Г.Баясгалан: Зорчих эрхийг хязгаарлах ялыг хэрэгжүүлэхдээ БНСУ-ын жишгээр ажиллана
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг өнөөг хүртэл 2002 онд батлагдсан хуулиар зохицуулж ирсэн бөгөөд шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан “Хорих ангийн төрөл, дэглэмийг нээлттэй, хаалттай тогтолцоонд бүрэн шилжүүлэх, цагдан хорих байрны нөхцөлийг хүний жам ёсны эрхэд нийцүүлэх, ял эдлүүлэх ажиллагаанд цахим болон теле хяналтын системийг нэвтрүүлэх, ялтныг хөдөлмөрт бүрэн хамруулах, иргэний хэргийн талаарх шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн зарим ажиллагааг онлайн хэлбэрт шилжүүлэх замаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шинэтгэнэ” гэсэн заалттай нийцүүлэн боловсруулжээ.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан албан хаагчдын нийгмийн баталгааны асуудлыг яримаар байна. Хууль сахиулагчдын хувьд нийгмийн баталгааг хангаж өгөх ёстой. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан албан хаагчдын нийгмийн баталгааны асуудлыг оруулж ирэхдээ НХХЯ-аас санал авсан уу? Цагдаа, прокурор, онцгой гээд тус тусдаа нийгмийн баталгаа нь өөр болоод байна.

Хууль зүй дотоод хэргийн сайд УИХ-ын гишүүн С.Бямбацогт: ОУВС-ын хөтөлбөрт хамрагдах хүрээнд хуулийн төсөл дэх зардал нэмэгдэх заалтуудыг оруулаагүй. Одоо байгаа хэмжээгээр нь хадгалсан.

УИХ-ын гишүүн Г.Занданшатар: Хэлэлцүүлгийн шатанд зорчих эрхийг хязгаарлах ял хэрэгжиж эхэлснээр хэдий хэмжээний зардал шаардаж байгаа, мөн бэлтгэл хэрхэн хангагдаж байна вэ?

Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан: Зорчих эрхийг хязгаарлах ял 2019 оны нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжиж эхэлнэ. Энэ ялыг хэрэгжүүлэхдээ БНСУ-ын туршлагыг авна, өөрөөр хэлбэл, тус улсын жишгээр ажиллах шийдэл гаргасан. Урсгал зардалд 4.9 тэрбум төгрөг, хөрөнгө оруулалтын зардалд 20 тэрбум төгрөг тус, тус шаардаж байгаа аж.

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль батлагдсанаар зардал яаж нэмэгдэх вэ?

Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан: Хууль батлагдан гарах тооцоог Сангийн яамтай харилцан тохиролцож хийсэн. Хууль батлагдсанаар 299-ээр нэмэгдсэн. Зорчих эрхийг хязгаарлахтай холбоотой нэмэгдэж байгаа орон тоо. Урсгал болон хөрөнгө оруулалтын зардалд  47 тэрбум 813,9 сая төгрөг гэж төлөвлөсөн байгаа.

 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.