Украины боксчин "Ган алх" хочит Владимир Кличко 2015 оны арваннэгдүгээр сараас хойш анхны тулаандаа орж, Британийн боксчин Энтони Жошуатай ганцаарчилсан тулаан хийлээ. Тэгвэл тэрбээр гурван удаа нокдаунд орж, 11 дүгээр раундад тулаанаа зогсоосон байна. Жошуагийн хувьд нэг удаа шалан дээр унасан боловч Кличкод боломж олгосонгүй. Энэхүү ялагдлын дараа Украины алдарт боксчин зодог тайлах эсэхээ зарлаж магадгүй байна.
Владимир Кличко Британийн боксчин Энтони Жошуатай хийсэн тулааныг үнэхээр гайхмаар зүйл болсон гэжээ. Тэрбээр тулаанд ялагдсан ч сэтгэл хангалуун байгаа гэнэ. Хоёр боксчин хоёул нокдаунд орсон ч Жошуа сүүлийн раундад өрсөлдөгчөө техникийн нокаутанд оруулсан. Ийнхүү Энтони Жошуа Олон улсын боксын, холбооны чансаагаар дэлхийн аварга цолоо хадгалан үлдэж, Дэлхийн боксын нийгэмлэгийн хүнд жингийн бүсийг авч чадлаа.
Тулааны дараа Кличко “Өнөөдөр шилдэг нь яллаа. Хоёр боксчны хувьд үнэхээр гайхмаар тулаан байлаа. Энтони өнөөдөр надаас илүү байсан. Миний
хувьд ялж чадаагүйдээ үнэхээр харамсаж байна. Энтонид хүндэтгэл илэрхийлье" гэж мэдэгджээ. Харин Жошуа “Би түүнийг нокаутанд оруулж болох юм гэдгийг мэдэж байсан. Гэхдээ раунд бүртээ суралцсаар байсан. Би дасгал сургуулилтаар тулаанд ялдаг юм гэдгийг харуулж чадлаа. Энэ бол маш амаргүй зүйл. Тэгээд ч бокс бол спортын хамгийн хүнд төрөл. Үүнд бэлтгэлтэй байх хэрэгтэй" хэмээжээ.
Энэ бол Жошуагийн карьерын түүхэн дэх 19 дэх ялалт. Өдгөө 27 настай тэрбээр бүх тулааныг нокаутаар ялаад байгаа аж. Харин мэргэжлийн рингэн дээр тэрбээр ялагдал гэдгийг амсаж үзээгүй.
Тэгвэл 41 настай Кличко карьерынхаа түүхэн дэх тав дахь ялагдлыг амслаа. Түүний хувьд 69 тулаанд оролцож байснаас 64-т нь ялж, үүнээс 53-т нь нокаутаар ялалт байгуулж байсан түүхтэй.
Хоёр боксчны тулааны гэрээнд даагаа нэхэж тоглох гэсэн заалт байгаа ч Кличко хэсэг хугацаанд зодог тайлах эсэх асуудлаараа бодох хүсэлтэй байгаа гэж мэдэгджээ.
Өглөөний сонин