Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.   Хуулийн төслийн танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, Ажлын хэсгээс хариулт авлаа. Хуулийн төсөл батлагдсанаар татвар, гааль, төрийн байгууллагууд, Монголбанк, аж ахуйн нэгжүүд, арилжааны банкууд, хувь хүн гээд төлбөрийн системд оролцогч бүх талуудыг бүртгэлжүүлж, төлбөрийн нэгдсэн системд оролцуулах боломж бүрдэх эсэхийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн тодруулав. Өнөөдрийн хэрэглэж буй төлбөр тооцооны систем бол зөвхөн банк хоорондын систем, харилцагчид арилжааны банкуудаар дамжуулан оролцдог. Урьд нь банкны салбарын төлбөрийн систем тусдаа, банк бус нь тусдаа, Төрийн сангийн төлбөрийн систем тусдаа байсан бол хууль батлагдсанаар эдгээр системийг нэгтгэх боломж бүрдэнэ. Төлбөр тооцооны нэгдсэн системд оролцогч талууд бүгд тус бүр кодтой болно гэдэг хариултыг Ажлын хэсгээс өгөв. Төлбөр тооцооны нэгдсэн системээ үндэсний хэмжээнд нэвтрүүлж чадах юм бол мөнгө урсгалыг бүхэлд нь хянах боломж бүрдэнэ, харин хэлэлцэж буй төслөөр зөвхөн банкуудын төлбөр тооцооны нэгдсэн системийн талаарх зохицуулалтыг хийхээр байгааг анхаарах шаардлагатай гэдэг саналыг Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн хэллээ.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Д.Тэрбишдагва нар хуулийн төслийн боловсруулалтад талуудын оролцоог хангаж чадсан эсэхийг, Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар хуулийн төсөл батлагдсанаар төлбөрийн нэгдсэн системд оролцогч талуудын иргэд, аж ахуйн нэгжээс авч буй үйлчилгээний төлбөр, шимтгэл нэмэгдэх эсэхийг тодруулж, хариулт авсан юм. Үүний дараа Ажлын хэсгээс бэлтгэсэн болон Хууль зүйн байнгын хорооноос ирүүлсэн зарчмын зөрүүтэй саналыг томъёолол нэг бүрээр санал хураалт явуулан шийдвэрлэж, төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

 
П.ГОО
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.