Долоо хоногийн тойм
Ирэх зургадугаар сард Ерөнхийлөгчийн сонгууль товлогдсон. Энэ удаагийн сонгуульд МАН, АН, МАХН гэсэн парламентад суудалтай гурван нам нэр дэвшигчээ сойно. Хуулийн дагуу Сонгуулийн ерөнхий хороо тавдугаар сарын 2-6-ны өдрүүдэд нэр дэвшигчийг албан ёсоор бүртгэж авах юм. Иймээс энэ өдрүүдэд намууд хэнийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх вэ? гэх таамаг хөвөрсөөр байна. Мөн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүсэлтэй байгаа хүмүүс өөр өөрийн байр сууриа илэрхийлсээр байна. Харин ирэх долоо хоногт МАН, АН, МАХН-аас хэн хэн Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэх гэх хар зураг гарах нь ээ.

Энэ мэт улс оронд болж буй онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэе.
 
Нийгмийн даатгалын сангаас 1,1 тэрбум төгрөгийн зөрчил илрэв

Өнгөрсөн долоо хоногт Нийгмийн бодлого, боловсрол соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдаанаар Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2016 оны тайланг хэлэлцлээ. Өнгөрсөн хугацаанд нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүд Нийгмийн даатгалын санд шалгалт хийсэн байна. Энэ шалгалтаар 1 тэрбум 170 сая төгрөгийн зөрчил илэрсэн байна. Үүний 840 орчим сая төгрөг нь хууль зөрчиж тэтгэвэр тогтоосон, 200 гаруй сая төгрөг нь хууль зөрчиж тэтгэврийн хувь хэмжээнээс бага тогтоосон байжээ. Мөн нийгмийн даатгалын 136 байцаагч зөрчилтэй гарсан талаар салбарын сайд мэдээлсэн юм.

Нийт 15 мянган иргэн итгэмжлэлээр тэтгэвэр авдаг байна. Үүний 30 гаруй хувь нь буюу 5 мянган иргэн итгэмжлэлээр тэтгэвэр авах боломжгүй гэж зөвлөлийн гишүүд үзжээ. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр дээрх 5 мянган хүнийг нь нас барсан, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэж хэлж болно гэв.Үүнээс гадна барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжүүд Нийгмийн даатгалын санд 20 орчим тэрбум төгрөгийн өр авлага үүсгэжээ.
Нийгмийн даатгалын санд хийх хоёрдугаарт шатны шалгалт тун удахгүй эхлэх аж.
 
Бүх тендерийг зарлаж дуусгана

Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар ирэх сарын 1 гэхэд бүх тендерийг зарлаж дуусгах үүрэг өгсөн байна.

Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2016 оны бараа, ажил, үйлчилгээ худалдан авсан тухай тайлан, үнэлгээний дүнг Сангийн сайд Б.Чойжилсүрэн танилцууллаа.

Үүнтэй холбогдуулан:

•    Илэрсэн зөрчил, дутагдалд дүн шинжилгээ хийн, зөрчлөө давтан гаргахгүй байх, энэ онд бараа, ажил үйлчилгээ худалдан авах тайлангийн үнэлгээнд хангалттай буюу түүнээс дээш үнэлгээ авсан байх

•    Энэ онд бүх сонгон шалгаруулалтыг цахимаар зарлах

•    Урсгал төсвийн болон хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг тавдугаар сарын 01-ний дотор бүх тендерийг зарлаж дуусгах, зургадугаар сарын 15-ны байдлаар шалгаруулалтыг дүгнэж дуусган гүйцэтгэгчтэй гэрээ байгуулж ажлыг нь эхлүүлэх, энэ өдрөөс хойш гэрээ байгуулахгүй байх зэргийг төсвийн ерөнхийлөн захирагч нарт үүрэг болголоо.
 
Туршилтын болон дагалдан ажиллуулах хугацаа, цагийн ажлыг шинээр зохицуулав

Баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Аливаа үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт ажил олгогч нь шинээр ажилд орж байгаа ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулахгүйгээр түүнийг тодорхой хугацаагаар цалин хөлсгүй ажиллуулдаг зөрчил гаргадаг ч энэ талаар ямар нэг хариуцлага хүлээдэггүй. Иймээс төсөл санаачлагч хуулийн төсөлд “туршилтын болон сургалтын хугацаа”-тай холбоотой зохицуулалтыг нарийвчлан зохицуулах үүднээс Хөдөлмөрийн тухай хуульд “Туршилтын хугацаа”, “Дагалдан ажиллуулах хугацаа” гэсэн зүйлийг шинээр нэмэхээр тусгажээ.

Хуулийн шинэ зохицуулалтаар ажил олгогч нь ажилтныг мэргэжлийн ур чадвар, дадлага, туршлага эзэмшүүлэх зорилгоор дадлага, туршлагатай ажилтныг дагалдан ажиллуулж болох бөгөөд туршилтын хугацаа нь 3 сараас илүүгүй байхаар тусгасан байна. Мөн манай улсад Хөдөлмөрийн тухай хууль болон энэ талаарх бусад хууль тогтоомжид “цагийн ажил” гэсэн ухагдахуун зохицуулагдаагүй учраас хуулийн төсөлд “Цагийн ажил” гэсэн зүйлийг шинээр нэмэхээр тусгаж, тодорхой ажил гүйцэтгээд зарцуулсан цаг, хөдөлмөрийн бүтээмждээ тохирсон ажлын хөлсөө шууд авдаг байх, хөдөлмөрийн гэрээнд ажил үүрэг, ажлын цаг, хөдөлмөрийн хөлсийг талууд харилцан тохиролцож тусгахаар зохицуулжээ. Түүнчлэн ажил олгогч нь ажилтантай хөдөлмөрийн гэрээг заавал бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэг хүлээх, хэрэв хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй бол ажил олгогчид тодорхой хариуцлага хүлээлгэхээр заасан байна.
 
Махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулж байна

 “Мах сүүний анхдугаар аян”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд махны үнийг тогтворжуулах зорилгоор 22,23-ны өдрүүдэд нийслэлийн 6 дүүрэгт махны ил талбайн өргөтгөсөн худалдааг зохион байгуулахаар ажиллаж байна. Үүнд:

•    Баянгол дүүрэгт: Орхон зах, Хороолол хүнсний зах, Хар хорин зах

•    Сүхбаатар дүүрэгт: 32-ын тойрог, Хангай хороолол

•    Баянзүрх дүүрэгт: Тэнгэр бөөний худалдааны төв, Жуковын талбай, Дүнжингарав худалдааны төв

•    Чингэлтэй дүүрэгт: Хүчит шонхор хүнсний зах.Нарантуул 2.

•    Сонгинохайрхан дүүрэгт: Баянхошууны эцэст, Содон хороолол, Цамбагарав Соёмбо кинотеатр

•    Хар хорин захын ард Пирамид үйлчилгээний төв

•    Хан-Уул дүүрэгт Яармагийн эцэст

Өргөтгөсөн худалдааны үеэр борлуулах махны жижиглэнгийн үнийн хувьд үхрийн мах 1кг-5750 төгрөг, хонины мах 1 кг нь-5400 төгрөг, ямааны мах 1 кг нь 4400 төгрөгөөр худалдана. Харин бөөний үнийн хувьд үхрийн мах 1кг нь-5200 төгрөг, хонины мах 1 кг нь-4600 төгрөг, ямааны мах 1 кг нь  4000 төгрөг байна
 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.