 35 хувиар бууруулсан байна.

Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.