“Олон сайхан боломжийг хойш тавьж, “Алтай” чуулгадаа ирсэн минь нутаг амьтай, нутгаа гэсэн хүүгийн үүрэг юм”
“Polit-ийн нэг өдөр” булангийн зочноор дуулсан дууных нь нэрээр бидний “Хонгорзул”-ын хэмээдэг, өдгөө төрж өссөн нутаг Говь-Алтай аймаг, өөрийн төрж гарч, өсч өндийсөн  “Алтай” чуулгынхаа  даргаар ажиллаж, уран бүтээлээ туурвиж яваа Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, дуучин Насанцогтын Энхбатыг урьсан юм.  Түүнтэй манай сэтгүүлч Ч.Үл-Олдох Говь-Алтай аймагт томилолтоор ажиллахдаа уулзаж ярилцсаныг хүргэж байна.

-Сайн байна уу.  “Алтай” нутгаас төрөн гарч Монгол түмнийхээ хүндлэлийг хүлээсэн олон сайхан дуучны нэг бол та. Шувуугаар бол үүрэндээ эргэн ирж,  хөгжил дэвшлийнх нь төлөө зүтгэж байгаад уншигчдынхаа өмнөөс талархал дэвшүүлье. Баруун аймгийг зорьсон хэн ч заавал ороод гарах ёстой монголчуудын  оюун санаа, урлагийн том төв учраас өнөөдөр танай чуулгыг зориод ирлээ. Танай уран бүтээлчдийн сүүлийн үеийн сонин сайхныг сонирхоё?

-Баярлалаа, та бүхэнд. Бас чуулгын маань онцлог, үүх түүхийг сайтар мэдэрч, зорьж ирсэнд гялайлаа. Манай чуулга 1966 оны гуравдугаар сарын 29-нд Соёлын сайдын тушаалаар анх байгуулагдсан, орон нутагт байгаа мэргэжлийн урлагийн, ардын дуу бүжгийн ганц чуулга. Хөдөөгийн гурван чуулга гэж байдаг. Баруун бүсэд “Алтай чуулга”, зүүн бүсэд “Хан Хэнтий” чуулга, төвийн бүсэд “Сэлэнгийн долгио” чуулга байна. Манай чуулга байгуулагдсан цагаасаа хойш хөдөөгийн хөдөлмөрчид, төв суурингийн хөдөлмөрчдөд урлаг соёлоор үйлчлэх хүндтэй үүргээ сайн биелүүлж ирсэн. “Алтай” чуулгын маань тайзнаас Монголын урлагийн тайз, дэлгэцийн олон арван алдартан төрөн гарсан. Монголын урлагийн бүх томчууд энэ тайзнаас төрөн гарч, эндээс гараагаа эхэлсэн, алдар цолоо хүртсэн арвин сайхан  түүхтэй. Манай чуулга  өнгөрсөн арвадугаар сарын 28-нд түүхт 50 жилийнхээ ойг ард олонтойгоо, авьяаслаг уран бүтээлчидтэйгээ хамтран өргөн дэлгэр сайхан тэмдэглэлээ. Яг ойн үеэр чуулгыг анх байгуулах санал санаачилгыг гаргаж, гардан байгуулсан Төрийн хошой шагналт,эрдэмтэн зохиолч, төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ч.Лодойдамба агсны нэрэмжит боллоо. Ойн үеэр аймаг, орон нутгийн удирдлагууд энэ шийдвэрийг гаргаж, “Алтай” чуулга маань тэр сайхан хүний нэрээр нэрлэж, үйл ажиллагаагаа явуулах болсонд бид их баяртай байна.


Алтай нутгаас төрсөн уран бүтээлчид


-Уран бүтээл хийж, дуулж явахад өөрөөс шалтгаалах бүхнээ хийчихдэг болохоор өөр, яг чуулга удирдахад  олон хүний төлөө зүтгэнэ, тулгамдсан асуудал, бэрхшээлийг шийдэх болно.  Ийм зүйл байна уу?

-Сүүлийн үед манайд мэргэжлийн уран бүтээлч жаахан дутмагдуу, найруулагч, жүжгийн, дууны багш байхгүй. Иймээс би эхний ээлжинд чуулгынхаа мэргэжлийн  дөрвөн багшийг сургаж авах шаардлага тулгарсан. Өмнө нь боловсон хүчний бодлогоо сайн бариагүй, үндэсний боловсон хүчнийг сургаж авах алсын бодлого байгаагүй юм байна. Үүнээс болж өнөөдөр ийм байдалд хүрчээ гэж дүгнэлт хийж сууна. Уг нь УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр мэргэжлийн дөрвөн багшийг сургаж өгөхөөр болсон. Сургах явцад нөгөөдүүл нь замаасаа орхиод алга болсон юм билээ. Иймээс энэ асуудалд анхаарч байгаа. Уран бүтээлийн бодлого, мэргэжлийн  уран бүтээлч, хүний  нөөцийн бодлого гэж байна. Манай чуулга ардын харилцаа дуугаар брэнд болсон мэргэжлийн урлагийн хамт олон. “Бээжин лам”, “Сумъяа ноён” –ыг тоглож байсан Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Гочоосүрэн, Урлагийн гавьяат зүтгэлтэн Норсонжав, Аюуш гээд олон сайхан алдартан ардын харилцаа дууны өвийг  бий болгосон. Ардын харилцаа дуу, дуулалт жүжгээр манай хамт олон Монголдоо брэнд. Улсын ардын дуу бүжгийн чуулгын урын санд манай бүтээлүүд багтдаг байсан. Монгол Улсын таван гавьяат “Алтай чуулгын тайзнаас төрөн гарсан түүхтэй.

-Чуулга шинэ байранд оржээ. Хэзээ ийм өөрчлөлт хийв?

-Манай чуулга 2016 онд шинэ байртай болсон. Баруун таван аймагт байхгүй шинэ барилга шүү. Энэ байрны үүдийг анх 1995-1996 онд УИХ-ын гишүүн байсан Т.Очирхүү улсын төсөвт суулгаж, ажлын эхлэлийг тавьсан юм. Түүнийг нь энэ тойргоос гарсан үе үеийн УИХ-ын гишүүд, аймаг, орон нутгийн удирдлагууд хөөцөлдсөөр 2016 онд ашиглалтад оруулсан. Нэгэнт шинэ байртай болсных одоо уран бүтээлийн сааль сүү арвин хүртээмжтэй байх ёстой гэсэн зорилгыг бид тавьж, ажиллаж байна. Энэ оны сүүлээр Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа мэргэжлийн ардын дуу, бүжгийн чуулгуудын уулзалт, чуулган   манай  аймагт болно. Монголын урлагийн ажилтны холбоо, БСШУС-ын яамны холбогдох  газрууд, соёл урлагийн агентлагууд хамтран зохион байгуулна. Том арга хэмжээ  болох  учраас одооноос бэлтгэж эхлээд  байна.

-Одоо асуултаа жаахан өөрчлөөд өөр рүү чинь хандсан асуултуудаар яриагаа үргэлжлүүлье. Та “Алтай” чуулгатай амьдрал, уран бүтээлээ анх холбосон  дурсамжаас хуучлаач?

-Би 1981 онд 21 настай залуу “Алтай” чуулгад анх дагалдан дуучнаар  орж, 16 жил уран бүтээлээ хийсэн. 2003 онд Улаанбаатар хотноо шилжин суурьшиж, чөлөөт уран бүтээлчээр ажиллаж байгаад 13 жилийн дараа төрөлх нутагтаа, өөрийн өсч өндийсөн “Алтай” чуулгынхаа алтан тайзнаа, чуулгын даргаар ирээд ажиллаж байна даа.

-Зорилго бол асуултгүй, тодорхой юм байна даа, тийм ээ?

- Тэгэлгүй яахав, түрүүнд  танд хэллээ, дахиад  хэлэхэд “Алтай” чуулгаа яаж өнгөтэй, өөдтэй байлгах вэ, өмнөх замнал, хуучин тэр сайхан нэр алдрыг нь сэргээе, уран бүтээлийг нь олон түмэнд таниулъя, уран бүтээлчдээ ард түмэнд таниулж гаргаж ирье гэсэн эрхэм зорилгыг өөртөө төдийгүй, хамт олныхоо өмнө тавьсан. Ингэж  зорьж, Улаанбаатарт  байгаа амьдрал ахуйгаа, ажлын, уран бүтээлийн сайхан саналуудаа, хөрөнгө оруулалтаа, хамтын ажиллагаа гээд бүгдийг хойш тавьж, нутгаа зорьж ирж байгаа миний нутаг амь, нутаг сэтгэлийн илрэл энэ. Ирээдүйд сайхан болно гэж найдаж байна. Хэрэгжүүлэх ажил их байна. Ялангуяа уран бүтээлчдийн оюун санааг цэгцлэх, сайжруулах, гэгээрүүлэх хэрэгтэй. Юм үзүүлж нүд тайлуулах учиртай.  Нөгөө суусан цэцнээс явсан тэнэг дээр гэгч үг их үнэн юм. Тиймээс өөрийн гэсэн урын сантай, уран бүтээлийн бодлоготой байхгүй бол Улаанбаатарт ямар дуу хит болж байна, тэр дуучны хөдөлмөр, цаг хугацаа, мөнгөө зарж олны хүртээл болгосон дууг дууриаж дуулчихаад дуучин гэвэл утгагүй шүү дээ. Иймээс энд бодлоготой хандах, ийм сэтгэхүйг өөрчлөхийн төлөө ажиллана. Хэн хөдөлмөрлөсөн нь амжилтад хүрдэгийг ойлгуулахын төлөө анхаарч байна. Уран бүтээлийнхээ бодлогод л их анхаарч байна даа.

-Өөрийн чинь тухай асууж байхад та ер нь чуулгынхаа, хамт олныхоо тухай л яриад байх юм. Арга ч үгүй биз. Тэгэхээр дахиад асууя, та бас өөрийн гэсэн фенүүдтэй уран бүтээлч шүү дээ, хувь уран бүтээлчийн тухайд шинэ бүтээл туурвих тал дээр бодож байна уу, шинэ цомог гаргах уу, шинээр дууны сайхан бүтээл хийхгүй юм уу. Фенүүд чинь хүлээж байгаа даа?

-Тэр талын ажил нэлээд хоцрогдлоо. 2008 оноос хойш би өөр ажилд зүтгээд уран бүтээлээ хойш тавиад байлаа. Бас мэдээллийн “Гараг.мн” сайт ажиллуулж зав чөлөө муутайхан байсан. Өмнөө тавьсан зорилгоо биелүүлж, чуулгынхаа ажлыг  цэгцэлсний дараа уран бүтээлээ орхилгүй бага сага юм хийх санаа бий. Бодож санаж яваа, төлөвлөж байгаа ажлууд ч байна. Түүнийгээ ямар ч байсан хийнэ.

Алтайчууддаа сайхан бүтээлүүд хүргэнэ. Улаанбаатарчууддаа  2018 онд “Алтай” чуулгынхаа уран бүтээлийг хүргэх санаа бий. Чуулгынхаа теле зохиомжит сайхан концертыг хийх сэн гэж их бодож байгаа. Бодож яваа ажил маш их байна, биелүүлнэ дээ. Уран бүтээлчдийнхээ нийгмийн асуудлыг шийдсэн, уран бүтээл оргилсон, буцалсан ийм сайхан өргөө болгохын төлөө  “Алтай” чуулгынхаа өмнөөс хийх ажил их байнаа.

Гэр бүлийн хамт


-Та бол Алтай нутгийн унаган хүү байх. Хэр олуулаа вэ?

- Аав, ээж минь энэ нутгийн уугуулууд. Ханилж суугаад  дөрвөн хүү, зургаан охин төрүүлж өсгөсний дээрээсээ гурав дахь нь би. Одоо бид есүүлээ байна даа, миний дараагийн дүү бурхан болсон. Биднийг багад аав минь малын эмч болохоор гэрийн бараа харахгүй, тэмээндээ эм, тариа дүүргэсэн богцоо тохож аваад сараар алга болно. Бүх ар талыг ээж минь дааж, гадаа гарч эр, эгрт орж эм болж хэдэн хүүхдээ гэж ирсэн дээ. Тэр үед аймаг, сумын удирдлагаас аавыг томилолтоор яв гэсэн газарт нь манайх нүүж сууж явсан. Ингэхдээ Говь-Алтайн Халиун сумын Сүүж бригадад нэлээд удсан юм болов уу. Сүүж бригадынхан миний ээж, аавын тухай арвин дурсамж ярьдаг юм. 1985 онд аав минь тэнд бурхан болсон. Ааваас хойш ээж минь мөн тэндээ байж байгаад 2002 онд өөд болсон. Тэр нутгийн газар шороонд шингэх учиртай байж дээ, хоёр буурал минь.

-Арван хүүхэд төрүүлж, өсгөнө гэдэг амаргүй байх. Айлын том хүүгийн хувьд ээж, аавдаа хэр тус дэм болж байв?

-Би боддог юм, ээж минь арван хүүхэд төрүүлж өсгөсөн гэхээр наанадаж 30 жил нойр хоолоо хассан даа гэж. Хоорондоо хоёр насны зөрүүтэй гэж бодоход тэр хүнд цаг үед яажшуу болгож байсан юм бол гэж ээжийгээ өрөвддөг. Ээж минь өөд болтлоо л хүүхэд “маллаж” байгаад бурхан болсон байх. Дүү нарын хүүхдүүд, ач зээ нараа өсгөсөн. Хоёр хөл нь маажийчихаад гартаа нэгийг нь хөтөлж, араасаа нөгөөг нь зүүгдүүлчихсэн явж байдаг сан. Тэгээд би дүү нартаа “Та нарыг өсгөх гэж ээж минь зөндөө зовсон. Одоо та нар хүүхдүүдээ өсгүүлэх гэж зовоож байна, юу болж байна аа” гэж зэмлэдэг байлаа. Тиймээс ээжийгээ бага зовоохсон гэхдээ би хоёр охиноо харуулаагүй. Багадаа ээжийгээ зовоосон ч ухаан орсон цагаас ээждээ дэм тус болохыг хичээсэн. Гуравдугаар ангиасаа хажуу айлынхаа хүүхдийг зуны гурван сар харж, хичээл эхлэхийн өмнө цалингаа аваад хичээлийн хэрэглэлээ авахуулдаг байлаа. 5-6 дугаар ангид байхдаа аавтайгаа хөдөөгүүр малын тарилга, туулгалтын ажилд хамт явж, хичээлийн хэрэглэлийнхээ өртөгийг олдог байсан. Тэр нь тухайн үеийн ханшаар 100 төгрөг, хоолны мөнгө суутгахаар гар дээр 75 төгрөг л ирнэ. Цалингаа жаахан чамлаад долдугаар анги төгссөн жилээ ээжтэйгээ хамт сумын барилга дээр зуны гурван сар ажиллаж 135 төгрөг авч байлаа. Тэр мөнгөөр ээж минь олон хүүхдийнхээ идэх уух, өмсөх зүүхийг бэлдэж байсан байлгүй. Харин сүүлд аймгаас нэгдэл дундын барилгачид ирэхэд хамт ажиллаад 250 төгрөгийн цалин авсан маань их мөнгө санагдаж, талыг нь ээждээ өгчихөөд сээгий малгай авч өмсч гангарч байсан юм даг. Удалгүй цэрэгт авсан. Ирээд Говь-Алтай аймгийн “Алтай” чуулгад 250 төгрөгийн цалинтай дагалдан дуучнаар ажилд орсон. Тоглолтоор аймгуудаар их явна, авсан цалингаараа өөрийгөө болгоод зогсохгүй дүү нартаа илүүчилнэ. Эр хүн гэсэндээ бас алсын бодолтой, айл гэр болох гэж хавтастай толь, данх савнаас эхлээд ойр зуурын юм цуглуулж явлаа. Аль болох аав, ээждээ нэрмээс болохгүйг хичээж яваад өдий зэрэгт хүрсэн. Ер нь аав ажил албандаа анхаарч, ээж минь ар талаа дааж явсан болохоор бид эрт биеэ дааж өөр өөрдсийн замаар явж ирсэн дээ. Ихэнх нь нутагтаа ажиллаж, амьдарч байгаа.

-Цаг зав гарган ярилцсан танд баярлалаа. Уран бүтээлийн амжилт хүсье.


 

Эх сурвалж: polit.m

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зөгий 2017-05-05 11:13:28
    цагтаа хонгорзулын энхбат гээд овог шигээ болсон сайхан дуутай хүн, сүүлийн үед чимээгүй болсон байсан. танд амжилт хүсье
  • Mundag zaluu baina 2017-04-22 16:57:18
    sain baina. Iim humuus l Mongolyg min hugjuulne dee. Harin tur zasag n jaahan demjeed uguh heregtei dee.