Бодлогогүй зарцуулсан бондын хөрөнгө

Аливаа улсын бүтээн байгуулалт, хөгжил дэвшил нь түүнийг санхүүжүүлэх санхүүгийн эх үүсвэрээс ихээхэн шалтгаалдаг. Тэгвэл санхүү эдийн засаг, томоохон бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх, дэмжих зорилгоор улс орнуудын Засгийн газар бонд гаргадаг. Энэ жишгээр Монгол Улсын Засгийн газар 2012 оны арванхоёрдугаар сард олон улсын санхүүгийн зах зээлд “Чингис” бонд гаргасан. Тодруулбал, 1.5 тэрбум ам.долларын өртөгтэй “Чингис” бондын 500 сая ам.долларыг таван жилийн хугацаатайгаар 4.125 хувь, үлдсэн тэрбум ам.долларыг 5.125 хувийн хүүтэйгээр арван жилийн хугацаатай арилжаалсан байдаг.
 
Их эзэн “Чингис” хааныхаа нэрийг олон улсын зах зээл дээр худалдан байж 1.5 тэрбум ам.долларын бонд арилжиж, төр засгийн удирдлагууд баяр хөөртэйгээр мэдээлэл хийж байсан цаг саяхан. Гэхдээ яг юу хийх, ямар ажил, төсөл хэрэгжүүлэхээ шийдээгүй байхдаа Засгийн газар дэлхийн санхүүгийн зах зээлээс дааж давшгүй өр зээл босгосон юм.
 
Тэгвэл бонд арилжаалахтай зэрэгцэн мөнгөтэй боллоо, одоо яах вэ гэдэг асуулт урган гарсан. Энэхүү асуултад тухайн үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан Н.Алтанхуяг “Эхний ээлжид 1800 км төмөр зам, зургаан аймгийн төвийг Улаанбаатар хоттой холбох засмал зам тавина. Дархан-Уул аймагт сая тонн нефть боловсруулах үйлдвэр барина. Мөн Хөтөлд хуурай аргын цементийн үйлдвэр барихөөр төлөвлөж байна. Үүнээс гадна томоохон төслүүдийг санхүүжүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулна” хэмээн хариулсан юм.
 
Гэтэл өнөөдрийн байдлаар хэд хэдэн аймгийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай автозамаар холбосон. Хөтөлийн цементийн үйлдвэр ашиглалтад орсон. “Гудамж”'төсөл хэрэгжсэн гээд бондын хөрөнгөөр санхүүжсэн төсөл, хөтөлбөрийг жагсаахад ийм байна. Бусад нь буруу замаар будаа тээсэн гэхэд хилсдэхгүй байх. Тухайлбал, Монгол Улсын хөгжлийн зүтгүүр гэж тодорхойлогдох болсон Сайншандын аж үйлдвэрийн парк цаасан дээрх өөдрөг төсөөлөл хэвээр байна. Энэхүү төсөөлөл хэзээ бодит ажил болохыг таашгүй ч хүнд аж үйлдвэрийн парктай болоход “Чингис” бондоос 173 сая ам.доллар зарцуулсан гэдэг.
 
Мөн Эгийн голын усан цахилгаан станцын төсөлд 2.3 сая ам.долларын санхүүжилт хийсэн ч мөн л цаасан дээр үлдсэн. Үүнээс гадна Тавантолгойгоос Гашуун сухайт чиглэлийн 267 км шинэ төмөр замын төслийг “Чингис” бондын хөрөнгөөр санхүүжүүлсэн. Уг төмөр замын төсөлд 200 сая ам.долларын санхүүжилт хийх шийдвэр гарсан. 2015 оны аравдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөсөн энэхүү төсөл өнөөдрийн байдлаар зогсонги байдалд шилжээд буй.
 
Түүнчлэн “Шинэ төмөр зам” төслийн хуулийн зөвлөх үйлчилгээнд 3.2 сая ам доллар, техникийн зөвлөх үйлчилгээнд гурван сая ам.доллар, санхүүгийн зөвлөх үйлчилгээнд 1.6 сая ам.доллар, Тавантолгойн цахилгаан станц төслийн техникийн зөвлөх үйлчилгээнд 935 мянган ам.доллар, санхүүгийн зөвлөх үйлчилгээнд 729 мянган ам.доллар, хуулийн зөвлөх үйлчилгээнд 1.4 сая ам.доллар зэргээр төсвөөс хэт өндөр зардлууд гаргасныг шалгалтаар тогтоогдсон. Энэ мэтчилэн “Чингис” бондын хөрөнгөөр санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдийн ихэнх нь унтаа байгаа. Мөн үр шимээ өгөх нь эргэлзээтэй хэвээр буй. Өөрөөр хэлбэл, дэд бүтцийн “дүлий” салбарт эхэлж мөнгө хаях нь оновчтой биш гэсэн анхааруулгыг тухайн үеийн эрх баригчид сонсоогүйн үр дүн юм.
 
Бондын хөрөнгө үр өгөөжөө өгөөгүй нь бодлогогүй зарцуулсантай холбоотой. Тухайн үед бодлого тодорхойлж байсан Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Эдийн засаг, хөгжлийн сайд асан Н.Батбаяр, Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбат нарын дур зоргын тоглолт, дутуу дулимаг тооцоо, сэтгэлийн хөдлөл эсвэл ихэрхэл, хөөрлийн үр дүн ийнхүү эдийн засгийг элэг дөрвөөр нь хэвтүүлж, ирээдүйд ирэх дарамтыг бий болголоо. Өнөөдрийг хүртэл иргэдэд тодорхой задаргаа, тайлан мэдээг нь ойлгомжтой зарлаагүй бондын хөрөнгийн зарцуулалт хаашаа юунд хэд нь явчихав. Энэ асуулт одоо ч бүрхэг хэвээр байна.
 
Тэгвэл “Чингис” бондын хөрөнгө Н.Алтанхуяг ба түүний тойрон хүрээлэгчдийн халаасыг түнтийлгэснээс өөрөөр гялтайх зүйлгүй хоцроод байгааг хэд хэдэн баримт нотолж байна. Тухайлбал, Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг АТГ-аас шалгаж байгаа. Түүний гэргий Э.Сэлэнгийг Герман улс руу явах гэж байхад нь онгоцны буудал дээр саатуулж хилийн хориг тавьсан. Мөн Н.Алтанхуягийн бага дүү Н.Нарантуяг АТГ-аас баривчлан хорьсон. Үүнтэй зэрэгцэн Хөгжлийн банкнаас зээл авсан томоохон зээлдэгчдийн нэг УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт буруутгагдаад буй Эдийн засгийн хөгжлийн сайд асан, УИХ-ын гишүүн асан Н.Батбаяр нарыг АТГ-аас шалгаж байгаа. Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбатыг ч хэсэг хугацаанд цагдан хорьсон.
Товчхондоо, бондын зарцуулалтад гар бие оролцсон хэд хэдэн хүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд аавын хаалга татахад алхам алхмаар ойртож буй.
 
Ямартай ч, Ардчилсан намынхан бондыг урт хугацаатай, хүү багатай зээл гэж андуурсан уу эсвэл их мөнгө “барьж” үзээд ямар ч тооцоо судалгаагүй хандав уу, ихэнхийг нь үр ашиггүй, богино хугацаанд үр өгөөжөө өгөхгүй төсөл хөтөлбөрт зарцуулж, үрэн таран хийгээд дууссан юм. Энэ мөнгөний өрийн дарамт эцсийн эцэст Монголын найман настай балчраас наян настай буурал хүртэлх нийт иргэдийн нуруун дээр буух учраас эхнээсээ долоо хэмжиж нэг огтлох учиртай байсан юм.

Өглөөний сонин
Б.Тэмүүлэн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.