Зөрчлийн тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Засгийн газраас  өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, Ажлын хэсэг болон УИХ-ын гишүүдээс гаргасан 85 саналын томъёолол бүрээр санал хураалт явууллаа.

Тухайлбал, Ажлын хэсгээс төслийн 6.22 дугаар зүйлд “Оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд, эсхүл гадна талаас орон байрны доторх орчны гэрэл зураг авсан, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг хийсэн бол хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 76.6 хувь нь дэмжлээ. Түүнчлэн Ажлын хэсгээс гаргасан төслийн 8.6 дугаар зүйлд “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг албадан сургалтад хамруулж долоо хоногоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна.” гэж, төслийн 8.7 дугаар зүйлд “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл албадан сургалтад хамруулж долоо хоногоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна.” гэсэн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжих нь зүйтэй гэж үзэв.

Мөн Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт  төслийн 8.8 дугаар зүйлд “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэсэн санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 82,1 хувь нь дэмжсэн юм. Түүнчлэн төслийн 10.27 дугаар зүйлд “Гадаад улсын төрийн байгууллага, олон улсын байгууллагын албан тушаалтан, албаны чиг үүрэг, бүрэн эрхээ албаны эрх ашигт харшаар ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэсэн Ажлын хэсгийн саналыгхуралдаанд оролцсон гишүүдийн олонхи  дэмжих нь зүйтэй гэж үзэв.

Харин Ажлын хэсгээс төсөлд “Эх барих, эмэгтэйчүүдийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа явуулах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлтэй эмч нь эмнэлгийн бус нөхцөлд үр хөндсөн бол үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.”, “Тусгай зөвшөөрөлгүй хүн хууль бусаар үр хөндсөн бол хүнийг долоон зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл долоо хоногоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулах, хуулийн этгээдийг долоон мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэсэн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 85,1 хувь нь дэмжсэнгүй. Мөн төслийн 10.28 дугаар зүйлд “Хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан өөртөө болон бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэсэн Ажлын хэсгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэнгүй.


Энэ үеэр Ажлын хэсэг төслийн 15.11 дүгээр зүйлийн “Санаатай хүнд гэмт хэргийг урьдаас амлалгүйгээр нуун далдалсан бол хүнийг долоон зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг долоон мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэсэн саналаа татаж авлаа.

Ингээд Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.