Зургаан настай хүү галаас дүү, эмээгээ аварчээ
Энэ сарын 21-ний өдөр Баянхонгор аймгийн Шинэжинст сумын III багийн нутаг дэвсгэрт нэг айлын хоёр гэр шатсан мэдээллийн мөрөөр тус сумын ИТХ-ын дарга Д.Готовдоржоос тодрууллаа.

Дөрөвдүгээр сарын 21-нд буюу баасан гарагийн оройн 20:30 минутын үед Шинэжинст сумын төвд иргэн Базаррагчаагийн хашаанд гал гарчээ. Гал гарсан тухай мэдээллийг авсан даруйдаа  Шинэжинст сумын ИТХ-ын дарга Д.Готовдорж нарын хүмүүс тухайн айлд очиход хашаандаа гурван гэртэй, хоёр гэр шатсан, нэг гэрийг хажуу айлынх нь хашаа руу давуулж шидэлж зөөсөн байдалтай байжээ.

Тухайн орой Шинэжинст сумын соёлын төвд төвөөс тоглолт ирсэн байна.  Гэрийн эзэгтэй хоёр хүүхдээ хөл муутай эмээтэй нь үлдээгээд явжээ. Том хүү Э.Жадамба зургаан настай бол түүний дүү дөрвөн настай. Эмээ нь тэргэнцэртэй, бие дааж алхаж чаддагүй.

Ийм гурван хүн тэр орой унтахаар хувцасаа хэвтэж байх үед гэнэт гал гарч, хөл муутай эмээ нь сандарч гал унтраахаар байдаг чадлаа шавхан оролджээ. Гэвч гал маш хурдтай дэгдэж, нэгэнт ассан галын өмнө хүчин мөхөсдсөн хөгшин ухаан алдсан байна. Харин зургаан настай Э.Жадамба хүү бага насандаа баймгүй эр зориг гаргаж, эхлээд дүүгээ галаас гаргаж чаджээ. Улмаар шатаж буй гэрээс ухаан алдсан эмээгээ чирж гаргахаар гал руу дахин оров. Эмээгээ чирч гаргахад хүнд, хүчирэхгүй нэлээд удсан боловч тэр чадсан байна.



Дөрвөн настай дүү, тэргэнцэртэй эмээгээ галаас гаргаад Э.Жадамбын санаа амарсангүй. Гэрээ бүтэн шатаачихгүй, ядаж зарим эд хогшилоо авч үлдэх хүсэлд автаж, дахин гал руу оржээ. Унтаж байсан хөнжил гудсаа гаргаад эргээд харахад гал аль хэдийнэ оволзоод эхлэв.  Ингээд хүү урд, хойд хашааныхаа айлд очиж тусламж хүссэнээр хашаанд байсан гурван гэрийн нэгийг хажуу хашаа руу нь зөөж чаджээ. Гэвч бүрэн бүтэн тавилга, эд хогшил энэ зөөлтийн явцад үлдээгүй байна.

Тухайн орой Шинэжинст сумын хэсгийн төлөөлөгч аймгийн төв рүү ажилтай явсан, цагдаа нь амралтаа авсан байж таарчээ. Тиймээс тухайн гал дээр Баянцагаан сумын хэсгийн төлөөлөгч, цагдаа нар ирж ажиллажээ. Гал юунаас болж гарсныг тогтоох ажил үргэлжилж байна. Шатсан хоёр гэрээс үнс нурам л үлджээ.

Шинэжинст сумын удирдлагууд “Гобигоулд энд Энержи" ХХК-ийн Хотгорын нүүрсний уурхайтай үүссэн нөхцөл байдлыг ярилцсаны үндсэн дээр таван ханатай гэрийг тус компанийн хамт олон хүлээлгэж өгчээ. Шинэжинст сумын ЗДТГ-ын хамт олон хандивын аян өрнүүлж, сумын албан газруудад уриалга гаргаж ажилласны үр дүнд иж бүрэн орон гэртэй болсон байна. Сумын иргэд хуучин шинэ гэлггүй өөрт байгаа тавилга, эд хогшлоосоо хүртэл илүүчилж өгчээ.

Өөрөөсөө хэд дахин хүнд жинтэй хүнийг дүрэлзэж буй галаас гаргаж, хоёр хүний алтан амийг аварсанаараа Э.Жадамба хүү өнөөдөр Шинэжинст сумын төдийгүй Баянхонгор аймгийн бахархал болоод байна.
Б.Орхон
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Mundag huu bainaa 2017-04-28 08:53:18
    Mash Mundag huu Baina. Sain baina. odoo ene huug shagnah heregtei dee.
  • Turkey  2017-04-27 11:24:51
    ogshloo
  • Telecom 2017-04-27 10:34:53
    Сайн мундаг хүү. гэхдээ сумын төвд гал команд гэдэг газар байдаггүй юмуу. Тэр Готовдорж нарын хүмүүс яах ч юм билээл...