Ходоод дурандуулах зовлон биш

“Муу эмд уйлах зав олдохгүй” гэгчээр хүн бүхэн л их ажилдаа дарагдан өдрийн хоолоо ч идэх завгүй байсан тухайгаа ярьдаг. Амрыг нь бодож, бэлэн гоймон дэвтээгээд идчих бол энгийн л үзэгдэл. Ядаж монголчууд өглөөний цай ууна гэж бараг л байдаггүй. Зарим нь ажилдаа дарагдсаар оройтож, хариад шөнө хоол идэх нь ч бий. Ажлынхаа ойролцоох хүнсний дэлгүүрээс он сарыг нь ч сайн харалгүй бэлэн бүтээгдэхүүн хам хум авч гараад, ажлаа хийх зуур, компьютерийн дэлгэцээ ширтсээр хооллох тохиолдол ч байнга шахам давтагддаг.
 
Ийм л зөв, зохисгүй хооллолт эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхийн зэрэгцээ ходоодонд бүр ч ихээр “дарамт учруулж” байгаа юм. Угтаа бол өдрийн хоолондоо цаг зав гаргахгүй, залгиж идсэн хоол идээгүйтэй адил үр дүнтэй бөгөөд хоолны чанарын талаар яриад ч хэрэггүй. Сүүлийн үед Монгол Улс ходоодны хорт хавдраар дэлхийд тэргүүлж эхэлсэн гэх мэдээлэл бий.
 
Тэгвэл зүрх судасны өвчин, чихрийн шижин, ходоодны хорт хавдрын гол үндэс нь ереөсөө л зохисгүй хооллолт юм байна. Түүнчлэн ходоодонд байнга ачаалал өгснөөс болж хоол боловсруулах эрхтэн системийн өвчин эмгэгтэй болж, ходоодны тэр элдэв эмгэгүүд хүндрэхээрээ хорт хавдар үүсгэдэг байна. Тэгэхдээ ходоод нь өвддөг хүн бүр хавдар туссан гэж ойлгож болохгүй. Ходоодны шарх эсвэл үрэвсэлтэй бол түүнийгээ даруйхан оношлуулах, эмчлүүлэх хэрэгтэй гэдгийг эмч, мэргэжилтнүүд байнга хэлдэг.
 
Үүнээс гадна ходоодны үрэвслийн гол шалтгаан бол хеликобактери юм. Өндөр хөгжилтэй орнуудын хүн амын 15-30 хувь орчим, хөгжиж буй орнуудын хүн амын 70 орчим хувь нь энэхүү нянгаар халдварлагдсан байгааг судлаачид тогтоосон байдаг.


...насанд хүрэгсдийн 74-82, өсвөр насны хүүхдүүдийн дунд 64 хувь нь хеликобактерийн халдвартай...

 
Харин манай орны эрдэмтдийн судалгаагаар насанд хүрэгсдийн 74-82, өсвөр насны хүүхдүүдийн дунд 64 хувь нь хеликобактерийн халдвартай байгаа учраас ХСҮТ-өөс энэ жил “Элэг бүтэн Монгол-2” хөтөлбөрийг хэрэгжүүлж, ходоодны хорт хавдартай “дайтах”-аар шийдсэн. Гэтэл иргэдийн дунд “Ходоод дурандуулах нь муу. Шархтай бол түүнийг нь сэдрээдэг” гэсэн буруу ойлголт их байдгаас ихэнх хүмүүс ходоодоо дурандуулахаас айж, эцэст нь хүндрэх тохиолдол ч бий.
 
Үнэндээ орчин үед техник технологи өндөр төвшинд хүрч, эмч мэргэжилтнүүдийн ур чадвар сайжрахын хэрээр оношлогоо эмчилгээ ч дагаад сайжирч буй. Хоол боловсруулах эрхтний өвчний оношлогоо, эмчилгээнд уян дурангийн арга тэргүүлэх ач холбогдолтой төдийгүй үүгээр хоол боловсруулах замын хавдрыг эрт үед нь оношлох боломж нэмэгдсэн гэнэ.
 
Ерөнхийдөө 45-аас дээш насны хүмүүс ходоодны дуранд жилд нэг удаа, бүдүүн гэдэсний дуранд хоёр жилд нэг удаа орох шаардлагатай гэж үздэг байна. Харин ямар ч насны хүн цээж хорсох, аюулхай дээр цанхайх, хоол шингэхгүй, горойх гэх мэт хоол боловсруулах эрхтний талаас ямар нэг зовиур илэрч л байгаа бол зайлшгүй дурангийн шинжилгээ хийлгэх нь зүйтэй аж.

Сүүлийн үеийн дурангийн багажууд хоол боловсруулах замын эрхтний салстыг будаж хардаг технологи бүхий давуу талтай болсон бөгөөд энэхүү аргаар ходоодны салстын гадаргуу дахь эмгэг, өөрчлөлт, түүний судасны бүтцийг илүү нарийвчлалтай харснаар улаан хоолой, ходоодны хорт хавдрыг эрт үед нь илрүүлэх боломжтой гэж эмч зөвлөж байна.
 
Тэгээд ч одоо бүдүүн хатуу гуурс ам руу нь чихэж, огиулж зовоодог байсан нь аль хэдийнэ ард хоцорчээ. Уг дуран нь үзүүр дээрээ видео камертай ч хатуу дуран учир улаан хоолой болон ходоодыг багана мэт нэг чигт байрлуулж байгаад дурангаа оруулдаг их хүнд шинжилгээ байсан аж.  Харин одоо анагаах ухаанд хэрэглэж буй дуран хүний биеийн 36-37 хэмийн халуунд ороод илүү уян хатан болж, хөдөлгөөнөөр гулсаж ордог болсон аж.
 
Түүнчлэн гадны улс, оронд өндөр өртөгтэйд тооцогддог дурангийн оношлогоог манайд ЭМД-ын дэвтэртэй, түүнийгээ бөглүүлсэн хүн бүр Улсын клиникийн I, II, III эмнэлэг, ХӨСҮТ, дүүргүүдийн нэгдсэн эмнэлэгт үнэ төлбөргүй хийдэг аж. Үнэндээ өндөр хөгжилтэй орнуудад иргэд нь өвчнөө эрт үед нь оношлуулж үр дүнтэй эмчилгээ хийлгэдэг учраас нас баралт бага байдаг бол манайд эсрэгээрээ ам дамжсан яриа, таарч тохирох эсэх нь мэдэгдэхгүй эмчилгээг өөрөө дур мэдэн хийсээр өвчнөө хүндрүүлчихээд, эцсийн шатандаа эмнэлэгт, эмчид хандах нь их. Энэ бол манай иргэдийн эрүүл мэндийн боловсрол маш сул байгаатай л холбоотой.

Тиймээс та ходоодоо дурандуулахаар шийдсэн бол орой 17:00 цагаас хойш мах махан бүтээгдэхүүн идэж болохгүй. Мөн өглөө босоод юу ч идэж, уухгүй өлөн очих хэрэгтэй. Хэрэв тамхи, татдаг бол тамхи ч хэрэглэж болохгүй. Эдгээрийг баримтлаагүйгээс ходоодонд шүлс, хүчил ялгараад шинжилгээний хариу буруу гардаг гэдгийг эмч хэлж байна билээ. Ер нь ч тэгээд “хоол олдоно, ходоод олдохгүй” гэдэг үг байдаг болохоор зөв, зохистой хооллож чадахгүй бол ядаж эрт оношлуулахад нэг их буруудахгүй л болов уу.


Монголын мэдээ
Э.Туул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2017-04-27 04:35:11
    эмч эмнэлгээр явна гэдэг ч там гэсэн үгдээ хичнээн сайхан барилга тоног төхөөрөмж байгаад эмч нь ажилтнууд нь хэцүүдээ халширмаар шүү ядаж л ааш зан гэж там
  • zochin  2017-04-27 03:59:25
    ер нь бол хүн сэлбэггүй бүтээгдсэн гэдгээ ухамсарлаж, бие эрхтнээ өөрөө хайрлах учиртай... түүнээс биш өвдчихөөд эмч нарыг зүхэж суух нь буруу...
  • emch 2017-04-27 02:45:01
    tegvel uzuulehee bolchih l doo
  • Дурангаар дамжиж бактер дамждаг уу? 2017-04-27 02:44:34
    Дурангаа 100% ариутгаж чаддаг уу? Нэг л эргэлзээтэй шүү. Өлгөөтэй байсан дурангаа дараагийн хүнд шууд ашигладаг. Бактер халдсан байх боломжтой их хэцүү
  • ! 2017-04-27 02:22:20
    За яах вэ, багаж төхөөрөмж нь сайжирч гэж бодъё. Хамгийн хэцүү нь оочер дугаар ихтэй, эмнэлгүүд хүнд сурталтай, эмч нар нь хариуцлагагүй тул халширдаг!!