Долоо хоногийн тойм
Өнгөрч буй долоо хоногт улс эх оронд олон үйл явдал өрнөлөө. Улс төр, нийгмийн амьдралын хүрээнл өрнөсөн эдгээр үйл явдлуудаас онцлон хүргэж байна. 

Хэвлэл мэдээллийн байгууллагууд Зөрчлийн хуулийн зарим заалтыг эсэргүүцлээ
 
Монголын хэвлэл мэдээллийнхэн Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хийх болсныг хүчтэй эсэргүүцлээ.
 


Тодруулбал телевизийнхэн “Иргэдийн мэдэх эрхэнд онц аюул учирлаа” хэмээн бичиж  мэдээллийн хөтөлбөр гардаг 20:00-21:00 цагийн хооронд эфирээ хааж эсэргүүцлээ илэрхийллээ. Мөн өдөр тутмын сонинууд ч энэ хуулийн төслийн бодит амьдралд нийцэхгүй, ноцтой заалтуудыг эсэргүүцэн, эхний нүүр болоод улс төрийн мэдээллийн нүүрээ ямар нэгэн мэдээлэлгүй хоосон нийтэлсэн билээ.  Мөн мэдээллийн сайтууд пүрэв гарагт  сайтын нүүрээ харлуулж, эсэргүүцлээ илэрхийлсэн юм.

Учир нь УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж гишүүдийн ихэнх нь дэмжсэн юм. Энэхүү хуулийн төсөлд УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын гаргасан горимын санал гишүүдийн дэмжлэг авч, хувь хүнийг фэйсбүүк, твиттер болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр гүтгэсэн тохиолдолд иргэн 10 сая, ААН-ийг 100 сая төгрөгийн торгох ял оноох, торгуулиа төлөхгүй бол 7-30 хоног баривчлах заалт тусгагдаад байсан билээ. Тэгвэл хэвлэл мэдээллийнхний  хүчтэй эсэргүүцлээс болж Ц.Гарамжав гишүүн гаргасан саналаа татаж авлаа. 
Ерөнхийлөгч чуулганы хуралдаан дээр мэдээлэл хийлээ

УИХ-аар хэлэлцэж байгаа Зөрчлийн тухай хуульд орсон хэвлэл мэдээллийн хэрэгслийг боомилох заалтын эсрэг хэвлэлийнхэн нэгдэж тэмцээд байгаа.  Тэгвэл Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж чуулганы нэгдсэн хуралдаан дээр байр сууриа илэрхийллээ.
 

Тэрбээр “Ойрын өдрүүдэд иргэдийн мэдээлэл авах эрх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх асуудал яригдаж байна.Амлалтаа хэрэгжүүлээгүйн төлөө төрийн өндөр дээд албан тушаалтнууд хариуцлага хүлээдэг юм байгаа юу, байхгүй. Эхлээд төрийн өндөр дээд албан тушаалтнууд хариуцлагатай болох ёстой. Ёс зүйгүй авирласны хариуцлагаа хүлээх ёстой. Иргэдийн нүд чих болсон хэвлэл мэдээллийг боомилсон ямар нэг заалт оруулж болохгүй. Өөр олон боломжууд байхад хамгийн бүдүүлэг аргаар торгоно гэж шийтгэх нь буруу. Торгууль нэмлээ гэж нэлээн шуугилаа. Тэгээд гаргасан саналаа татаж авлаа гээд үндсэн санал нь үлдэж байна. Тиймээс үндсэн саналаа ч татаж авах хэрэгтэй. Улс төрийн албан тушаалтнууд гомдол гаргах эрхийг нь ч гэсэн хаах хэрэгтэй. УИХ-ын гишүүд өөрсдөө л биеэ зөв авч явж, үгээ цэгнэх хэрэгтэй. Тийм байхад нийгмийн зүгээс гарч буй шүүмжлэл нь та нарт хэрэгтэй. Хэвлэлийн эрхийг боох байдал гарч болохгүй. Энэ заалтыг бүр мөсөн авч хаях хэрэгтэй" гэлээ.
 
ОУВС  Төсвийн тодотголыг дахин нягталж үзэхийг зөвлөв

Монгол улсын эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулахаар эрх баригчид ОУВС-д хандаад байсан. Улмаар тус сангаас Монгол улсыг “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамруулахаар шийдвэрлэсэн билээ.Ингэхдээ манайд тодорхой хэд хэдэн нөхцөл тавьж, биелүүлсэн тохиолдолд хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлнэ гэдгээ мэдэгдээд байсан юм. Энэ дагуу  УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийсэн даруйд 2017 оны төсөвт тодотгол хийсэн.
 

Төсвийн тодотголын хуулийг дагаж УИХ-ын тогтоол батлагдсан. Тус тогтоолд хөрөнгө оруулагчидтай холбоотой, тэдэнд  халтай заалт орсон гэж ОУВС-д зарим хөрөнгө оруулагчид гомдол гаргажээ.Тиймээс ОУВС-ийн зүгээс Монгол Улсын Засгийн газарт Төсвийн тодотголыг эргэж харах, хөрөнгө оруулагчидтай холбоотой заалтыг нягтлах зөвлөмж өгчээ.
29-р сургуулийн захирлыг ажлаас нь чөлөөлөв

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 29-р тусгай дунд сургуульд үүсээд буй асуудалтай холбогдуулан тус сургуулийн захирал Б.Батсайханыг өнгөрөгч лхагва гарагт ажлаас нь чөлөөлжээ. Энэ талаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа  хэлэхдээ Тэрбээр “29 дүгээр сургууль дээр үүсээд буй нөхцөл, зөрчилтэй холбогдуулан НЗДТГ-аас захирамж гаргалаа. Өчигдөр буюу  БСШУСЯ-ны сайдын 101 дүгээр тушаалын дагуу гарсан ажлын хэсгийн дүгнэлттэй танилцлаа. Ингээд бид өнөөдрөөс эхлэн 29 дүгээр сургуулийн захирал Б.Батсайханыг ажлын хариуцлага алдсан гэж үзэж ажлаас нь чөлөөллөө” гэв.

 
29-р сургуулийн сурагчид   багш нар нь дохионы хэлээр хичээлээ заадаггүйгээс болж ерөнхий мэдлэгээ бүрэн эзэмшиж чадахгүй   төгсдөг тухайгаа удаа дараа мэдэгдэж, эсэргүүцлийн жагсаал хүртэл зохион байгуулсан билээ.Сурагчдын ярьж буйгаар тэд зөвхөн хуулан бичлэг хийдэг бөгөөд 40 үгтэй зохион бичлэг хийх, 100-гийн дотор нэмж хасаж, үржүүлж  чадахаас өөр ямар ч мэдлэг эзэмшилгүй төгсдөг аж. Энэ нь тус сургуулийн багш нар сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн эх хэл болсон дохионы хэлийг эзэмшээгүйтэй холбоотой. Иймд сурагчид жирийн хүүхдүүдийн адил сурч боловсрох эрхээ эдлэхийн төлөө эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, хичээл хаялт зарласан билээ. Үүний үр дүнд тус сургуулийн сургалтын чанарын асуудал олон нийтийн анхаарлын төвд орж улмаар, БСШУСЯ-наас ажлын хэсэг гарч ажиллаж хэд хэдэн зөрчил илрүүлсэн. Ингээд тус сургуулийн захирал Б.Батсайханыг хариуцлага алдсан хэмээн үзэж, ажлаас нь чөлөөллөө. 
 
Шилжилт хөдөлгөөнийг зогсоов
 
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдуулан дөрөвдүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн шилжилт хөдөлгөөнийг зогсоолоо. Сонгуулийн тухайн хуулийн 66.2 дэх хэсэгт зааснаар “Иргэдийн засаг захиргааны нэг нэгжээс өөр нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, санал авах өдрийн дараах өдөр сэргээнэ” гэж заажээ. Үүний дагуу иргэдийн шилжилт хөдөлгөөнийг түр хугацаагаар зогсоогоод байгаа аж.


Харин иргэдийн шилжилт хөдөлгөөнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах өдрийн дараах өдөр буюу зургадугаар сарын 27-ны өдөр сэргээж, хэвийн үргэлжлүүлэх юм байна.

Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.