Тусгай сургуулийн захирлыг ажлаас нь халсанаар асуудал дуусах учиргүй
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 29-р тусгай дунд сургуулийг тойрсон асуудал  сүүлийн сар гаруйн хугацаанд өрнөлөө. Өнгөрсөн сарын 27-ны өдөр тус сургуулийн сонсголын бэрхшээлтэй  10 орчим сурагч сургуулийнхаа багш нарыг дохионы хэлийг сайн эзэмшээгүй тэр ч бүү хэл хичээлээ дохионы хэлээр заадаггүй хэмээн шүүмжилж, эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан. Энэ үеэр сурагчид жирийн хүүхдүүдийн адил чанартай сайн боловсрол эзэмшихийг хүсэж буйгаа хэлж байсан билээ.  Тэд багш нар нь дохионы хэлээр хичээлээ заадаггүйгээс болж ерөнхий мэдлэгээ бүрэн эзэмшиж чадахгүй   төгсдөг тухайгаа ярьсаар байгаа юм. 

Сурагчдын ярьж буйгаар тэд зөвхөн хуулан бичлэг хийдэг бөгөөд 40 үгтэй зохион бичлэг хийх, 100-гийн дотор нэмж хасаж, үржүүлж  чадахаас өөр ямар ч мэдлэг эзэмшилгүй төгсдөг аж. Энэ нь тус сургуулийн багш нар сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн эх хэл болсон дохионы хэлийг эзэмшээгүйтэй холбоотой. Иймд сурагчид жирийн хүүхдүүдийн адил сурч боловсрох эрхээ эдлэхийн төлөө эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, хичээл хаялт зарласан билээ. Үүний үр дүнд тус сургуулийн сургалтын чанарын асуудал олон нийтийн анхаарлын төвд орж улмаар, БСШУСЯ-наас ажлын хэсэг гарч ажиллаж хэд хэдэн зөрчил илрүүлсэн. Ингээд тус сургуулийн захирал Б.Батсайханыг хариуцлага алдсан хэмээн үзэж, ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргасан. 

Тэгвэл тусгай сургуулийн захирал Б.Батсайханыг ажлаас нь халсанаар тус сургуулийг тойрсон асуудал дуусах учиргүй. Учир нь жагсаалын үеэр сурагчид нэгэн ноцтой зүйл ярьсан нь хөгжлийн бэрхшээлтэй сурагчдын биед багш нар нь хүрч үснээс нь зулгааж, цохьсон тухай хэлж байсан юм. Харин эдгээр хүүхдүүдийн жагсаалын дараахантай тус сургуулийн А гэх сурагч хэвлэлд ярилцлага өгч сургуулийнх нь найзууд бэлгийн дарамтад өртөж байсан тухай ярьсан билээ.

Тэрбээр хэлэхдээ “Нэр бүхий 2-3 эрэгтэй багш завсарлагаан болгоноор, хичээл орж байхад хүүхдүүдийн нүдэнд эмэгтэй сурагчдын хүрэх ёсгүй газар нь хүрдэг. Бас өглөө очоод ангиа цэвэрлэхээр хогийн савнаас хэрэглэсэн бэлгэвч байнга гардаг” хэмээн ярьсан. Харин ингэж ярьсныхаа төлөө хүү өнөөдөр тун хүнд байдалд ороод байгаа тухай эх сурвалжууд хэлж байгаа. Сургуулийн удирдлагууд нь гэрт нь очиж эцэг эхтэй нь уулзаж, шоронд оруулна хэмээн дарамталсан гэх мэдээлэл байгаа юм. 
 
Тэгвэл уг асуудал гарч эхлэхэд 29-р сургуулийн багш, удирдлагууд  тэр даруйд өмгөөлөгч авч, өөрсдийгөө хамгаалж эхэлсэн юм. Өөрөөр хэлбэл ардын багш нар алаг үрсийнхээ эсрэг өмгөөлөгч авч өөрсдийгөө хамгаалж эхэлсэн гэсэн үг. Түүгээр ч үл барам ам нээх болгондоо “наад хүүхдүүд чинь юм ойлгохгүй”, “хаврын улирал ирчихээд хамаг юм нь сэдрээд байгаа юм”, “бэлэг өгөхийг бэлгийн дарамт гэж ойлгоод байгаа юм” гэх мэтээр хүүхдүүдийг  доромжилсон өнгө аястай зүйлийг хэлэх болсон билээ.  Түүнчлэн өмгөөлөгч Г.Батбаярынхаа хамтаар эсэргүүцлийн жагсаал хүртэл зохион байгуулахаар төлөвлөж, ЦЕГ-ын үүдэнд цуглаж эхний ээлжинд шаардлага хүргүүлсэн билээ.  Тэд энэ бүхнийгээ ажлын өдрөөр хичээлийн цагаар хийж байгаа.

Харин цаана нь харах, сонсох хувьгүй төрсөн  ч сурах чин хүсэл эрмэлзэлтэй олон арван хүүхдүүд багшийгаа хүлээн цонхтой цагийг өнгөрүүлж суусан юм. Гэтэл 29-р сургуулийн багш нар жирийн сургуулийн багш нараас илүү өндөр цалинтай байдаг. Тус сургуулийн захирал асан Б.Батсайхан ажлаа онц үнэлүүлэн шагнал, урамшуулал хүртэл авсан байсан. Гэтэл түүний ямар ажлыг ийнхүү өндрөөр үнэлсэн нь тун эргэлзээтэй байна.

29-р сургуулийн сургалтын арга барил, чанар стандартад салбарын яам онцгой анхаарал хандуулах цаг нэгэнт болжээ. Бүхэл бүтэн 12 жил сурчихаад 40 үгтэй зохион бичлэг бичиж, 100-гийн дотор  тоо бодно гэдэг бол боловсролын салбарын нэгэн том эмгэнэл  болж байна. Энэ үгийг хэн нэгэн хөндлөнгөөс харж хэлээгүй тус сургуулийн үе үеийн төгсөгчид, одоо сурч байгаа сурагчид хэлж байгаа учир бодитой хэмээн олон нийт дүгнэж байна. Иймд БСШУСЯ-ын сайд Ж.Батсуурь өөрийн биеэр энэ асуудлыг нэг тийш болгох, цэгцлэх хэрэгтэй болов уу.

Б.Сансар
olloo.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Kk 2017-04-27 15:35:07
    Zahiral bol evgui gar bn lee dee.bultaad jujigleed bsan .naad ahaa sain shalgah heregtei danagdsan
  • зочин 2017-04-27 05:23:16
    ХБХүүхдүүдийн хувийн хувьсгалын бүх цэцэрлэг сургуулиудад шалгалт оруулж асуудлуудыг нь тодорхойлоод шийдэх асуудлаа ярилцах ёстой байтал даргыг нь солих буруу...
  • irgen 2017-04-27 04:38:35
    zovoo buh udirdlagiig solio bagsh nariig ni dahin atestachlal
  • Зочин 2017-04-27 03:59:23
    Боловсролын яамны түшмэдүүд гэж юу ч хийдэггүй худлаа төрийн мөнгөөр гадаадад тансаглаж зугаалсан л хүмүүс байх юм. БСШУСЯ-ыг татан буулгавал таарна.
  • иргэн 2017-04-27 03:58:17
    Захирлыг халаад асуудал шийдэгдэхгүй сайдтай хариуцлага тооц яагаад гэвэл салбараа мэддэггүй нөхдүүд батсуурь отгонбаяр авилгад нэр холбогдож байдаг асуудалтай ...
  • ЗОЧИН 2017-04-27 03:47:04
    БАГШ НАРТ ИХ НО БИЙ. ЭХЛЭЭД ДОХИОНЫ ХЭЛЭЭ САЙН СУР. ДАРАА ПРОГРАММАА ШИНЭЧИЛ, ДАРААНЬ СЭТГЭЛГЭЭГЭЭ ӨӨРЧИЛ. ЧАДАХГҮЙ БОЛ ЗАЙГАА ТАВЬ ӨГ. 40% НЭМЭГДЭЛ ЦАЛИНТАЙ ШҮ...
  • Хэт нэг талыг барьж болохгүй ээ 2017-04-27 02:41:47
    Ийм хүүхдүүдэд хичээл заана гэдэг их хүнд. Бүгд эрүүл ухаантай гэхэд мөн хэцүү. Гол нь Боловсролын яам сүүлийн жилүүдэд маш алдаатай бодлого баримталж бгийн гор...
  • зочин 2017-04-27 02:40:45
    ЭНЭ ОДОО ЮҮ БОЛООД БАЙНАА. БОЛОВСРОЛЫН ЯАМ, НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАРТ НҮД, ЧИХ БАЙНА УУ? ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДИЙН СУРЧ БОЛОВСРОХ ЭРХ НТР ДАМПУУРЧЭЭ