Нийтийн тээврийг шинэчлэх цаг болжээ
Нийслэлийн тээврийн газрын дарга Ч.Энхбат, санхүүгийн хэлтсийн дарга Б.Билэгт нар өнгөрсөн нэгдүгээр сарын 28-ны өдөр мэдээлэл хийж том оврын автобусанд том хүн 500, хүүхэд 200 төгрөгөөр, троллейбусанд том хүн 300, хүүхэд 200 төгрөгөөр зорчих болсон гэдгийг албан ёсоор зарласан билээ. Баяр ёслолын далимдуулан юмны үнэ ханш өсгөдөг явдал нийтийн тээврийн салбарт ч давтагдсан нь энэ. Хоногийн хоолоо яая гэж байгаа ядарсан игргэдэд энэ 100 төгрөгний нэмэгдэл яггүй хорлонтой зүйл болсон юм. Тэгвэл хэд хоногийн өмнөөс эхлэн иргэд нэг сарын 30 мянган төгрөгийн үнэтэй тасалбар авч нийтийн тээврээр зорчдог болох шинэ журам нэвтрүүлэх гэж байгаа гэсэн яриа гарах болов. Хууль журам болж батлагдаагүй ч энэ шийдвэрийг сонсоод бухимдав. 

30 мянган төгрөг төлөөд сарын хугацаатай тасалбар авна гэдэг бол байнга автобусаар зорчдог, олон дамжиж ажилдаа ирж очдог хүмүүст бол боломжийн сайхан хувилбар. Гэвч долоо хоногтоо ганц удаа автобусанд суудаг олон мянган иргэд яах вэ. Нийслэлийн Засаг даргын шийдвэр гарч, автомашиныг долоо хоногт дугаарын хязгаарлалттай зорчуулж байгаа гэдгийг бид бүгд мэднэ шүү дээ. Нийслэлд байгаа 100 гаруй мянган машин сард дөрвөн өдөр зогсч эзэд нь нийтийн тээврээр үйлчлүүлдэг. Тэгвэл сард дөрвөн удаа зорчдог иргэд дээр хэлсэн олон дамждаг нөхдийн төлбөрийг халааснаасаа гаргах ёстой болж байх шиг байна. Энэ бол маш буруу. Шударга ёс хаана байна. Үүний оронд нийтийн тээврийн салбарт өөрчлөлт хийж, хүн бүр эрх тэгш үйлчлүүлдэг шинэ журам нэвтрүүлэх хэрэгтэй байна.  

Том оврын автобусаар үнэгүй зорчдог иргэдийн тоо нэмэгдэх тусам Нийслэлийн нуруун дээрх ачаалал нэмэгдэж, улмар үнээ нэмэхээс өөр аргагүй болсон байна. Зөвхөн оюутнуудын нийтийн тээврийн зардалд нийслэлийн төсвөөс жилд 50 гаруй тэрбум төгрөг зарцуулдаг аж. Энэ их мөнгөөр юу хийж болохыг та төсөөлөөд үзээрэй. 117 мянган ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд 28,7 тэрбум төгрөг, 117 мянган оюутанд 23,1 тэрбум төгрөг, цагдаагийн албан хаагчдад 1,3 тэрбум төгрөг зарцуулдаг. Улаанбаатар хот 1.3 сая хүнтэй, түүний тэн хагас нь автобусаар өдөр тутам зорчдог гэж үзвэл 650 мянган хүн нийтийн тээврээр үйлчлүүлдэг гэсэн үг. Тэдний 200 мянга орчим нь төрөөр даалгаж, үнэ төлбөргүй зорчдог ажээ.

Энэ гажиг тогтолцоо нь үнэн хэрэгтээ баялгийг тэгш бус хуваарилах замаар залуусын халааснаас хулгай хийж байгаа юм. Тэтгэвэрийн насны иргэд, оюутан, хүүхдүүд, зарим гавьяат цолтнууд нийтийн тээврээр үнэгүй зорчдог. Үлдсэн жаахан хэсэг нь бусдынхаа өмнөөс мөнгө төлдөг /татвараар/ болж таарч байна.  Өөрөөр хэлбэл, баялгийн ихэнхийг бий болгодог залуухан албан хаагчид бид тэтгэвэрийн хөгшид, тахир дутуу иргэд, оюутан, гавьяатнууд зэрэг бүх л эрхтэн дархтнуудын мөнгийг төлдөг хэрнээ өөрсдөө давхар төлөн “шатаж” байна гэсэн үг юм. Хэрвээ зүй зохистой шинэчлэлийг хийж чадвал нийтийн тээврийн тасалбарын үнийг 200 биш юм аа гэхэд 300 төгрөг болгож буулгах боломж бий. Автобусанд суусан хүн бүх хүн тасалбараа авдаг зарчимд шилжиж байж ийм боломж бий болно.  



Төрөөс татаас өгдөг одоогийн тогтолцоо нь нийтийн тээврийн компаниудыг хувийн ч юм шиг, төрийнх ч юм шиг гаж тогтолцоонд оруулсан. Үүний уршгаар нийтийн тээврийн компаниуд даварч, үйлчилгээ үзүүлэх ёстой иргэддээ үйлчлэхгүй (буудал дээрээ зогсохгүй, цаг барихгүй байх) дутагдал байнга гаргах болсон. Төрөөс нөхөн олговор авч байгаа тул ашигтай ажиллах нь тэдний хувьд сонин биш. Тиймээс БХИС, Цагдаагийн Академи зэрэг алслагдсан сургуулийн оюутнууд автобусны буудлынхаа ард нуугддаг болжээ. Олон оюутан байвал зогсдоггүй учраас ингэхэд хүрсэн байна. 

Нийтийн тээврийг дагасан олон бизнесүүд бий болов. Нийслэлийн төсвөөс нэг оюутны нийтийн тээврийн зардалд 13.200 /2012 онд/ төгрөг төсөвлөдөг байна. Үүнийг дагаад иргэд нийтийн тээврийн компани байгуулах нь нэмэгдлээ. Тэд бүтэн өдөржин яваад бензинийхээ зардлыг л олж байвал болдог тухай нэгэн хувийн компанид ажилладаг найз маань хэлсэн юм. Өөрөөр  хэлбэл, төрөөс өгч байгаа мөнгө бусад зардлыг нь нөхөөд, ашиг гаргахад хангалттай хүрэлцдэг гэнэ. Тиймээс хэдэн төгрөг хуримтлуулж чадсан нэгэн нь хэдэн автобус явуулсан болж, төрөөр, өөрөөр хэлбэл залуус биднээр төлүүлж суудаг байна. Автобус компаниудын хамгийн том нь төрийн өмчийн Автобус-1 ТӨК 120 автобустай бол 12 автобустай компани ч байдаг аж. Тиймээс төрөөс нийтийн тээврийн салбарт нөхөн олговор нэрээр олгодог мөнгийг иргэдийн гарт нь олгоод бүгд нийтээрээ төлбөрөө төлж явдаг болъё. Ингэвэл залуусын нуруун дээрх ачаа бага ч гэсэн хөнгөрөх боломжтой. Өөрөөр хэлбэл, тээврийн үнэ 100 төгрөг хүртэл буурах бололцоотой болно. Харж байхад цагаа ягштал баримталдаг, буудал болгондоо зогсч үйлчилдэг буюу хяналт сайтай Автобус-1 компани л дээрх хувилбарыг дэмжиж байгаа. Бусад нь ус балгасан мэт дуугүй байсаар байна. Энэ нь одоогийн зарчим тэдэнд ашигтай байгаа гэдгийг харуулж байгаа юм. 

Гадаад орнуудад нийтийн тээврийн салбар цэвэр төрийн ивээлд, цэвэр хувийн мэдэлд, төр, хувийн хосолсон гэсэн үндсэн гурван зохицуулалттай байдаг юм байна. Эхнийх нь, Азийн орнуудад ихэвчлэн хэрэгждэг бол нийтийн тээврийн салбараа хувийн хэвшилд даатгасан улс баруун Европт цөөн бус байх аж. Харин манай улс хувийн компаниудад төрөөс нөхөн олговор өгдөг төрийнх ч юм шиг, хувийнх ч юм шиг эрлийз тогтолцоог сонгожээ.            

Уул уурхай зэрэг шавхагдах баялаг дээр дөрөөлсөн эдийн засагтай, улсын төсвөө гурав дахин нугалсан халамжтай манай улсын уул уурхайн баялаг шавхагдаж дуусвал яах вэ. Товчхондоо, ийм маягаар явсаар байвал нийтийн тээврийн салбар бүрэн дампуурна. Хойр жилийн өмнө улс нийтийн тээврийн татаасанд одоо өгдгөөс бараг хоёр дахин бага мөнгө өгдөг байсан шүү дээ. Нийтийн тээврийн салбарт шинэчлэл хийх цаг зайлшгүй болсон, гэхдээ тэр шинэчлэл нь 30 мянган төгрөгийн үнэтэй сарын хугацаанд хүчинтэй тасалбар л биш шүү. Тэгэхгүй бол том оврын автобуснууд дэндүү олширч, /Зураг харахад тодорхой/ тэднийг “тэжээх” хөрөнгийн эх үүсвэр олдохгүй байгаа юм байна гэж ойлгох гээд байна.


Х.БАТСАЙХАН
МОНГОЛЫН МЭДЭЭ

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • mal batsaikhand 2014-07-30 11:41:33
    yu gej hun bolgoniig 30 000 bilet av gehev dee. udriin tasalbar tsagiin tasalbar. bas neg udaagiin huuchin 500 gaar yvah bolomjuud baij l taaraa shuu dee . yum bolgoniig bitgii ingej erguu tolgoigooroo setgej bai
    103.23.51.11
    Мэдэгдсэн Хариулах
  • ZEV 2014-07-30 01:28:14
    Шинэ содон зүйл болгонд сөрөг хандахаа болиоч ээ. Учрыг нь олоогүй байж л сөрөг нийтлэл бичих юм. Мэдээлэл түгээх ёстой атал яагаад ингэж худал мэдээлэл түгээж олон нийтиййг бухимдал, ундууцалд түлхэнэ вэ? Мэдээж өдөр тутамдаа энгийн тасалбараа аваад явж
    202.170.68.162
    Мэдэгдсэн Хариулах