Ерөнхийлөгч Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийг онц ноцтой аюул учруулах хутга гэв үү
Монгол Улсын төрийн тэргүүн өчигдөр тааллаараа чуулганы хуралдаанд оролцлоо. Энэ удаад Ерөнхийлөгч гурван асуудлаар саналаа хэлэхээр чуулганы хуралдаанд оролцсон юм. Үүний нэг өргөн баригдсан цагаасаа санхүү эдийн засгийн салбарынхны маргааны сэдэв болсон хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл юм. Хуулийн төслийг өнгөрсөн нэгдүгээр сард УИХ-д өргөн барьсан ба хаврын чуулганы эхэнд хэлэлцүүлж эхлээд байна.

Тэгвэл Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Хөрөнгө оруулалтын банкны хууль гээд хуультай холбогдсон Банкны хуульд өөрчлөлт оруулж байгаа юм шиг байгаа юм. Уг нь бид ярьж байгаад тохирсон. Гадаадын банк, санхүүгийн байгууллагыг Монголд оруулж ирэхээр бол ҮАБЗ дээр ярина. Ингэж ярьдаг асуудал шүү гэж. Гэтэл энэ дотор нэг юм хавчуулж орж ирээд, УИХ-ын гишүүд их болгоомжилсон байдлаар асуугаад байгаа. Ажлын хэсэг, санаачилсан улсууд нь тойруулж хариулт өгөөд яваад байгаа. Энэ дээр онцгой анхаарах ёстой шүү. Үүний цаана юу байгаа вэ гэхээр ерөөсөө Монгол Улсын газрыг барьцаалах эрхийг л олж авч байгаа юм. Монгол Улсын ашигт малтмалыг барьцаалах эрхийг олж авч байгаа юм. Өнөөдөр гаднын хөрөнгө оруулалт давамгайлсан аж ахуйн нэгжүүд, банк, санхүүгийн байгууллага Монгол Улсын газрыг барьцаалах эрх байхгүй. Ашигт малтмалын лицензийг барьцаалах эрх байхгүй.  Эхлээд тэд барьцаална. Дараа нь аж ахуйн нэгж, иргэд барьцааны зээлээ төлж чадахгүй болно. Тэгээд барьцаалагдсан газар тэр байгууллага, тэр талын өмч болж хувирна. Цааш наашаа зарагдана. Ингээд Монгол Улсын тусгаар тогтнол, бие даасан байдлын асуудал, санхүү, эдийн засгийн бие даасан байдлын асуудалд онцгой хохирол учрах боломж байгаа юм.

Үүнийг бид өмнө нь ярьж байсан. Энэ дээр та бүхэн онцгой анхаараарай гэдгийг хэлмээр байна.

Хөрөнгө оруулалтын банкны хууль гэдэг юман дотор Монголын хувь заяанд онц ноцтой аюул учруулах хутга дундуур нь, далдуур оруулаад ирж байгаа юм биш биз дээ. Энэ дээр УИХ онцгой анхаарах хэрэгтэй. Энд ҮАБЗ-ийн Ажлын албаны хүмүүс оролцож, ажиглаж байгаа. Гаднын банк, барьцаатай холбоотой асуудал дээр энэ хуулийн бусад зохицуулалтыг гаргаад, үүнтэй холбогдсон газар, үндсэн хөрөнгө барьцаалах, бусад зүйлүүдийг энэ хуулиас бүрэн авч хаях шаардлагатай шүү. Энэ явж явж Монгол Улсын тусгаар тогтнол, бие даасан байдал, энэ бүхэнтэй эргэж холбогдоно шүү” гэдгийг дуулгалаа.

Тэгвэл хуулийн төслийг санаачлан өргөн барьсан эрхэм гишүүд ямар тайлбар өгч байгаа вэ?

Хөрөнгө оруулалтын банкны тухай хууль нь Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаадын банк хэрхэн, ямар байдлаар үйл ажиллагаа явуулахтай холбоотой зохицуулалт. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Банкны тухай хуулиар гадаадын банкны салбар нэгж, гадаадын хөрөнгө оруулалттай банк байгуулах, үйл ажиллагаагаа явуулах нь нээлттэй байдаг байна. Тэгэхээр энэ хууль цоо шинэ зүйлд зохицуулалт хийх гээд байгаа зүйл биш хэмээн тодотгоод байгаа.

Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийг санаачлагчийн нэг УИХ-ын гишүүн Б.Жавхлан  “Гадаадын хөрөнгө оруулалттай банк нэмэгдсэнээр банкны системийн өрсөлдөөнийг нэмэгдүүлж, улмаар банкны бүтээмж өсч, зээлийн хүү буурна гэж тооцсон. Зээл хуваарилалтын үр ашиг нэмэгдэхээс гадна дотоодын санхүүгийн зах зээлийн хөгжилд түлхэц үзүүлнэ гэж үзэж байгаа юм байна. Мөн дотоодын зах зээлийн тогтвортой байдал нэмэгдэх үерэг нөлөөтэй гэлээ. Урт хугацаанд дотоод, гадаадын банкуудын эрсдэлийн удирдлагын тогтолцоо нэг түвшинд хүрснээр чанаргүй зээлийн хэмжээ буурч, зээлийн багцын удирдлага сайжрах гэнэ. Валютын урсгалыг сайжруулах, хөрөнгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх зэргээр богино хугацаанд эерэг нөлөө үзүүлж, эдийн засгийн хүндрэлтэй үед хэт өндөр биш дүнтэй багцын дотогшлох урсгал нь дунд хугацаанд эерэг нөлөө үзүүлнэ” хэмээж буй.

Өнөөдрийн байдлаар манай улсад Японы хоёр, Хятадын хоёр, Голландын нэг банкны төлөөлөгчийн газар үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд одоогоор банкны салбараа байгуулах хүсэлт тавиагүй байгаа тухай чуулганы хуралдааны үеэр хууль санаачлагчид хэлж байсан. Одоогоор хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдээд анхны хэлэлцүүлэгт шилжүүлчхээд байгаа. Тэгвэл Ерөнхийлөгчийн хэлснээр энэ хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эхлүүлэхээр өмнө ҮАБЗ-ын хуралдаанд оруулж магадгүй бололтой. Ямартай ч Ерөнхийлөгч Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийг Монголын хувь заяанд онц ноцтой аюул учруулах хутга байж болзошгүйг дуулгав...
 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Өвөрлөгч 2017-04-28 08:03:43
    Хятадууд Өвөрмонголчуудад эхлээд юу хүссэнийг нь бүгдийг өг, дараа нь юу ч шаардсан битгий авч хэлэлц, бүү тоо гэсэн зарчим барьсан гэдэг шүү