“УИХ-аас Засгийн газрын гишүүнийг томилдог болохоор хариуцлага үүрэх эзэнгүй болоод байна”

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар явуулах анхдугаар зөвлөлдөх санал асуулгын хоёр дугаар шатны  өнөөдрийн хуралдаан “Улсын Их Хурал, Засгийн газрын эрх мэдлийн хяналт-тэнцлийг хангах”  сэдвээр хэсгүүдээс бэлтгэсэн асуулт, хариултаар үргэлжилж байна.

Уг хуралдааныг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Д.Эрдэнэбат нар даргалсан бөгөөд хэлэлцүүлгийн асуулт нэг минут, хариулт хоёр минутаар байхаар тогтов. Мөн хуралдаанд филисофийн ухааны доктор (PhD), хууль зүйн шинжлэх ухааны доктор (ScD), профессор, Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Н.Лүндэндорж, шинжлэх ухааны доктор (ScD), профессор Ч.Энхбаатар, хууль зүйн ухааны доктор (PhD) профессор О.Мөнхсайхан, УИХ-ын гишүүн асан М.Батчимэг нар зөвлөлдөх уулзалтын экспертээр ажиллаж, хэсгүүдээс бэлтгэсэн асуултад хариуллаа.

Тухайлбал, 16, 34, 19, 20, 35 18 дугаар  хэсгүүдийн зүгээс Ерөнхий сайдад Засгийн газрын танхимаа бүрдүүлэх, гишүүдийг томилох, чөлөөлөх эрх өгснөөр эерэг болон сөрөг талууд, хяналтын тогтолцоог хэрхэн бүрдүүлэх талаар илүүтэй сонирхож байлаа. УИХ-ын гишүүн асан Б.Батчимэг хариултдаа, Сонгодог парламентын жишгээр Ерөнхий сайд нь танхимаа өөрөө бие даан бүрдүүлбэл хариуцлага нь сайжирдаг. Учир бүх хариуцлага өөрийн толгой дээр байгаа учраас Засгийн газрын гишүүнээр мэргэжлийн хүнийг томилно. Сайн танхимыг бүрдүүлж байж Засгийн газрын мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлнэ. Өнөөдөр УИХ-аас Засгийн газрын гишүүнийг томилдог болохоор хариуцлага үүрэх эзэнгүй болоод байгаа юм” гэв.

Харин хууль зүйн ухааны доктор (PhD) профессор Б.Мөнхсайхан, Ерөнхий сайд болон Засгийн газрын үйл ажиллагаанд УИХ хяналт тавина. Үүнээс гадна Засгийн газраас гаргаж байгаа тогтоол, шийдвэр, журам нь холбогдох хууль, тогтоомжийг зөрчиж байгаа эсэхэд нь Үндсэн хуулийн цэц, Захиргааны хэргийн шүүх, Хүний эрхийн үндэсний комисс хяналт тавьж ажиллана” хэмээн нэмэлт тайлбар өгөв.

Мөн 47,15,13, 37, 28, 36, 39 дүгээр хэсгүүдээс Засгийн газрын гишүүдийн гуравны нэгээс дээшгүй хувь нь УИХ гишүүн байх хязгаар тогтоовол, давхар дээлтэй гишүүд хариуцлагатай ажиллаж чадах уу, энэ хязгаарыг тогтоох үндэслэл болон ач холбогдол, сөрөг талуудыг нь тодруулж байлаа.

Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Н.Лүндэндорж хариултдаа, УИХ-аас Засгийн газрын гишүүнээр томилогдон ажиллах нь сайн үзэгдэл биш. Учир нь УИХ-ын гишүүний ажлын ачаалал өндөр, дээр нь  салбарын сайдын ажил ч хүнд. Ийм өндөр ачаалалтай, хоёр хүний хийх ажлыг нэг хүн хийнэ өрөөсгөл” гэж байсан бол хууль зүйн ухааны доктор (PhD) профессор О.Мөнхсайхан “Парламентын засаглалтай орнуудад Засгийн газрын гишүүнийг давхар хийх явдал байдаг. Гэхдээ энэ нь 100 –аас дээш хүнтэй парламентад зөвшөөрөгдсөн асуудал. Зарим асуудалд Засгийн газар, УИХ нь эсрэг, тэсрэг байр суурь дээрээ хатуу зогсдогоос болж ажил урагшлахгүй байх явдал бий. Тиймээс бодлогын уялдааг хангах, асуудлыг шийдвэрлэх үүднээс давхар дээлтэй байх шийдлийг гаргасан байдаг” гэв.

Түүнчлэн 46, 2 дугаар хэсгийн зүгээс “Монгол Улын Үндсэн хуульд яамдын тоог болон, нэрийг нь зааж оруулах боломж бий эсэх, Үндсэн хуульдаа яамдын тоог нарийн зааж, тогтоосон улс орон байдаг эсэхэд тайлбар өгөхийг хүслээ.

Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Н.Лүндэндорж, Яамдынхаа тоог Үндсэн хуульдаа нэр заагаад, тоог нь хязгаарлаж тавьсан улс орнуудын тухай дуулаагүй. Гэхдээ Монгол Улсын нөхцөл байдалд ийм шийдэл ач холбогдолтой ч байж мэднэ гэж байлаа. Харин шинжлэх ухааны доктор (ScD), профессор Ч.Энхбаатар, БНМАУ-ын 1940 оны Үндсэн хуульд яам, агентлагуудын тоог зааж өгсөн байдаг. Үүний сөрөг тал гэвэл яамдын тоо, нэр өөрчлөгдөх бүрт Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт хийж ирсэн байдаг. Гэхдээ  өнөөдөр Үндсэн хуульд ийм өөрчлөлтийг хийвэл сонгуулийн дараа яамдыг нэгтгэх, татан буулгах асуудал гарахгүй, улмаар бүтцийн өөрчлөлт нэрээр төрийн албыг бужигнуулж, төрийн албан хаагчдыг олноор нь халж, солих үзэгдлийг хаахад ач холбогдолтой гэж байв.

Зөвлөлдөх санал асуулга үргэлжилж байна.

УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.